Ирэх онд төрийн албан хаагчдын цалинг найман хувиар нэмнэ. Мөн Төрийн албаны тухай хууль ирэх оноос хэрэгжиж эхлэхтэй холбогдуулаад төрийн үйлчилгээний албан хаагчийн цалинг ажилласан жилээс нь хамааран 5-25 хувь нэмэгдэх аж. Энэ талаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригтой ярилцлаа.
-Төрийн албан хаагчдын цалин найман хувиар нэмэгдэнэ гэж байна. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?
-Нэгдүгээр сарын 1-нээс төрийн албан хаагчдын цалинг инфляцын төвшинтэй уялдуулаад найман хувиар нэмэгдүүлж байгаа. Мөн Төрийн албаны тухай хууль ирэх нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Хуулийн хэрэгжилттэй холбоотойгоор төрийн үйлчилгээний албан хаагчдад удаан жилийн нэмэгдэл цоо шинээр олгодог болж байгаа. Тэгэхээр төрийн үйлчилгээний албан хаагчид улсад ажилласан жилээсээ хамаараад 5-25 хувийн нэмэгдэл авна. Төрийн үйлчилгээний албан хаагч гэдэг зөвхөн багш эмч нар биш шүү дээ. Төрийн үйлчилгээний албанд ажиллаж байгаа бага албан тушаалын үйлчлэгч, слесарь, асрагч нар ажилласан жилээсээ хамаараад 5-25 хувийн нэмэгдэл авна. Манай Засгийн газар 2017 оны аравдугаар сард байгуулагдахад төрийн албан хаагчдын цалинг нэмж чадаагүй байсан. Харин манай Засгийн газар төрийн албан хаагчдын цалинг гурван удаа нэмэгдүүлэх арга хэмжээ авсан. Үүний үр дүнд 2019 оны байдлаар төрийн албан хаагчдын дундаж цалин 950 төгрөг болсон бол 2020 оноос дундаж цалин нэг сая 70 мянган төгрөг болно.
-Тэтгэвэр, халамжийн нэмэгдлийн асуудлыг хэзээ Засгийн газрын хуралдаанаар оруулах вэ?
-Хоёрдугаар сарын 1-нээс тэтгэвэр нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлье гэсэн бодолтой байгаа. Он гараад Засгийн газрын хуралдаанаар оруулна. Ингээд Засаг дээр ярьж байгаад нэгдүгээр сарын 1-нээс нэмэх үү, хоёрдугаар сарын 1-нээс нэмэх үү гэсэн асуудлаа шийдэх байх. Би хувьдаа уламжлалаараа хоёрдугаар сарын 1-нээс тэтгэвэр нэмэгдүүлж ирснээрээ нэмье гэсэн бодолтой байгаа.
-Ирэх онд нийгмийн хамгааллын салбарт хэрэгжиж эхлэх ямар ямар хуулиуд байгаа вэ?
-Ер нь ирэх жил нийгмийн хамгаалалтай холбоотой хэд хэдэн хууль хэрэгжиж байгаа. Малчдын нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, төрүүлж өсгөсөн хүүхдийнх нь тоогоор ээжүүдийн хөдөлмөрийг үнэлнэ гээд ажилласан жилийг нь 1.5 жилээр нэмэгдүүлэх хууль хэрэгжиж эхэлнэ. Төрүүлж өсгөсөн хүүхдийнх нь тоогоор ажилласан жилийг нь 1.5 жилээр нэмэгдүүлснээр хүүхдийнх нь тоогоор ажилласан жил нь нэмэгдэнэ. Үүнийгээ дагаад цалингаасаа тэтгэвэр бодуулах хувь хэмжээ нь нэмэгдэнэ гэсэн үг. Тухайлбал, 20 жил ажилласан дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн ээж 55 настай тэтгэвэрт гарлаа гэхэд цалингийнхаа 45 хувиар тэтгэврээ бодлуулна. Дөрвөн хүүхэд төрүүлж өсгөснийхөө ач буянаар ээжийн ажилласан жил нь зургаан жилээр нэмэгдэнэ. Мөн тэтгэврээ 54 хувиар бодуулж авна гэсэн үг. Нөгөө талаас хүүхдээ гурван нас хүртэл харсан ээжүүд орлогогүй болж, нийгмийн даатгал нь тасардаг. Тиймээс 2018 оноос эхлэн бид цалинтай ээж хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Харин ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хүүхдээ гурав хүртэл нь харж, асарч байгаа ээжүүдийн хүүхдээ харж байгаа хугацааны нийгмийн даатгал тасалдахгүй төлөгддөг байх хууль эрх зүйн орчин бүрдүүлж байгаа. Сайн дурын даатгал төлөгч ээжийн даатгалын 50 хувийг Нийгмийн даатгалын сангаас 50 хувийг эх өөрөө төлнө. Харин нийгмийн даатгалд огт хамрагддаггүй ээж хүүхэд төрүүлээд хүүхдээ гурван нас хүртэл хүүхдээ асарч байгаа бол 50 хувийг улсын төсвөөс 50 хувийг ээж өөрөө төлнө гэсэн хууль хэрэгжинэ. Даатгалд хамрагдсан байдлаасаа болоод ээжүүд жирэмсний болон цалин хөлснөөс ялгамжтай авдаг. Одоо бол даатгалд хамрагдсан бол жирэмсний болон амаржисны тэтгэмжээ 100 хувь авдаг болно. Сайн дураар даатгал төлж байгаа ээж ч цалин хөлснөөсөө тэтгэмжээ 100 хувь авдаг болно. Олон хүүхэд төрүүлж өсгөсөн ээжтэй холбоотой гурав дөрвөн хууль хэрэгжиж эхэлнэ.
-Нийгмийн даатгалын шимтгэлийн хоёр хувийг хойшлуулах шийдвэр гаргасан. Тэгэхээр ирэх оны төсөвт төсөвлөөд байсан 170 гаруй тэрбум төгрөг хаанаас олох вэ?
-Нийгмийн даатгалын улсын төсөв дээр Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг Их хурал хүлээгээд авсан. Тэгэхээр Нийгмийн даатгалын санд төвлөрөхөөр байсан 174 тэрбум төгрөгөөр бууруулж байгаа. Гэхдээ Нийгмийн даатгалын санд төвлөрүүлэх орлогын хэмжээг бууруулаагүй. Нийт 2.6 их наядын орлогыг ирэх жил төвлөрүүлэх нь хэвээрээ. Гэхдээ ажилтны болон ажил олгогчийн төлөх орлогын хэмжээг 174 тэрбум төгрөгөөр бууруулаад орлого дотроо ангиллыг нь өөрчлөөд бусад орлого гэсэн зүйл анги дээр 174 тэрбум төгрөг нэмсэн. Энэ нь нийгмийн даатгалын хамрах хүрээг нэмэгдүүлэх замаар нөгөө талаасаа Нийгмийн даатгалын сангийн өр авлагыг барагдуулах замаар энэ орлогоо олно гэж төлөвлөсөн.
-"Капитал" банкинд байршиж байсан Нийгмйин даатгалын сангийн мөнгийг олж авах боломж байгаа юу?
-Энэ асуудлаа Монголбанктай байнга ярьж байгаа. Нийгмийн даатгалын сангаас "Капитал" банкинд байршиж байсан 105 тэрбум төгрөг байгаа. Өр авлага барагдуулах дарааллыг нь төсвийн хөрөнгөтэй адилтгаж үзнэ гээд нэлээд хойгуур оруулсныг нь бид төсөв мөнгөтэй адилтгаж үзэх ёсгүй мөнгө. Иргэдийнхээ ирээдүйн баталгаа болгож хадгалуулж байсан учраас хадгаламж эзэмшигчдийн мөнгөтэй адилтгаж үзэх ёстой. Өр авлага барагдуулах дарааллын нь урагшлуул гэсэн нэхэмжлэл шүүхэд өгөөд явж байна. Монголбанктай үндсэн хөрөнгө авах ямар боломж байна гэж ярьж байна. Үндсэн хөрөнгө авахаар чанар, үнэ, үнэлгээтэй холбоотой асуудлыг нэлээд судалж байж шийдэхгүй бол дараа нь үндсэн хөрөнгө нь борлогдох уу, үгүй юү, борлогдсон ч 105 тэрбум төгрөгөө хааж чадах уу гэдэг асуудал гарна. Тиймээс үндсэн хөрөнгө, зах зээлийнх нь үнэлгээг судлах ажлууд хийж байна.