Би 30 настай, сэтгүүлчээр ажилладаг, улс төр, түүхийн сэдвийг сонирхдог. Манай их сургуулийн сэтгүүлзүйн анги гучуулаа, бид ангидаа гурван “Бат-Эрдэнэ”-тэй, нэг ч “Нямдорж”-гүй байсан. Энэ хоёр нэрийн учрыг өгүүллийн төгсгөлд эргээд холбоно.
Монголын их, бага хаадын төр барьсан он тооллыг тоолбол Батмөнх даян хаан хамгийн олон жил болжээ. Тэгэвч түүнийг хүүхэд байхад, хар нялхаар нь хаанд залсан, харин яг өөрийн толгойгоор төр барьснаараа Хубилайг хамгийн олон жил хаан ор суусан гэж үзнэ гэж манай нэгэн нэрт түүхч бичжээ. Хубилай хаан 34 жил хаан ширээнд заларсан түүхтэй. Хааны сэнтий тухтай ч, алба нь халаатай, эзэн нь ээлжтэй гэж монголчууд ярьж, энэ уламжлалаа хадгалж иржээ. Гэтэл ардчиллын он жилүүдэд энэ түүхээ, энэ уламжлалаа монголчууд бид мартаж, умартжээ.
Ардчиллын гэх он жилүүдэд, ардчиллаас өмнө ямар дэглэм, нийгэм Монголд байсныг мэдэхгүй, миний амьдралын 30 жилд ч олон зүйл хувьсан өөрчлөгджээ. Харин бахь байдгаараа дарга яваа нэгэн ахын тухай бичье. Тэртээ 1992-1996 оны Улсын их хурал /УИХ/-д 36 настайдаа анх удаа сонгогдсон залуухан сэхээтэн өдгөө 66 насыг зооглож буй одоогийн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж юм. Анх 1990 онд Хууль зүйн тэргүүн дэд сайдаас албан тушаалын карьер нь эхэлсэн Ц.Нямдорж өнгөрсөн хугацаанд төрийн эрх бүхий албан тушаалыг хашсан байна. УИХ гишүүнээс эхлээд УИХ-ын дарга, УИХ-ын дэд дарга, зургаан удаа сайд гээд түүний хашсан албан тушаалыг тоочиж сууснаас хашаагүй албан тушаалыг, он тооллыг нь тодруулсан нь ойр байх. Тэрээр одоо хоёрхон жилийг ардаа үлдээчихвэл Хубилай хааныг “ардаа” үлдээж төрийн эрхэнд хамгийн удаан суусан эрхэм болно. Энэ амжилтаараа тэр түүх бүтээгч нэгэн болж байхад, Монголын ард түмэн ёс уламжлалаа умартан ганцхан хүний чөмгийг дундартал зүтгүүлсэн гэмтэй үлдэнэ.
Түүний УИХ-д анх сонгогдох үед төрсөн манай үеийнхэн өдгөө 30 насны босгыг даваад байна. Үеийнхнээсээ төлөөлөл болгож “хүү” гэх ерөнхий нэрийн дор Ц.Нямдоржийн улс төрийн карьерийг тэнцэтгэж үзвэл...
-Хүүг эхийнхээ хэвлийд дөнгөж бүрэлдэж байхад Ц.Нямдорж Хууль зүйн тэргүүн дэд сайд байлаа.
-Хүүг хоёр нас хүрч байх үед Ц.Нямдорж УИХ-д сонгогджээ.
-Хүүг сургуульд орж, арван жилээ төгсөн төгстөл Ц.Нямдорж УИХ-ын гишүүн, мөн хоёр ч удаа Хууль зүй дотоод хэргийн сайдаар ажиллажээ.
-Хүүг 5-7 дугаар ангид суралцах үед Ц.Нямдорж Улсын Их Хурлын дэд даргаар ажилласаар.
-Хүүг найм дугаар ангид ороход тэрээр дахиад Хууль зүй дотоод хэргийн сайдаар ажилласаар.
-Хүүг их сургуулиа төгсөөд гурван жил болж байхад Ц.Нямдорж УИХ-ын дэд даргаар ажилласаар.
-Монгол ёсоор хүүгийн 25-ны жил ороход Ц.Нямдорж Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажилласаар л.
-Хүүг өдгөө 2022 онд гучин нас хүрэхэд Ц.Нямдорж Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажилласаар, түүний амьдралын гучин жилд Ц.Нямдорж гэх хүн Төрийн ордноос холдсонгүй.
Манай улсад бүтэх зүйл алга гэсээр хэдхэн хоногийн өмнө нисэх онгоцны буудал дээр нулимс дуслуулан ярих залуус харь нутгийг зорилоо. Бүтэж байгаа юм байхгүйн түмэн шалтгааны нэг нь халаа ээлжтэй байх учиртай, хааны албанд ганцхан эрхмийг 30 жил залсных байх гэж би бодно. Тэр, тэдний үеийнхэн үнэхээр сайн байсан бол манай үеийнхэн өнөөдөр нулимс дуслуулан нутгаа орхиж явах байсан уу. Түүнийг, тэдний үеийг 30 жил тэвчсэний хариуд манай үеийнхэн өнөөдөр машинаараа түгжрэлгүй явах автозамгүй, айдасгүй алхах явган хүний замгүй, дэлхийд хамгийн өндөр татвар төлж, дэлхийд хамгийн /шахуу/ өндөр үнээр хүнсээ авах хэрнээ дэлхийд хамгийн бага цалин авч амьдрах байсан уу.
Уучлал хүсье дарга аа. Монголчууд бөхөө дээдэлдэг ард түмэн. Тэртээ 1988 оны улсын наадамд Б.Бат-Эрдэнэ ес даван түрүүлж улсын арслан цол хүртсэнээс хойш нийт 12 удаа түрүүлжээ. Бас Цагаан сарын барилдаанд ийм тооны түрүүлжээ. Энэ бол үнэмлэхүй бас түүхэн аваргын түүх. Монголчууд тухайн үеэс нь, ер нь одоо ч энэ хүнээр бахархахдаа хүүдээ Бат-Эрдэнэ гэх нэрийг өгсөөр байгаа. Өнөөдөр Бат-Эрдэнэ нэртэй 15495 хүн байх бөгөөд Монгол Улсын хамгийн түгээмэл нэр нэгтнүүд юм. Харин аваргын 12 жилээс бараг гурав дахин буюу 30 жилийн турш таны улс төрд явсан, дарга байсан түүхээр бахархдаг монгол хүн цөөхөн бололтой нь “Нямдорж” нэртэн маш цөөнхөөс харагдана, нотлогдоно. Манай анги, сургуульд бараг ийм нэртэй хүүхэд бараг байхгүй. Энэ нь, яагаад Нямдорж гэж нэр өгөхгүй байгаа нь танаас болсон гэж үзэх нотолгоогүй шиг улс төр дэх таны 30 жилийн хаанчлал нь одоо аав ээжүүдийн дургүйг хүргэдэг гэж батлах боломжгүйтэй адил юм.