Татварын хуулийн шинэчлэлийн талаар МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважаваас зарим зүйлийг тодрууллаа.
-Татварын хуулийн шинэчлэлийн талаар ямар байр суурьтай байгаа вэ. Татварын бааз суурийг хэрхэн сайн хангасан хууль болохоор байна вэ?
-Татвар төлөгч байгууллагуудын 80-90 хувь нь хуурамч тайлан мэдүүлдэг нь процессын алдаа. Тиймээс татварын хуулийн шинэчлэлээр аж ахуй нэгжийн орлогын албан татвар уу, хувь хүний орлогын албан татвар уу гэдэг процессыг нарийн тодорхойлж өгсөн. Татвар өгөгч, авагч хоёр тал ойлгомжтой, тодорхой болсон. Давхардсан асуудлаас болж үл ойлголцол харахгүй болно гэж харж байгаа.
-Хуулийн төслийг боловсруулаад үүний дараагийн арга хэмжээг хэрхэн харж байна вэ?
-Нэн тэргүүнд УИХ-аар энэ төслийг даруй оруулж батлуулах юм. Өнгөрсөн дөрвөн жил татвар төлнө, төлөхгүй гэдгийг гол асуудал нь дээрх багцад хамаарч буй 3 хуульд байсан. Одоо энэ хуулийг авч хэлэлцэж байна. Бизнесменүүдийн зүгээс хаврын чуулганаар хуулийн төслийг даруй хэлэлцэж, шийдвэрлэж өгөхийг хүсч байгаа. 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс бизнес эрхлэгчид шинэ дүрмээр тоглоно. Татвар өгөхгүй гэдэг этгээд цөөрсөн. Хамгийн гол нь бидний өгсөн татвараас хийгдэж буй хөрөнгө оруулалт, улсын төсөв ил тод, шударга байх ёстой. Бидний өгч буй татвар нийтийн сайн сайхны төлөө байх нь зүйтэй.
-Улсын хэмжээнд хэчнээн бизнес эрхлэгч үйл ажиллагаа явуулж, татвар төлж байга вэ?
-Улсын хэмжээнд 147 мянган компани бүртгэлтэй байдаг. Үүнээс 50-60 мянган компани тогтмол үйл ажиллагаа явуулдаг. Эндээс улсын эдийн засгийг нуруун дээрээ үүрч явдаг нь 500 компани байгаа бөгөөд татварын орлогын 80 орчим хувийг бүрдүүлдэг. Бусад компанийн хувьд 1-9 хүнтэй үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр компанийн улсын төсвийн 1-2 хувийг бүрдүүлдэг. Хамгийн гол нь уг жижиг компаниуд ажлын байрны 70-80 хувийг гаргадаг. Тиймээс татварын орлогоос илүү ажлын байр бий болгож байна гэдэг нь жижиг компаниудын хувьд гол асуудал. Татварын хуулийн шинэчлэл ажлын байрыг бий болгодог жижиг компаниудыг хөхүүлэн дэмжих юм.
-Татвар одоогийн байгаагаас хэр хялбар болох вэ?
-Сүүлийн дөрвөн жилийн хямралын дараа 5.1 хувийн эдийн засагтай 2015 онд НӨАТ-ийн систем оруулж ирснээр орлогоо бүртгэж эхэлсэн. Орлогыг 63 мянган цэгт бүртгэж байгаа бөгөөд 20 мянган цэг бий. Үүний дараа бусад татварууд энэ тогтолцоо дээр суурилах ёстой. Аж ахуй эрхлэх эрхийг хамгаалах Үндсэн хуульд суурилсан систем ажиллаж эхэлнэ. Бусад татварын систем бүрэн ажиллах боломж нөхцөлд сүүлийг хоёр жилийн хугацаанд бүрдсэн.Энэ татварын хуулийн шинэчлэлийн багц төсөл нь дараагийн алхам юм. Сүүлийн 27 жил хуучин байсан коммунист системээс иргэний өмчтэй байх систем рүү одоо орж эхэлж байна. Нөгөө талаас татвар тайлагнах процесс өнөөгийн хуулиар маш хүндрэлтэй байдаг. Үүнийг хялбаршуулж өгсөн нь давуу тал юм. Энэ хялбар боломжийг бүрдүүлснээр төсвийн орлого нэмэгдэнэ. Татварын орлогыг нэмэхээс гадна бидний өгсөн татварыг зарцуулж буй этгээд, улсын төсөвт бид давхар хяналт тавин ажиллана. Татварын үр өгөөж нь иргэнд буцаж ирдэг, наалддаг байвал татварын систем зөв хоршин ажиллаж байна гэж дүгнэж болно.
-Үндсэн хуулийн цэц “Эрдэнэт”-ийн 49 хувийг төрд авсан тогтоолыг хууль зөрчөөгүй гэж үзсэн. Та ямар байр суурьтай байгаа вэ?
-Үндсэн хуулийн цэц асуудлыг өөрсдөөсөө холдуулсан гэж харж байна.Чоно цатгалан хонь бүрэн гэдэг шийдвэр гарсан. Цаашид Олон Улсын арбитр дээр асуудал яригдах байх. Хамгийн гол нь 49 хувь дээр улс төрийн шийдвэр гаргасан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг талаар байр сууриа хэлэх хэрэгтэй. Энэ зүгээр хийгддэг бизнесийн хэлэлцээр биш гэж би ойлгож байна. Гол шийдвэрийг гаргасан хүмүүс хэлэхгүй бол ОХУ-д байсан өмчийг Монголд авчирсан залуусын буруу болоод дуусах юм бол энэ араасаа олон сөрөг үр дагаврыг дагуулах болно. Энэ бол эмгэнэл шүү.