АН-ын гишүүн, НИТХ-ын төлөөлөгч Э.Бат-Үүлээс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн талаар тодрууллаа.
-Энэ УИХ Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж байна. Наадмын дараа хоёрдугаар хэлэлцүүлгийг хийхээр боллоо. Таны хувьд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудалд ямар байх суурьтай байгаа вэ?
-Үндсэн хуулийн өөрчлөлтийн ярьж байгаа шалтгааныг манай ард түмэн нарийн сайн ойлгохгүй байгаад нэгдүгээрт маш их санаа зовж байна. Яг үнэндээ улстөрчид өөрсдөө ёс суртахуунгүй, өөрсдөө авлига хээл хахуультай холбогдсон, хувийн ашиг сонирхлоо нийгмийн өмнө тавьсан энэ хариуцлагагүй явдлын үр дүнд өнөөдрийн болох болохгүй, бүтэхгүй зүйл үүссэн. Гэтэл тэрийгээ Үндсэн хууль руу чихээд байгаа юм. Үндсэн хууль буруутай юм шиг яриад байна, яг үнэндээ тийм биш. Жишээ нь, засаглал хомсдолоо гэж байна. Уучлаарай, 2016 оны сонгуулиар МАН ёстой ялсан шиг ялж, 65 суудал авсан. Ийм үр дүн гарсан байхад засаглал хомсдох ямар ч шалтгаан байсангүй ш дээ. Бүх эрх мэдэл төвлөрсөн. Хэнд ч засаглал хомсдоогүй. Эрх мэдлээ хэрэглэж чадаагүйгээ Үндсэн хууль руу чихээд байна.
Үндсэн хуулийг өөрчилнө гэдэг нь Монгол Улсыг өөрчилнө гэсэн үг. Үндсэн хууль бол улс гэж ойлгож болно. Би Герман улсыг ойлгоё гэвэл Германы Үндсэн хуулийг л харна. Гэтэл улстөрчид өөрсдийнхөө хариуцлагагүй байсныг Монгол Улс руу нялзааж болохгүй. Жишээ нь, Үндсэн хуулийн өөрчлөлтөд Ерөнхий сайд аймгийн дарга, нийслэлийн Засаг дарга нарыг томилно гэжээ. Үүний үр дүнд орон нутгийн удирдлага иргэддээ биш, Ерөнхий сайддаа үйлчилдэг болно. Иргэдээс томилгоо аваагүй учраас иргэдэд үйлчлэхгүй байх сөрөг нөлөөтэй. Хэн хаанаас томилгоо авна, түүндээ л үйлчилнэ. Тэгэхээр Ерөнхий сайддаа л үйлчилдэг болно. Энэ бол нэлээд ноцтой өөрчлөлт болно. Мөн шүүгч нар дундаасаа шүүхийн удирдлагаа сонгоно гэнэ. Анхан шатан дээрээ. Баг дээр багийн даргаа сонгох гэж ах дүүсийн цуглаан болдог шиг шүүхийн дарга нараа тэгж сонговол төрлөөрөө ах дүүсээрээ нийлээд шүүх болсон хүмүүсийн өмнө хувь заяагаа шийдүүлж болох уу. Болохгүй ш дээ. Тухайн шатны шүүхийн дарга нь шүүгчдээсээ хараат байдалд орно. Яагаад гэвэл тэд нар даргаа сонгож байгаа учраас тэр. Ийм туйлшрал руу яваад байна.
-Цаг хугацаа, нийгмийн өөрчлөлтөө дагаад Үндсэн хуулийг зайлшгүй өөрчлөх шаардлагатай гэж эрх баригчид үзэж байгаа. Ядаж л 2000 онд хийсэн дордохын долоон өөрчлөлтийг засч сайжруулах шаардлага байгаа юм биш үү?
-Үндсэн хуулийг өөрчилж байна гэдэг чинь хүний амьдрах орон зай болон үнэт зүйлийн орон зайг өөрчилж байна гэсэн үг. Бид 1992 онд социализмын Үндсэн хууль чинь бидний амьдрах орон зайг хавччихсан байлаа. Бизнес хийж болохгүй, өөрөөр ярьж болохгүй, заавал нам засгийн шийдвэрийг л судлах ёстой байсан. Жишээ нь, Улаанбаатарт чөлөөтэй орж ирж болохгүй байв. Энэ бүхнийг өөрчилье гээд 1992 онд Үндсэн хуулиа өөрчилсөн буюу үнэт зүйлийн орон зайгаа өөрчилсөн. Гэтэл өнөөдөр тэр орон зайг өөрчлөх шаардлага алга байна шүү дээ. Хүмүүс эрх чөлөөтэй, юу хүссэнээ л хийж байна. Яг үнэндээ хувийн хэвшил, иргэд хариуцлагатай байна. Малчид хариуцлагатай малаа өсгөөд л байна шүү дээ. Хэн хариуцлагагүй байна. Улстөрчид л хариуцлагагүй байна. Үүнийгээ Үндсэн хууль руу чихэж хэрхэвч болохгүй.
-Тэгэхээр та Үндсэн хуулийг өөрчлөх болоогүй гэж үзэж байна, тийм үү?
-Болоогүй. Эхлээд Үндсэн хуулиа сайн хэрэгжүүл л дээ.