АТГ-аас нүүрсний хэрэгт шалгаж байгаа нэр бүхий 17 хүнийг зарлалаа. Зарласан нэрс дунд Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга болон түүний Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, Ө.Шижир нар багтсан. Мөн өнөөгийн УИХ-ын гишүүдээс долоон хүн, МАН-ын зарим гишүүд, Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн үе үеийн удирдлагууд холбогджээ. АТГ-аас зарласан нэрсэд багтсан эрхмүүд ээлж дараалан сошиалд "Би хулгайч биш", "нүүрс зөөж биш түлж л үзлээ" зэргээр байр сууриа илэрхийлсээр байна.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан Ө.Шижир: Нүүрс түлж үзсэнээс нүүрс тээвэрлэж явсангүй
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд: Нүүрсний хулгайчаар зарлагджээ. Дуудаж муудахаа болиод ингээд яллачихдаг болсон юм байх даа. Яг юунд буруутгаж байгаа юм бол.
УИХ-ын гишүүн Н.Наранбаатар: Надад хийсэн бусармаг зүйл байхгүй
УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд: Гэнэт нэг өдөр өөрөө ч мэдэлгүй нүүрсний хэрэг хийсэн гэж нэр зарлагдах юм. Өөр юм олдоогүй юм байх даа. Үнэн худлыг цаг хугацаа дэнслэх биздээ.
Өмнөговь аймгийн МАН-ын дарга Х.Мандахбаяр: Нүүрсний хулгайтай холбоотой ямар ч асуудалд оролцоогүй
Хууль хяналтын байгууллага зөвхөн эхний шалгалтын үр дүнгээр тогтоогдсон 17 хүний нэрийг зарласан гэдгээ мэдэгдсэн. Цаана нь мөн нэр бүхий УИХ-ын гишүүд, улс төрд нөлөө бүхий хүмүүсийн хамааралтай хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа аж. Хуулийн байгууллага эхнээс нь холбогдолтойг нь тогтоосон байхад дээрх эрхмүүд нүүрстэй огт холбоогүй мэтээр мэлзсэн тайлбар хийв.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: Тавантолгой хаана байдгийг ч би мэдэхгүй
-Нүүрсний хулгайн гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн нэрийг зарлаж, тэр дунд миний нэр байсныг фэйсбүүкээс олж харлаа. Монгол Улсад далд эдийн засаг асар их хэмжээтэй байна. Үүнийгээ цэгцлээчээ гэдгээр анх шүгэл үлээсэн хүн нь би. Энэ далд эдийн засагт нүүрсний хулгай явж байгаа. Нүүрсний хулгай яагаад гарсан, юунаас болж гарсан талаар тодорхой байр суурь илэрхийлж ирсэн. Гэтэл өнөөдөр нүүрсний хулгайч болчлоо. Тавантолгой гэдэг газар хаана байдгийг би мэдэхгүй. Оффис нь ч хаана байдаг юм, мэдэхгүй. Миний ХОМ дээр байгаа, би нефтийн компани л хувьцаа эзэмшдэг. "Тэс петролиум" компанид л хувь эзэмшдэг. Өмнөговь аймгийн Цогтцэций суманд шатахуун түгээх станц, агуулах бий. Тэднээсээ хувийн компаниудтай гэрээ хийж, шатахуун худалддаг. Өөр надад ямар ч бизнес байхгүй. Яагаад миний нэрийг зарласан юм бол, гайхаж байна. Намайг дуугүй болгоно гэж бодож байгаа бол бүтэхгүй. Би хулгайтай тэмцэнэ. Нүүрсний хулгай бол гаарсан. Монгол Улс хилтэй юм уу, гаальтай юм уу. Ийм л болчихсон байгаа. 18 машин 6000 удаа хил гараад явсныг шүүмжилсэн. Үүний төлөө надад хэрэг тохох гэж байгаа юм уу. АТГ энэ мэдээллээ нотлох ёстой байх. Сонгогчдодоо хандаж хэлэхэд, надад нэг машин, нэг портер нүүрс гаргасныг нотолж чадвал ямар ч хариуцлагыг хүлээхэд бэлэн. Андуурсан байх, залруулга гаргах байх гэж найдаж байна.
УИХ-ын гишүүн Ц.Анандбазар: Би долдугаар ангиасаа хойш нүүрстэй хутгалдаж үзээгүй
-Нүүрсний хулгайг илрүүлэх Ажлын хэсгийн гишүүдийн нэг нь би. Ажлын хэсэг ажлаа хийж дуусаагүй байхад сөрөг пиар цацаж байгаа нь Ажлын хэсгийг ажлуулахгүй гэсэн нүүрсний хулгайчдын ажиллагаа байна гэж бид үзэж байна. Миний бие нүүрсний компаний нэг ч хувьцаа эзэмшдэггүй, нэг ширхэг ч уурхайн лиценз байхгүй. Манай групп бол уул уурхай эрхлэхгүй, алт ухахгүй, архи үйлдвэрлэхгүй зорилготой ажилладаг. Өнөөдөр Монголын ард түмний боломжийг хулгайлсан хулгайч нар амь тавих дөхөөд, бүх зүйл нь илрээд ирэнгүүт огт оролцдоггүй гишүүдийг нэрийг оролцуулж, хулгайгаа алга болгох гэж оролдож байна. Булган аймагт нүүрсний уурхай байхгүй гэдгийгбүгд мэдэж байгаа. Би долдугаар ангид байхдаа гэртээ нүүрс оруулж ирснээ санадаг. Тэрнээс хойш нүүрс хутгалдаж үзээгүй. Хүрз нүүрс гаргаж үзээгүй хүнийг нүүрсний хулгайд сэрдэнэ гэдэг бол өөрсдийн мөрөө баллуурдах ажил гэж харж байна. Ийм увайгүй юм хийж байгаа хүмүүс удахгүй тодорно. Мөн АТГ асуудалд маш хөнгөн хандлаа. Маргааш АТГ-ын дарга нартай уулзаж, асуудал тавина. Сод Монгол групп болон түүний охин компани нэг чиргүүл явуулсан байвал бид хариуцлага хүлээхэд бэлэн байна. УИХ-ын нүүрстэй огт холбогдолгүй гишүүдийг нэрлэсэн нь маш их анхаарал татаж байна. Санаатайгаар ард түмний дүргүйцэл дээр дөрөөлж, өөрсдийн зам мөрөө баллах гэж байна.