Open iToim app
Эрүүл монгол | 4 мин уншина

Ж.Наранцацралт: Бүдүүн гэдсэнд шархлаат үрэвсэл үүсэхэд нөлөөлдөг гурван хүчин зүйл бий

Ж.Наранцацралт: Бүдүүн гэдсэнд шархлаат үрэвсэл үүсэхэд нөлөөлдөг гурван хүчин зүйл бий
Нийтэлсэн 2019 оны 8 сарын 6
Улаанбаатар Сонгдо эмнэлгийн дурангийн тасгийн эмч Ж.Наранцацралт бүдүүн гэдэсний үрэвслийн талаар иргэдэд өгсөн зөвлөгөөг өгснийг тоймлон хүргэж байна.
Бүдүүн гэдэсний үрэвсэлт өвчин юунаас үүсдэг вэ
Бүдүүн гэдэс үрэвсэхэд хүнд ямар нэгэн байдлаар зовуурь илэрдэг. Жишээ нь, хэвлийгээр өвдөх, богино давтамжтай ариун цэврийн өрөө ормоор санагдана, шөнөдөө хөлрөх, биеийн жин хасагдах, хоолны дуршил багасах, халуурах, ядрангуй болох зэрэг шинж тэмдэг удаан хугацаанд илэрвэл эмнэлэгт хандаарай. Гэхдээ энэ шинж тэмдэг нь маш олон өвчний үед илэрдэг ч бүдүүн гэдэсний үрэвслийн үед хүн болгонд янз бүрээр илэрнэ. Зарим хүн зөвхөн аюулхай орчимд нь өвдөг. Заримынх нь хоолны дуршил багасна. Эсвэл бусад шинжүүд хамт илэрдэг. Тэгэхээр дээрх зовууриас аль нь илэрч байна гэдгээс үл хамааран бүдүүн гэдэс үрэвссэн байх магадлалтай байна гэж үзэх хэрэгтэй. Бүдүүн гэдэсний үрэвсэлт хоёр л өвчин байдаг. Бүдүүн гэдэсний шархлаат үрэвсэл, кроны өвчин буюу тухайлсан өвчин гэж бий. Хоёулаа хоол боловсруулах замын хөндийд, ялангуяа бүдүүн гэдэсний салстыг шархлуулж, үрэвсүүлдэг. Үүнээс болоод тухайн хүнд маш их хэмжээний зовуурь өгөх магадлалтай өвчин юм. Гэдэсний сүрьеэг хэвлийн сүрьеэтэй холиод байдаг. Гэдэсний хөндийд сүрьеэгийн гаралтай үрэвсэл үүсвэл биеэр тархах магадлал өндөр байдаг. Мөн бүдүүн гэдэсний хавдрын төрлийн өвчнүүд багтдаг. Монгол дэлхийн улс орнуудтай харьцуулахад эл өвчлөл бага ч сүүлийн жилүүдэд бүдүүн гэдэсний шархлаат өвчлөл нэмэгдэж байна. Шалтгаан нь генетикийн хүчин зүйл нөлөөлж байна. Дээр нь салстын дархлаат байдал буюу дархлааны тогтолцооны асуудал нөлөөлдөг. Гуравт, ямар нэгэн байдлаар халдвар авах, эмийн зохисгүй хэрэглээ, тамхи татах, хоол ундны нэр төрлөөс шалтгаалан бүдүүн гэдсэнд үрэвсэл үүсч байна. Эдгээр хүчин зүйлээс хамаарч бүдүүн гэдэсний үрэвсэлт өвчин үүсгэдэг. Бүдүүн гэдэс үрэвссэн тохиолдолд оношилгооны хамгийн чухал зүйл нь дуран юм. Шархтай, үрэвссэн хэсгээс эдийн шинжилгээ авсны дараа ямар шалтгаанаас үүссэнийг тогтоох боломжтой юм.
Бүдүүн гэдэс үрэвссэн үед илрэх шинж тэмдэг
Байнга дотор муухайрна, хэвлийгээр өвдөнө, ойр ойрхон гүйлгэж байгаа юм шиг болно. Энэ нь тухайн хүндээ тав тухгүй, нийгмийн идэвхгүй байдлыг үүсгэдэг. Нэгэнт бүдүүн гэдэсний үрэвсэлт өвчин үүсвэл маш удаан хугацаанд эдгэхгүй явдаг. Бүдүүн гэдэсний үрэвсэл нь дархлааны тогтолцоонд нөлөөлдөг. Үрэвслийн үед илрэх үндсэн шинжид гүйлгэх, салстай зунгааралдсан өтгөн гарах, хэвлийн доод хэсгээр хүчтэй өвдөнө, хий дүлэх үзэгдэл гарна, шулуун гэдэс болон өтгөн цустай гарах, турах, халуурч, бөөлжинө. Шингэн болон эрдэс, хоол хүнсний дутагдалт орж эхэлдэг байна. Бүдүүн гэдэсний үрэвсэлт өвчин харьцангуй залуу наснаас эхэлдэг. Залуу хүмүүсийн хувьд дотор муухайрч байна гэсэн хэр нь тоохгүй байх нь элбэг байдаг. Гэтэл үүний цаана бүдүүн гэдэсний үрэвсэлт өвчний шинж тэмдэг байх магадлалтай юм. Нас ахих тусам хүндэрч, цус алдах, гэдэс нарийсдаг. Гэдсэнд ингэж нөлөөлөхөөс гадна бусад эрхтэнд нөлөөлдөг. Тухайлбал, нүд, арьс, элэг, үе мөчид нөлөөлнө. Жишээ нь, үе мөчид үений үрэвсэл үүсч, арьсаар тууралт өгөх, цэврүү гаргана. Нүдний болор цайх шинж илэрч эхэлнэ, цөсний сувгийн үрэвсэл үүсгэж, чулуутай болно, элгийг өөхжүүлэх сөрөг нөлөөтэй.
Бүдүүн гэдэсний шархлаат үрэвслийн хүндрэл
Харин бүдүүн гэдэсний шархлаат үрэвслийн үед цус алдах, гэдэсний хэсэг газраар цооролт үүсдэг. Гэдэс хийгээр дүүрч, дотроо маш их хэмжээний өтгөний агууламжаар өргөсөж тэлдэг байна. Цаашлаад бүдүүн гэдэсний хорт хавдар тусах эрсдэл өндөр болдог.
Кроны өвчний хүндрэл
Кроны өвчний үед хүндрэл нь өөр. Дээрх хоёр өвчин хоорондоо ижил шалтгаанаар үүсдэг хэр нь үрэвсэх явц нь ялгаатай байдаг. Жишээ нь, кроны өвчний үед гэдэс хэсэг газраа нарийсдаг. Нарийссан хэсгээс дээшээ өтгөн нь хуримтлагдаад гадагшлахаа болино. Үүнээс үүдэж түгжрэл, идээтэй буглаа үүсдэг. Гэдсэнд үүссэн идээтэй хэсэг нь хажуу талынхаа эрхтэн рүү цорго үүсэж, тархах аюултай. Гэхдээ тухайн хүнд эмчилгээ дутсантай холбоотойгоор ийм хүндрэл үүсдэг. Үүнээс гадна оношилгоо ойртсоноос болдог. Дээд хэсгээр нь дурандаж, эхо үзлэг хийгээд зүгээр байна гээд явуулах тохиолдол олон гардаг байна. Гэтэл үндсэн шалтгаан бүдүүн гэдсэнд байгааг мэдэхгүй байх тохиолдол гардаг аж. Эм ууж, дэглэм баривал уг өвчин хэсэг хугацаанд намждаг ч эргээд шинж тэмдэг нь арилдаггүй юм байна. Хамгийн зөв оношилгооны арга дуран аж. Дурандуулж өвчнөө оношилсны дараа шаардлагатай зөв эмчилгээг хийлгэснээр уг өвчнөөс хүндрэлгүйгээр эмчлэгдэх боломжтой.
Урьдчилан сэргийлэлт болон эмчилгээний арга
Хамгийн чухал эмчилгээ нь хоол юм. Аль болох хөнгөн, шингэж сайтай хоол хүнс хэрэглэх хэрэгтэй. Жимс, ногоо, удаан хадгалаагүй эрүүл хүнсээр хооллох ёстой. Амьдралын хэв маягаа өөрчилж, эмийн зохистой хэрэглээг хэвшүүлэх. Ажил амралтын дэглэмээ зөв зохицуулж, хорт зуршлаас хол байх хэрэгтэй. Ялангуяа тамхины хэрэглээгээ зогсоохыг зөвлөж байна. Байнга дасгал хөдөлгөөн хийж, биеэ чийрэгжүүлж, дархлаагаа сэргээж, стрессээс өөрийгөө чөлөөлж сурах хэрэгтэй. Гэдэсний үрэвсэлт өвчинд уух зориулалттай эмийг нь хэрэглэнэ. Хэрвээ үрэвсэл хүндэр бүдүүн гэдэс нарийссан тохиолдолд мэс засал хийнэ. Зарим мэс заслаар бүдүүн гэдсийг бүхлээр нь авах хагалгааг Монголд хийж байгаа гэж зөвлөсөн юм. 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн