УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Ж.Бат-Эрдэнэ, Ж.Ганбаатар, Б.Саранчимэг нарын гишүүд Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачилжээ. Харин уг төслийг өргөн барихад УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ гарын үсэг зураагүй, бусад гурван гишүүний гарын үсэгтэй төслийг өнгөрсөн тавдугаар сард УИХ-д өргөн мэдүүлжээ. Үүний дараа буюу тавдугаар сарын 24-нд Б.Саранчимэг гишүүн уг төслөөс нэрээ татах хүсэлтээ УИХ-ын даргад хүргүүлсэн байна. Ингэснээр Х.Болорчулуун, Ж.Ганбаатар нарын санаалчлан, өргөн барьсан гэх хуулийн төслийг энэ долоо хоногоос УИХ хэлэлцэж эхэллээ.
Уг төсөлд тусгасан “Билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 14-ний өдөр “Ерөөл өргөх” хаврын бүсийн хурдан морины уралдааныг азарга, их нас, соёолон гэсэн насны ангиллаар зохион байгуулна. Энэ уралдаан хурдан морийг ослын даатгалд даатгуулсан 14 буюу түүнээс дээ насны хүүхэд унана” гэсэн заалт нь маргаан дагууллаа. Маргаан дагуулахаас ч өөр аргагүй юм. 2019 дөнгөж гарсны дараа хурдан морь хөлслөх үеэр 10 настай хүүхэд мориноос унаж, амиа алдсан харамсалтай тохиолдол гарсан. Үүнийг УИХ-ын гишүүд мартсан байж болно, гэхдээ ард түмэн мартаагүй.
Хүйтний улиралд хурдан морь унаж байгаад гар, хөлөө хөлдөөсөн, мориноосоо унаж насаараа хөгжлийн бэрхшээлтэй болсон хүүхдүүд цөөнгүй бий. Унаач хүүхдийн эрүүл мэнд, амь настай холбоотой цөөхөн баримт дурдъя. Монгол Улсад 1996-2019 онд болсон хурдан морины уралдааны үеэр 35 орчим хүүхэд амь насаа алдсан байна. 2016 онд мориноос унаж бэртсэн тохиолдол 2199, 2017 онд 2223, 2018 онд 942 хүүхэд мориноос унаж, 22 хүүхэд хүнд гэмтэл авч, нэг хүүхэд тахир дутуу болсон харамсалтай тоон мэдээ байна. Нийт бэртэж, гэмтсэн хүүхдүүдийн 56-62 хувь нь толгой, 27-37 хувь нь дээд мөч, 12-14 хувь нь доод мөчний, зургаан хувь нь цээж, нуруундаа гэмтэл авч, хөгжлийн бэрхшээлтэй болсон тоо баримт байна. Үүнийг мэдсээр байж дээр дурдсан дөрвөн гишүүн Засгийн газрын тогтоол, олон улсын хууль тогтоомжийг зөрчиж хэний эрх ашгаар хүйтний улиралд хурдан морины уралдаан зохион байгуулах төсөл санаачлав аа. Дээр нь эрлийз морьдыг уралдуулах бүхий заалт төсөлд оруулсан байна лээ. Хэдхэн уяачдын эрх ашиг, цол эрэмбээс болж хүүхдээр зугаацаж, хүүхдийн эрхийг зөрчиж, эрдэнэт хүний амийг золиосолж болох уу гишүүд ээ.
Өвлийн улиралд хурдан морины уралдаан зохион байгуулах нь хүүхдийн эрхийг ноцтой зөрчсөн, хүчирхийллийн, албадлагын шинжтэй байна гэдгийг олон улсын Хүний эрхийн байгууллагаас анхааруулж, хүүхдээр хурдан морь унуулахгүй байх зөвлөмжийг Монгол Улсад удаа дараа өгсөн.
Энэ хүрээнд жил бүрийн 11 дүгээр сарын 01-нээс тавдугаар сарын 01-ийг хүртэл хурдан морины уралдаан зохион байгуулахгүй байх Засгийн газрын тогтоол гарсан. Гэтэл эрхэм гишүүдийн санаачилсан хуульд “Хаврын тэргүүн сарын шинийн 14-ны өдрийн “Ерөөл өргөх” өдрөөс бусад тохиолдолд шигшмэл, бүсийн хурдан морины уралдаан, сунгаа зохион байгуулахыг хориглоно” гэж өөрчлөхөөр заажээ.
Энэ асуудалд хүний эрх болон хүүхдийн эрхийг хамгаалдаг байгууллагууд ямар байр суурьтай байгааг тодрууллаа.
ХЭҮК: Гишүүд төслөө татахгүй бол УИХ-ын даргад хандана
Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн ахлах референт Л.Дүгэрсүрэнгээс тодрууллаа.
-Өвлийн улиралд хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглосон. Гэтэл нэр бүхий гишүүдийн санаачилсан хуулийг баталбал өвөл, хаврын улиралд уралдаан зохион байгуулж хүүхэд гэмтэж бэртэх, эрх нь зөрчигдөх тохиолдлыг дахин бий болгож байна шүү дээ. Энэ асуудалд танай байгууллага ямар байр суурьтай байна вэ?
-Улсын их хурлын зарим гишүүдийн зүгээс Үндэсний их баяр наадмын тухай хуульд “Жил бүрийн хаврын тэргүүн сарын шинийн 14-ны өдөр Ерөөл өргөх хаврын бүсийн хурдан морины уралдаан зохион байгуулах, үүнд 14 буюу дээш насны хүүхэд хурдан морь унах ёстой” гэсэн хуулийн заалтыг оруулсан төсөл өргөн баржээ. Энэ асуудалд манай байгууллагын зүгээс эсрэг байр суурьтай байгаа. Яагаад гэвэл, НҮБ-аас батлан гаргасан Хүүхдийн эрхийн конвенц, НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл, Хүүхдийн эрхийн хороо зэрэг байгууллагаас Монгол Улсын Засгийн газарт ирүүлсэн зөвлөмж байдаг. Зөвлөмжид хүүхдийн бие махбод, сэтгэл санаанд хохирол учруулахуйц хүнд төрлийн ажил хөдөлмөр эрхлэхийг хориглох тухай тусгасан байдаг юм. Гэтэл УИХ-ын гишүүдийн санаачилсан хуулийн төсөлд оруулж байгаа холбогдох заалт нь олон улсын гэрээ, конвенцыг зөрчиж байгаа юм. Монгол Улс НҮБ-аас батлан гаргасан олон улсын гэрээ, конвенцод нэгдэн орсон бөгөөд тус гэрээ конвенцоор хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгааг илтгэж байгаа учраас манай байгууллага эсрэг байр суурьтай байгаа юм. Хүйтний улиралд буюу өвөл, хаврын улиралд хурдан морины уралдаанд зохион байгуулснаар хүүхэд мориноос унах, бэртэх, амь насаа алдах зэрэг маш том сөрөг үр дагавар ихтэй. Тиймээс УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Ж.Ганбаатар нарын оруулж ирсэн хуулийн төсөл нь хүүхдийн эрхийг ноцтой зөрчих үйлдэл юм.
-Ер нь манай улсын хуульд морь унах хүүхдийн насны хязгаарлалтыг зөв тогтоосон уу, ямар үндэслэлээр тогтоодог юм бэ?
-Үндэсний их баяр наадмын тухай хуульд “Долоогоос дээш насны хүүхдээр хурдан морь унуулна” гэж заасан байдаг. Гэтэл хаврын улирлын хурдан морины уралдаанд 14-оос дээш насны хүүхэд оролцоно гэж тусгасан нь буруу. Хүүхдийн эрхийн тухай конвенц, Монгол Улсын хүүхдийн эрхийн тухай хуульд “18 нас хүртэлх хүнийг хүүхэд гэнэ” хэмээн тусгасан байдаг. Тиймээс 13, 14 настай байсан ч адилхан хүүхэд хэмээн тодорхойлж байгаа учраас өвөл, хаврын улирал буюу хүйтний улиралд хүүхдийг хурдан морины уралдаанд оролцуулж болохгүй. Мөн тухайн хууль санаачилагчид 14 нас хүрсэн л бол мориноос унахгүй, бэртэхгүй гэж ойлгоод байх шиг байгаа юм. Тэгэхээр хэдэн ч настай хүүхэд морь унасан элдэв осол тохиолдох эрсдэлтэй учраас Ерөнхий сайд болон 21 аймгийн Засаг дарга нарт өвөл, хавар хурдан морины уралдаан зохион байгуулахгүй байх талаар зөвлөмж хүргүүлж байсан. Сүүлийн жилүүдэд зохион байгуулагдсан өвөл, хаврын уралдааны үеэр хүүхэд хурдан мориноосоо унаж бэртсэн, эрүүл мэндээрээ хохирсон харамсалтай тохиолдол цөөнхгүй гарч байсан учраас дахин ийм зүйл болохыг үгүйсгэхгүй. Тиймээс л эрсдэлийг урьдчилан тооцож, хүүхдийн эрхийг хамгаалах шаардлагатай байна.
-Танай байгууллагаас хяналтын тогтолцоонд ямар нэгэн дорвитой арга хэмжээ авч байгаа юу. Зарим сум, багт ургийн баяр, овоо тахилга гэх мэт баяраар шалтаглан уралдаан зохион байгуулсан тохиолдол гардаг?
-Сум, багийн хэмжээнд өвлийн улиралд хурдан морины уралдаан огт болж болохгүй. Монгол Улсын Хөдөлмөрийн сайдын 2016 оны А/36 дугаар тушаал батлагдсан Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт байдаг. Үүнд “Жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээнд хурдан морь унуулах”-ыг хориглосон байдаг.
Өмнө хэлсэнчлэн Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын зүгээс аймгийн нутаг дэвсгэр дээр өвөл, хаврын улиралд хурдан морины уралдаан зохион байгуулахгүй байх талаар тодорхой арга хэмжээ авч ажиллах тухай зөвлөмжийг 21 аймгийн Засаг дарга нарт зөвлөмж хүргүүлж байсан. Мөн аймгуудын цагдаагийн газарт хүйтний улиралд хурдан морины уралдаан зохион байгуулж байвал газар дээр нь таслан зогсоох, урьдчилан сэргийлэх арга хэмжээ зохиох тухай албан бичиг өгсөн байгаа. Үүнд манай байгууллагын 21 аймаг бүрт ажилладаг ажилтнууд хяналт тавьж ажиллаж байгаа юм.
-Нэр бүхий гишүүдийн санаачилсан хуульд нэмэлт өөрчлөлт оруулах саналд танай байгууллагын зүгээс илэрхийлсэн хүсэлтэд хариу өгсөн болов уу. Мөн хэзээ өгөхөө мэдэгдсэн үү?
-Одоогоор ямар нэгэн хариу ирээгүй байна. Бид Улсын их хурлын даргад УИХ-ын гишүүдийн зүгээс санаачилсан энэхүү хуулийн төслийг хүлээн авахгүй, батлуулахгүй байх талаар арга хэмжээ авах тухай хүсэлт хүргүүлсэн.
Гишүүдийн төсөл нь арилжааны, мөлжлөгийн шинжтэй тул эсэргүүцнэ
Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас ахлах мэргэжилтэн Ж.Азжаргал тайлбар өглөө.
Тэрээр “Улсын Их Хурлын нэр бүхий гурван гишүүнээс өргөн барьсан Үндэсний баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуульд оруулсан хаврын морин уралдаан зохион байгуулах тухай заалт нь хүүхдийн эрх ашгийг ноцтой зөрчсөн төдийгүй холбогдох Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Засгийн газраас гаргасан Хүүхдийн эрх аюулгүй байдлыг хангах тухай албан даалгавар, Хөдөлммөрийн сайдын 2018 оны А/36 дугаар тушаалаар батлагдсан “Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт”-ыг үндэслэн гаргасан Засгийн газрын 2019 оны “Хурдан морины уралдааны талаар авах зарим арга хэмжээний тухай” 57 дугаар тогтоол зэрэг эрх зүйн олон баримт бичгийг зөрчсөн.
1997-2019 онд хурдан морь унаж уралдаан, сунгаа, үсэргээнд оролцох үед мориноос унаж амь насаа алдсан хүүхдийн тоо 34 бүртгэгдсэн. Жилд дунджаар 2-3 хүүхэд мориноос унаж хөгжлийн бэрхшээлтэй болж үлдэж байна. хөлсөөр айлд хурдан морь унаж байгаа бяцхан хүүхдүүд хөдөлмөрийн мөлжлөгт өртөж байна, тэдний 20 гаруй хувь нь боловсрол эзэмшиж чадахгүй байна. Насанд хүрэгчдийн зүгээс хүүхэдтэй зүй бус харьцах байдал их байдаг. Энэ мэтчилэн хүүхдийн эрхийг зөрчдөг, хүүхдийн амь нас, эрүүл мэндээр нааддаг байдал буурахгүй байгаа юм.
2019 онд Засгийн газрын “Хурдан морины уралдааны талаар авах зарим арга хэмжээний тухай” 57 дугаар тогтоолыг мөрдүүлж ажилласнаар жилд зохион байгууллагддаг хурдан морины уралдааны тоо буурсан. 2017 онд 394 удаагийн уралдаан, 2018 онд 452 удаагийн уралдаан зохион байгуулагдсан бол энэ онд 172 удаагийн хурдан морины уралдаан зохион байгуулагдсан. Хууль бус уралдааны тоо багасахын хэрээр хурдан морины морины уралдааны үед мориноос унаж бэртсэн хүүхдийн тоо ч багасч байна.
Нэгдсэн үндэсний байгууллагын Хүүхдийн эрхийн хорооноос Монгол Улсын Хүүхдийн эрхийн конвенцийн хэрэгжилтийн 3,4,5 дугаар тайланд өгсөн дүгнэлт, зөвлөмжиндөө “Өвөл, хаврын хурдан морины уралдааныг нэн дариу хориглох, хурдан морины унаач хүүхдийн насыг нэмэгдүүлэх” гэсэн шаардлагуудыг Монгол Улсад зөвлөмж болгож хүргүүлсэн байдаг. Тэгтэл УИХ-ын гишүүдийн өнөөдрийн өргөн барьсан энэ хуулийн төсөлд тусгасан заалт нь хүүхдийн эрх ашгийг зөрчсөн, ашгийн арилжааны, мөлжлөгийн шинжтэй байна. Тийм учраас хүүхдийн эрхийн чиглэлээр ажилладаг төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллагууд хүүхдүүдийн амь насаар дэнчин тавьж зугаацах, ашгийн, арилжааны, мөлжлөгийн шинжтэй энэ хууль, хүйтний улирал хурдан морины уралдаан зохион байгуулдаг энэ явдлыг таслан зогсоохыг шаардаж, эсэргүүцэж байгаа. Бид ч мөн эсэргүүцэж байна” гэлээ.
Манай редакцын зүгээс хүүхдийн эрхийг ноцтойгоор зөрчиж хүйтний улиралд хурдан морины уралдаан зохион байгуулах тухай УИХ-ын гишүүдийн санаачилсан хуулийн төслийг дэмжихгүй бөгөөд цахим орчинд #ТөслөөТат гэсэн хаштаг ашиглан, олон нийтийн дэмжлэг, оролцоотой төслөө татахыг шаардаж байна.