Монголын уул уурхайн ассоциаци, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамтай хамтран олборлох салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжүүдийг “хариуцлагатай уул уурхайн сайн дурын кодекс”-т нэгтгэх, “хариуцлагаар нэгд” аяныг эхлүүлж, харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах ёслол өнөөдөр боллоо.
Аяны хүрээнд хариуцлагатай уул уурхайн сайн жишгүүдийг дэмжих, бодитоор төлөвшүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулж, улмаар салбарын тогтвортой хөгжлийн төлөө хамтран ажиллах юм байна. Энэхүү нэгдэлд уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Эрдэнэт үйлдвэр, Оюутолгой, Эрдэнэс-Тавантолгой, Энержи ресурс, Аспайр Майнинг, Багануур, Саусгоби Сэнд, Терра Энержи, Монполимет зэрэг томоохон компаниуд багтлаа.

Энэ талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар хэлэхдээ “Уул уурхайн салбараас болоод Монгол Улсын газар нутгийн байгалийн тэнцвэртэй байдал алдагдсан гэх ойлголт байдаг. Үүнийг өөрчлөхийн тулд уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжүүд нэгдэж, зөв зүйтэй үйлдлээрээ үлгэрлэж, түүнийгээ сурталчлан таниулах учиртай. Хариуцлага бүхий л салбарт байх ёстой. Тэр дундаа уул уурхайн салбарт хариуцлага өндөр байх ёстой. Эдийн засгийн чадамжийн өсөлт, бодит ажлын байр, гадаадын хөрөнгө оруулалтыг татаж байгаа салбар бол уул уурхайн салбар юм. Хариуцлагатай уул уурхайн салбарыг бий болгоход нэгдэж байгаа асуудлыг зөв зүйтэй гэж бодож байна. Энэ ажлыг бүх талаас нь дэмжинэ. Ингэж байж бид салбарынхаа нэгдсэн ойлголтыг, салбарынхаа зөв зүйтэй бодлого алхмуудыг олон нийтэд зөв сурталчлан таниулах нь юм. Бид хамтдаа байж ямар нэгэн хүндрэл саад бэрхшээлийг даван туулна гэж бодож байгаа. Уул уурхайн салбарыг зогсоож болохгүй. Зогсох эрхгүй салбар. Тиймээс уул уурхайн салбар хариуцлагаар нэгдэх ёстой. Ингэж байж бид төлөвлөгөөний дагуу зөв зүйтэй ажиллана. Бодлого, үйл ажиллагаа, төлөвлөгөө тэгээд хамтарсан байдлаар уул уурхайн салбарыг өөд нь татахад аж ахуй нэгжүүдийн оролцоог сайжруулж, цаашид Монгол Улсынхаа эдийн засгийг босгох зорилт тавьж байна” гэв.

-Монгол уул уурхайн үндэсний ассоциацийн зөвлөлийн дарга А.Билгүүн “Уул уурхайн салбарын талаар бүх нийтээрээ сөрөг хандлагатай байгаагийн шалтгааныг гурван бүлэгт хувааж үзсэн. Нэгд, монголчуудын сэтгэл зүй болон соёл, ёс заншил хэлний ялгаа байна. Хоёрт, байгаль орчны өөрчлөлт түүний хүчин зүйлүүд нөлөөлж байгаа юм. Гуравт, уул уурхайн салбар өөрөө үүсч буй асуудлыг эргэж харах нөхцөл байдал үүссэн гэж үзэж байгаа. Байгаль орчны доройтлоос гадна уул уурхайн салбарынхан өөрсдөө асуудал тарьдаг. Ялангуяа голын урсац дагаад алтны шороон ордууд байрладаг. Уг ордууд гол бохирдуулж буй асуудал байна. Мөн уул уурхайн салбарын үйл ажиллагаатай холбоотойгоор эрдэнэт хүний амь эрсдэж буй асуудал бий. Энэ жил гэхэд нэлээд хэдэн тохиолдол гарлаа. Гэхдээ хувиараа алт олборлогчид уул уурхайн салбарын нэр хүндийг сэвтүүлж байгаа нь үнэн. Тэгэхээр эхний ээлжид уул уурхайн томоохон компаниуд нэгдэж хариуцлагатай кодексийг хэрэгжүүлж, уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг компаниуд өөрөө өөрсдийгөө үнэлдэг болж эхэлье. Зөв зүйлээр жишээ болох зорилтыг дэвшүүлж, хөдөлгөөнийг эхлүүлсэн” хэмээн ярилаа.