Open iToim app
Зочин | 7 мин уншина

'The Voice of Mongolia' шоуны шилдэг оролцогч Б.Оюу: Отгонбаяр шүүгчийг сонгосон онцгой шалтгаан бий

'The Voice of Mongolia' шоуны шилдэг оролцогч Б.Оюу: Отгонбаяр шүүгчийг сонгосон онцгой шалтгаан бий
Нийтэлсэн 2020 оны 6 сарын 23
“The Voice of Mongolia” шоуны хоёрдугаар улирлын шилдэг оролцогч Б.Оюутай ярилцлаа.
-“The Voice of Mongolia” шоуны шилдэг хоёрт үлдсэнд баяр хүргэе. Маш хүчтэй, чадварлаг хоолойтой шүү дээ. Оюу мэргэжлийн дуучин уу?
-Би мэргэжлийн дуучин биш. Арван жилээ Хөгжим бүжгийн коллежид ятгын мэргэжлээр төгссөн. Харин их сургуулиа “Идэр” дээд сургуульд маркетингийн менежерээр төгссөн. Би дуу хөгжимд маш хайртай, дуулах дуртай учраас дуучин болохоор шийдээд багагүй хугацаа өнгөрсөн байна. 
-Дуулах гараагаа  хэзээ, хэрхэн эхлүүлж байсан вэ?
-Ер нь багаасаа л дуулах дуртай, дуу бүжгийн сонирхол ихтэй хүүхэд байсан. Яг тайзан дээр гараад дуулж эхэлсэн үе бол 2008 он. Тэр үеэс эхлэн жижгээс эхлээд том, том тайзан дээр гарч дуулж их зүйл суралцаад л явж байна.
-Мэргэжлийн дуучин биш хэрнээ маш чадварлаг дуулж, олны талархлыг хүртсэн. Гэр бүлд нь дуулдаг хүн байдаг уу?
-Манай аавын ээж буюу эмээ минь уртын дуу дуулдаг байсан. Манай удамд яг алдар цуутай дуучин байсан эсэхийг би сайн мэдэхгүй байна. Яг ургийн бичгээ судалбал дуулдаг хүн байсан гэж ярьдаг. Харин энэ цаг үед хамаатнуудаасаа ганцаараа урлагийн зам хөөгөөд явж байна.
Би өөрийгөө дуулах авьяастай гэдгээ мэдсэн цагаас хойш өөрөө өөртөө багшилж, өөрийгөө хөгжүүлж явж байсан. Яг мэргэжлийн зүйлсийг надад зааж өгч тусалсан хүн бол Оюунгэрэл гээд маш мундаг эмэгтэй байгаа. Оюунгэрэл эгч бол манай багийн дуулалт болон хөгжмийн найруулал дээр ажилладаг маш мундаг төгөлдөр хуурч. Би энэ хүнтэй таарснаас хойш дуулах ур чадвар дээрээ илүү сайжирч маш их зүйлийг сурсаар байгаа.
-Дэлхийн хэмжээний том шоунд оролцоход нөлөөлсөн зүйл юу вэ?
-Анх орохгүй гэж бодож байсан. Тэр үед надад маш олон хүн “тэнэг хүн л боломжийг алддаг юм шүү, дуучин хүн бүр энэ том шоунд орохыг хүсдэг битгий боломжийг алд” гэж хэлж байсан. Тэгээд л боломж гэж бодож шоунд орох шийдвэрээ гэнэт гаргасан. Мөн тухайн үед шийдвэр гаргахад маш их нөлөөлсөн хүн бол миний найз Санчир. Надад урам зориг өгч энэ шоунд оролцох бол эрч хүчийг өгч байсан учраас би оролцож өдий хүртэл явсан.
Хүмүүсийн “шоу хэслээ” гэх ярианаас эхэндээ би айсан. Тэгэхдээ хүн хэзээ ч ямар нэгэн шоугаар өөрийн хүсэл мөрөөдлийг бусдын үгээр хязгаарлах ёсгүй. Энэ шоу бол миний хувьд маш том боломж гэж бодон нэг өглөө шийдвэрээ гаргасан. Энэ шоунд орсон байхад надаас юу унахгүй харин ч маш олон зүйлсийг сурч мэдэж авах байдал нь илүү давуу. Тиймээс бусдын үгээр өөрийн хүсэл мөрөөдлөө хязгаарлахыг хүсээгүй.
undefined
-“The Voice of Mongolia” шоунд оролцсоноор ямар боломжуудыг олж авсан бэ?
-Миний хувьд энэ шоунд орсноос хойш маш олон найз нөхөд, ах эгч, хамт олонтой болж байна. Мөн олон хүмүүстэй ажиллаж хариуцлага гэдэг зүйлийг маш сайн  сурсан. Зөвхөн ганцаараа хичээж урагшлах биш харин бусдыг хайрлаж, хүндэлж багаараа нэг зүйлийн төлөө нэгдэж чадвал илүү амжилтад хүрдэг юм байна гэдийг ойлгож авсан.
Түүнчлэн би өөрөө өөрийнхөө дууг зохиогоод дуулах боломжтой гэдгийг өөртөө нотолж өгсөн. Тиймээс энэ шоу миний хувьд өөрийгөө илүү олон талаас сорьж ухааруулсан тэмцээн байлаа. Хамгийн гол нь би өөрийнхөө уран бүтээлийг өөрөө туурвиж явах хүн юм байна гэдгийг олж авсан.
-Монгол дууны шатанд “Буцааж нэхэхгүй хайр” дууг дуулахад маш олон хүн ээжийгээ бодож ухаарсан гэдэгт итгэлтэй байна. Тухайн үед уйлах гээд хэцүү байх шиг байсан. Маш хүнд дууг мэргэжлийн төвшинд дуулсан санагдсан.
-“Буцааж нэхэхгүй хайр” дууг дуулаад зурагтаар цацагдсаны дараа миний инстаграм хандалт огцом өссөн. Тэгээд ороод харсан чинь дийлэнх нь 25-35 насны эмэгтэй хүмүүс байсан. Ингээд бодохоор би энэ дуугаараа үе тэнгийнхээ ганц бие ээжүүд, амьдралын хүнд ачааг ганцаараа нуруун дээрээ үүрч яваа эмэгтэй хүмүүст, ээждээ хайртай гээд хэлж чадалгүй яваа хүн бүрт ээжийгээ хайрлаж яваарай гэсэн маш том ухаарлыг өгөхийг хүссэн. Энэ дууг дуулахад миний хувьд сэтгэл зүйн маш том золиосыг гаргасан. Ээжийгээ өмнөө суулгачхаад дөнгөж охинтойгоо уулзаж байсан тэр үеийн мэдрэмжийг одоо ч ярихад хоолой зангирдаг. Дуугаа дуулж байх үед үзүүлбэрээ гоё үзүүлэх юмсан гэж бодсон ч ээжийгээ хараад өөрийн эрхгүй хоолой зангирч байсан. Яг л тийм нандин сэтгэгдэлтэй дуулсан болохоор энэ дуу хүмүүст их хүрсэн.
Энэ дууг дуулахын тулд нэг сарын хугацаанд бэлдсэн. Бэлтгэлийн үеэр дуулах бүрдээ уйлдаг байсан. Бараг сар уйлсан байх. Ер нь энэ дууг дахиж амилуулсандаа маш их баяртай байгаа. Дахиж хэрвээ энэ дууг дуул гэвэл сэтгэл хөдлөлөө яаж давж гарахаа ч мэдэхгүй байна.

-Таны хувьд өмнө нь “Авьяаслаг монголчууд” шоунд оролцож байсан учраас хүмүүс шоу хэслээ гээд яриад байгаа. Тэгэхээр таны оролцож байсан шоунуудаас энэ удаагийнх юугаараа онцлог байна вэ?
-Би өмнө нь “Авьяаслаг монголчууд”-д оролцож байсан болохоор “шоу хэслээ” гэх яриа гарсан байх. Миний хувьд тийм олон шоу тэмцээнүүдэд оролцож байгаагүй. “Авьяаслаг монголчууд”-д оролцох үед миний үзүүлбэр их хандалт сайтай явсан болохоор хүмүүс намайг мэдээд тэгсэн байсан байх. “Авьяаслаг монголчууд”-ын хувьд маш олон төрлийн авьяастай хүмүүсийн оролцог шоу, зөвхөн дуулалт тал дээр биш. Харин “Voice” шоу бол дээр хэлсэнчлэн дуулах дуртай, дуучин хүн бүрийн ороод чадал чансаагаа сорих хамгийн том даваа.
 “Авьяаслаг монголчууд”болон “The Voice of Mongolia” хоёрын хувьд асар том ялгаанууд байгаа ч хоёрлуу гоё контентууд. Тэгэхдээ миний хувьд хамгийн их өөрийгөө олж нээсэн, бусдад өөрийгөө ямар төвшинд байгааг шалгуулсан даваа бол “The Voice of Mongolia” шоу байсан.
undefined
undefined
-Бусад оролцогчдыг бодвол гэр бүлтэй, цаг зав багатай оролцогч. Гэвч ганц ч удаа бэлтгэлээ тасалж байгаагүй гэсэн. Тэгэхээр шоуны үед цаг заваа хэрхэн зохицуулж явсан бэ?  
-Эхний ээлжид сарын зайтай явж байсан учраас гэр бүлдээ цаг гаргаад ээж, эхнэрийн үүргээ сайн гүйцэтгээд явж байсан. Тэр үед нөхөр болон аав ээж нартаа “Одоо тэмцчих юм бол цаашдаа долоо долоо хоногийн зайтай дараагийн шатандаа шахуу бэлдэнэ. Тэгэхээр гэр бүлийнхэндээ гаргах цаг зав байхгүй болно” гээд ярилцсан. Тэгээд манай гэр бүлийнхэн намайг ойлгоод миний охиныг надаас дутахааргүй бөмбийлгөж бөөцийлж харсан. Урьдчилаад ярилцсан байсан учир ар гэр, хүүхэддээ санаа зоволгүй тэмцээндээ бэлдсэн. Тиймдээ ч тэмцээнээ амжилттай даваад энэ хүрсэн.
-Хамгийн эхний шатанд дөрвөн шүүгч эргэж харсан. Яагаад Отгонбаяр шүүгчийг сонгосон вэ?
-Тухайн үед бүх шүүгчид эргэж хараад надад санал тавьж байхад маш их эргэлзэж байсан. Яагаад Отгонбаяр шүүгчийг сонгосон бэ гэхээр би баруун тийшээ харах гэхээр яагаад ч юм Отгонбаяр шүүгчийн сууж байсан зүг рүү татагдаад байсан. Тэр үед Отгонбаяр шүүгч бусад гурван шүүгчээс хамгийн онцгойрч харагдсан тэгээд л сонгосон. Түүнчлэн “Хурд” хамтлаг болон Отгонбаяр ахын зохиосон дуунуудад маш их дуртай шүтэж явдаг учир сонгосон. Мөн амьд хөгжимд хэтэрхий их хайртай хүний хувьд яалтчгүй миний сонголт Отгонбаяр шүүгч дээр буусан.
-Сүүлийн шатанд “Гэрэлт хайр” гэх дууг дуулсан. Энэхүү дуу таны анхны уран бүтээл үү?
-Тийм ээ, дуулж хүргэснээрээ миний хамгийн анхны уран бүтээл. Отгонбаяр шүүгчийн анх удаа надад зориулж зохиож өгсөн дууг шууд “The Voice of Mongolia” тайзан дээр бусдад хүргэж чадсандаа маш их баяртай байгаа.
Харин өөрийн зохиосон уран бүтээлүүд гэвэл байгаа. Олон нийтэд цацагдаагүй дуунууд байдаг. Тэгэхдээ тэдгээр дуунуудын цацагдах цаг нь болоогүй учир урын сандаа хадгалаад үлддэг. Дууныхаа аяыг өөрөө зохиодог заримдаа нөхөр болон найзуудаасаа тусламж авдаг. Харин дууны үгийг ганц, хоёр дуун дээр өөрөө бичих гэж оролдсон. Бусдыг нь өөр хүмүүсээс гуйдаг.
-Тэгвэл хэзээ өөрийн зохиосон дуугаа олон нийтэд хүргэнэ гэж бодож байгаа вэ. Тийм төлөвлөгөө байгаа юу?
-Үзэгчид миний дууг сонсох их хүлээлттэй байгаа байх. Тиймээс шинэ уран бүтээлийн талаар Отгонбаяр дасгалжуулагчтайгаа ярилцаж байгаа. Ерөнхийдөө гурав юм уу дөрвөн сарын дараа шинэ дуунууд цацагдаад эхэлнэ.
undefined
-Шилдэг хоёрт  орсон үеийн сэтгэгдэл ямар байсан вэ?
-Тухай мөчид би тайзан дээр байхдаа хэлсэн л дээ “Энэ бол миний хувьд ялалт. Хэн нэгний урд гарч, заавал нэгт орж байж дуучин болно гэсэн хууль байхгүй. Хүн бүр өөр өөрийнхөө өрсөлдөгч нь байдаг. Тиймээс өөрийгөө ялан дийлсэн тэр үед чи ялагч” гэж хэлж байсан. Мөн тухай мөчид би шинэ дуугаа үзэгч нартаа хүргэж чадвал энэ миний ялалт гэж бодож байсан. Дуугаа хүргэж чадсан учраас тэр мөч бол миний хувьд ялалт байсан.
Түүнчлэн мундаг дуучин Ядамыгаа ялагч болсонд нь би маш их баяртай байгаа. Энэ ташрамд Ядамдаа баяр хүргэе. Ядам бол үнэхээр гайхалтай хоолойтой, би түүний фэн нь болсон байгаа.
-Хөл хорионы энэ үед дэлхийн хэмжээний шоуг зохион байгуулсан. Тэмцээний үед оролцогч бүр өөр өөрийн микрофон,чихэвчтэй байсан гэсэн.  Халдвар хамгаалалт хэр байсан вэ?
-“The Voice of Mongolia” шоуны хоёрдугаар шат яг коронавирусийн ид дэгдэлтийн үетэй давхацсан. Тэр үед Онцгой комисс ирж ажиллан хүн бүрийг метрийн зайтай зогсох газруудыг нь тэмдэглэж, очих бүрт асуулга авч, хоёр цаг тутамд халуунаа шалгуулж халдвар хамгаалалтыг маш сайн сахидаг байсан.
Мөн оролцогч бүр өөр өөрийн гэсэн микрофон, чихэвч, нүүр будгийн хэрэгсэл гэх мэт нарийн чимхлүүр бүхэн  оролцогч тус бүрт зориулагдсан байсан. Тэнд бидэнд хэрэглэгдэж байгаа бүхий л зүйл нарийн ажиллагаа доор явагдаж байсан учраас ямар ч айдасгүйгээр тэмцээнээ дуусгасан.
-Цаашдын зорилго юу вэ. Нууц биш бол сонирхуулна уу?
-Мэдээж цаашдаа Отгонбаяр дасгалжуулагчтайгаа хамтран шинэ уран бүтээл гаргах төлөвлөгөө зорилгууд гаргасан байгаа. Удахгүй “Хурд” хамтлагийн хамгийн хит болсон зургаан дуугаа симфони найруулгатайгаар цомог гаргах талаар ах нартайгаа ярилцсан байгаа. Энэ завшааныг тохиолдуулан “Хурд” хамтлагийн ах нартаа болон Отгонбаяр ахдаа маш их талархаж, хайртай шүү гэж  хэлмээр байна. Мөн үлдсэн гурван шүүгчдэдээ тэдний багийн бүх оролцогч нартаа хайртай шүү. Мөн Монгол телевизийн баг хамт олондоо баярлалаа. Та нар бол хамгийн хүчтэй, хамгийн хөдөлмөрч баг хамт олон шүү.
undefined
-Ярилцсанд баярлалаа.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн