Open iToim app
Монгол хүний заавал үзэх шашны дурсгалт газрууд
Таны сонорт | 5 мин уншина

Монгол хүний заавал үзэх шашны дурсгалт газрууд

Нийтэлсэн 2018 оны 6 сарын 21
Энэ зуны амралтаараа хаашаа аялж, ямар газар үзэхээ шийдэж хараахан амжаагүй байгаа бол танд дараах мэдээллийг санал болгож байна. Улаанбаатар хотоос холгүй байрлах эртний түүхтэй, шашны дурсгалт газруудыг танилцуулж байна.
 Амарбаясгалант хийд
Сэлэнгэ аймгийн Бүрэнхаан уулын өвөрт Ивэн голын эхэнд байдаг. Улаанбаатар хотоос 97 км зайтай. Монголын анхдугаар Богд Г.Занабазарын үйлс, эрдэм билэг, авьяас, ур ухааныг сүсэглэн дээдэлж, түүнд зориулсан хийдийг бариулахаар 1725 онд Манжийн эзэн Энх-Амгалан зарлигаар улсын сангаас 10 түмэн лан мөнгө гаргаж, 1726 онд барилгын ажлыг эхэлсэн байна. Монголын олон уран дархчуул тоосго мод ашиглан бүтэн 10 жил барьж, 1737 онд дуусгажээ. Амарбаясгалан гэдэг нь Монгол нэр бөгөөд анх энэхүү хийдэг байгуулахаар хэсэг лам нар газар шинжиж явахдаа тус хийд байрлаж байгаа газарт эрэгтэй, эмэгтэй хоёр хүүхэд чулуугаар гэр барин тоглож байсантай тааралджээ. Тэр хоёр хүүхдийн нэр нь Амар, Баясгалант гэдэг байжээ. Эцэст нь энэ хоёр хүүхдийн нэрийг нийлүүлж Амарбаясгалант хийд гэж нэрлэжээ. 
Амарбаясгалант хийдийн өвөрмөц хийцтэй дугангууд нь Монголдоо төдийгүй Азид хосгүй гоёмсог уран барилга юм. Хийдийн бурхан, дугангууд хийж нь дэлхийд гайхагддаг байна. 
Балданбэрээвэн хийд
Хэнтийн аймгийн Өмнөдэлгэр сумын Баянзүрх багийн нутагт Мөнх-Өлзийт уулын өвөрт 1777 онд Цэвээндорж гэдэг монгол лам анх жижиг сүм бариулж Манзушир бурханы чулуун дүрийг бүлээлгэсээр суурь нь тавигджээ. Улмаар 5000-6000 ламтай Монгол дахь хамгийн том хийдийн нэг болтлоо өсөж, Монголын зүүн нутгийн ард түмний шашин соёлын төв болтлоо хөгжсөн байна. Тус хийдийн эргэн тойрон байгалийн үзэсгэлэнтэй бөгөөд хад чулуунуудад Очирваань, Жамсран, Ногоон дарь-эх Манзушир, Дамдинчойжоо, Цагаан дар-Эх Бурхан багш, Бод Зонхов, Соёмбо бэлгэдэл, Аюуш зэрэг бурхад, мөн маань  мэгзэм зэрийг сийлэх, товойлгох зэргээр бүтээсэн байдаг нь өнөө үед шашин соёлын үнэт дурсгал болон үлджээ. Гэхдээ хэлмэгдүүлэлтийн он жилүүдэд ихэнх нь эвдэж, сүйрчээ. Хийдийн хойд талд эхийн умай хэмээх сэнжин хад байх агаад хүрч очсон хүн эхээс төрөх, өлгийдүүлэх үйлдлийг хийгээд эцэст нь Хаан суудал хэмээх хаданд залардаг. Мөн ээж мод хэмээх саглагар мод байдаг байна. Энэ модонд хүмүүс мөргөж, залбиран хүслээ даатгадаг заншилтай. Улаанбаатар хотоос 175 км орчим зайтай. 
Галбын гурван хийд
Говийн догшин ноён нутагт Данзанравжаа Ханбогд хайрханы дэргэд 7 хоног бясалгал үйлдээд 30 хоног мориор давхиж нутаг орныг сонирхон шинжсэний дараа “энэ орон нутаг бол миний зөвхөн ирээд буцах газар биш, би амьдралынхаа тодорхой хугацааг өнгөрүүлэх ёстой юм байна” хэмээжээ. Бараа бологсод нь “энэ ямар газар нутаг вэ” хэмээн асуухад “энэ газрыг шүтэж чадах юм бол хүний ид шиднээс илүү байгалийн ид шид ноёлсон, хүмүүст дэндүү их сайн сайхныг өгч чадах, галав юүлэх, ертөнц мөхөх тэр хэцүү цагт хүн амьтнаа аваад үлдэж чадах нутаг байна” гэж айлджээ. Ноён Хутагт амьдралынхаа 20-иод жилийг энэ газар нутагт өнгөрүүлж, Галбын говийн уулсын дунд Дэмчогийн хийд, Эрээтийн  хийд, Цагаан толгойн хийд хэмээх холбоо гурван хийдийг байгуулжээ. Эдгээр “Галбын гурван хийд”-ийг 1830-1836 оны хооронд барьж байгуулсан бөгөөд хоорондоо 5-6 километр зайтайгаар Чандмань эрдэнэ байрлалтайгаар байгуулагджээ. Улаанбаатар хотоос 650 гаруй,  Өмнөговийн аймгийн төвөөс 250 км зайтай аж. 
Манзуширын хийд
Улаанбаатар хотоос өмнө зүгт 43 километр зайд орших Төв аймгийн Зуунмод хотын төвөөс зүүн хойш 8 километрт Зуунмодны амны эхэнд Ачит дүйнхорын булаг хэмээх энгэр газар Манзуширын хийдийн туурь оршино. Далайн төвшнээс дээш 1800 метр өндөрт шинэсэн ойн дунд байдаг. Манзушир хийдийн анхны сүмийг Манзушир ламтны анхдугаар дүрийн хувилгаан Лувсанжамбалданзан удирдан 1733 онд Богдхан уулын энгэрт бариулснаар Манзуширын хийдийн суурь тавигджээ. 
Энэ хийдийн туурь, уулын энгэрийн хадан дээр сийлбэрлэсэн том бурхдын зураг нь түүх соёлын ховор нандин бүтээл дурсгал болж үлдсэнийг 1998 онд улсын хамгаалалтанд авсан. Өдгөө Манзуширын хийдийн тууринд XVIII зууны сүүлчээр байгуулсан Манзушир бурхныг тахидаг байсан Зөөлөн эгшигт хэмээх их хийдийн үлдэгдэл байдаг. Мөн сүүлд сэргээгдсэн Манзушир хутагтын Сэрүүн лаврин хэмээх барилгыг музей болгон ашиглаж Богдхан уулын байгалийн материал ашиглан хийсэн гар урлалын үзмэр, ангийн үс, амьтдын чихмэл бүхий үзмэрийг дэлгэн үзүүлжээ. 
Төвхөн хийд
Өвөрхангай, Архангай аймгийн нутгийн заагт Хужирт сумын төвөөс баруун хойшоо 40 км, Бат-Өлзийт сумын төвөөс 50 км зайтай Өндөр-Овоот буюу Шивээт-Улаан хэмжээг аглаг ой модоор хүрээлэгдсэн асга хадтай өндөр уулын оройн багц хадний багавтар дэвсэг дээр оршдог. Уулсын бэлээс хийд хүртэл 5 км өгсөж хүрнэ.
Монголын анхдугаар Богд Занабазар 1648 онд 14 настайдаа энэхүү байгалийн сонин сайхан өвөрмөц тогтоцтой газрыг сонирхон таалж, 1651 онд бясалгал үйлдэх чулуун ханатай жижиг байшин бариулсан бөгөөд түүнийг “дубхан” буюу бүтээх байр гэж нэрлэжээ. Энэ үг нь сунжирсаар өдгөө Төвхөн болсон байна. Өндөр гэгээн Занабазар тус хийдэд сууж байхдаа 1686 онд “Соёмбо” үсгээ зохиож, “Адистэдийн дээдийг хайрлагч” тэргүүтэй зохиолоо айлдахын сацуу “Тэргүүний нь үс ургаж байсан” гэгдэх гайхамшигт шүтээн дүрээ бүтээж, ур ухааны оргил болсон  хосгүй нандин бүтээлүүдээ урлажээ.
Эрдэнэ Зуу хийд
Эрдэнэ Зуу нь Монгол оронд оршин тогтнож байсан төв Азийн нүүдэлчин төрт улсуудын өлгий болох Орхоны хөндий, тэр дундаа Их Монгол Улсын нийслэл Хархорум хотын туурин дээр 1586 онд байгуулагдсан. Уг хийдийг санаачлан байгуулагч нь Чингис хааны удмын Халхын Автай сайн хан юм. Эрдэнэ Зуу хийд нь хөгжил бууралтын олон шатыг давж байсан бөгөөд хөгжлийн хамгийн оргил үе болох 18-р зууны сүүлд хэрмэн хашаан дотроо 60 гаруй сүм дугантай байжээ. 1930-аад оны хэлмэгдүүлэлтийн үеэр ихэнх сүм дугануудыг нурааж устгасан  бөгөөд 20 орчим байгууламж бүрэн нурж усталгүйгээр үлдсэн байна. Эрдэнэ Зуу хийдийг 1944 онд улсын хамгаалалтад авч сэргээн засварлах ажлыг үе шаттай явуулж өнөөгийн дүр төрхөнд оруулсан.
Эрдэнэ Куу хийд нь Монгол Улс дахь хамгийн эртний Бурханы шашны хийд бөгөөд Дэлхийн өвд бүртгэгдсэн Орхоны хөндийн соёлын дурсгалд багтдаг байна.
Сарьдагийн хийд
Тус хийд нь Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт Өндөр гэгээний байгуулж байжээ. Түшээт хан аймгийн Дархан Чин вангийн хошуу одоогийн Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Бага Хэнтийн нурууны салбар Сарьдаг уулын энгэрт оршдог байна.
Сарьдагийн хийд бол Өндөр гэгээн Занабазарын оролцоотойгоор байгуулсан сүм хийдүүдийн дотроос цар хүрээгээрээ нэлээд томд тооцогддог байна. Байгалийн үзэсгэлэнг хослуулан байгуулжээ. Үүгээрээ Монголын бурхан шашны нэг томоохон сүм байсан ба уран барилгын чухал дурсгалуудтай юм байна. 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн