Open iToim app
Үйл явдал | 2 мин уншина

Л.Халтар: Богд хан төслийн хүрээнд Мандал өртөөнөөс Мааньт өртөө хүртэл төмөр зам тавина

Л.Халтар: Богд хан төслийн хүрээнд Мандал өртөөнөөс Мааньт өртөө хүртэл төмөр зам тавина
Нийтэлсэн 2021 оны 5 сарын 19
Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанаар нийслэлийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцэж байна. Энэ үеэр нийслэл хотын түгжрэлийг бууруулахад ач холбогдолтой гэгдэх Богд Хан төмөр замын төслийн талаар Зам тээврийн сайд Л.Халтар мэдээлэл өглөө.
Тэрээр “Богд Хан төмөр зам нь Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, хотын дэд бүтцийг дагасан дагуул суурьшлын бүсийг бий болгоход гол чиглэгдсэн ажил юм. Одоогийн байдлаар нийт 175 орчим км төмөр зам яригдаж байна. Үүнээс 135,8 км төмөр замыг шинээр барих бол одоо байх 39 орчим км төмөр замыг сайжруулах чиглэлээр техникийн шийдлийг гаргахаар ажиллаж байна. Өнгөрсөн өвөл Зам тээврийн хөгжлийн яам холбогдох яамдтай хамтран хоёр хувилбартай трассыг гаргасан. Ингээд Мандал өртөөнөөс Мааньт өртөө 174,8 км замыг барихаар төлөвлөж байна. Энэ зам нь 7,5 – 9,1 гэсэн хоёр урт туннельтэй мөн зургаан км урт гүүр, хиймэл байгууламжтай байх юм. Түүнчлэн төмөр замын гол үзүүлэлт болох замын хэвгий, тахирын радиус зэрэг өмнөх төмөр замын хэсгүүдтэй харьцуулахад харьцангуй сайжирснаараа онцлог байна.
Богд Хан төмөр зам ашиглалтад орсны дараа:
-Улаанбаатар болон бусад төвүүдийн хооронд явах зорчигч галт тэрэг, дулааны болон цахилгаан станцын зориулалттай нүүрсний тээвэр голчилж хийгдэнэ. Харин бусад ачаа Богд Хан төмөр замаар тээвэрлэгдэх бүрэн бололцоотой. Бидний тооцооллоор энэ үед дунджаар галт тэрэгний хөдөлгөөнөөс болж машины замыг хаах хугацааг 57 хувь бууруулах буюу 144 минутыг 62 минут болгон багасгах юм.
-Нефть бааз, худалдааны төв, зах, тээвэр логистикийн төвүүд гээд яг хотын голд олон дэд бүтцүүд бий. Үүнийг Богд Хан төмөр замын трассын дагуу Хөшигийн Хөндийн логистикийн төвийг түшиглэж үе шаттайгаар гаргана гэсэн тооцоо гарч ирсэн. Ингэхээр Улаанбаатар хот руу чиглэсэн галт тэрэгний хөдөлгөөний тоо 15-20 орчим хувиар буурах тооцоотой. Мөн үүнтэй холбоотой том оврын авто машин тээвэр хийх хөдөлгөөн энэ хэмжээгээр буурах болно” гэлээ.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн