Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй айлчлал амжилттай үргэлжилж байна. Айлчлалын гол хэлэлцээ өчигдөр /2022.10.14/ хоёр орны Ерөнхий сайд нарын ганцаарчилсан уулзалтын үеэр боллоо. Ганцаарчилсан уулзалтын дараа Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Канцлер Олаф Шольц нар хамтарсан мэдээлэл хийж, хоёр орны цаашдын харилцаа, хамтын ажиллагааны замын зураглалыг тодорхойлов. Монгол Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой 2024 онд тохиох аж. Талууд энэхүү түүхэн ойг угтан дараагийн хагас зуун жилийн харилцаа, хамтын ажиллагаагаа илүү идэвхжүүлэхэд санал нэгдэв.
Ингээд Ерөнхий сайд нарын хамтарсан мэдээллийг тоймлоё.
-ХБНГУ-ын Канцлер Олаф Шольц: 2009 оноос хойш ХБНГУ-д хийж буй Монгол Улсын Ерөнхий сайдын анхны айлчлал болж байна. Удаан хугацааны дараах айлчлал учраас бидний хувьд маш их чухалчилж байна. Монгол Улс ХБНГУ-ыг Европын холбооны итгэлт түнш, гуравдагч хөршөө гэж үздэгт талархаж байна. Монгол Улс ардчилсан нийгэм бүтээхийн төлөө маш том замыг туулж байгаад баяртай байдаг. Бид Ардчиллын үнэт зүйлийг мартаж болохгүй. Гуравдагч хөршийн бодлого гэдэг бол чухал юм.
ОХУ-ын Украинтай хийж буй дайн дэлхийн хэм хэмжээг зөрчиж байна гэж ХБНГУ үзэж байгаа. Энэхүү дайныг НҮБ болон олон улсын зүгээс хүлээн зөвшөөрөхгүйг дэлхий нийтээр тунхагласан. Дайны нөхцөл байдлаас болж дэлхийн дахинд хүнс, эрчим хүчний үнийн өсөлтөөс гадна аюулгүй байдлын том асуудал, сорилтууд тулгарч байгаа талаар бид санал солилцлоо.
Бид ирэх оны зургадугаар сард хоёр талын Засгийн газрын түвшний хамтарсан уулзалтыг хийж, цаашдын хагас зуун жилийн харилцаа, хамтын ажиллагааны хэтийн төлөвөө тодорхойлно. Эрчим хүчний асуудал гол байр суурь эзэлнэ. Нүүрснээс татгалзах, нар салхины эрчим хүчний хамтын ажиллагаагаа ахиулна. Хэн нэгнээс, аль нэг улсын хамаарлыг багасах шаардлага байна.
Манай хоёр улсын Зам тээврийн хөгжлийн зам хэлэлцээр хийхэд бэлэн болоод байна. Хоёр улс дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой 2024 онд болно. Хагас зуун жилийн хамтын ажиллагаагаа дүгнэх, тэмдэглэх, цаашдын хамтын ажиллагааны ахиулах ажлууд хийгдэнэ.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Бид харилцаагаа стратегийн түншлэлийн түвшинд ахиулахад санал нэгдлээ. Олон улсын болон бүс нутгийн түвшинд үүсэж буй цар тахал, геополитикийн хурцадмал байдал, ОХУ-Украины дайны асуудлаар Канцлертай санал солилцлоо. Монгол Улсын хувьд ХБНГУ-ыг Европын холбооны хамгийн итгэлт түнш, гуравдагч хөрш гэж үздэг бөгөөд улс төр, батлан хамгаалах, нийгэм эдийн засаг, ногоон хөгжил, цахим засаглал зэрэг бүхий л салбарт харилцаагаа ахиулан нягт хамтран ажиллахаар ярилцав.
Монгол Улсын Засгийн газрын “Алсын хараа-2050”урт хугацааны хөгжлийн бодлого, Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд эрчим хүчний салбарын хөгжлийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, Их долоогийн Дээд хэмжээний уулзалтаар яригдсан дэд бүтэц, хөрөнгө оруулалтын төсөл, хөтөлбөрт Монгол Улс багтаж түншлэн ажиллах, Өмнийн говьд баригдаж буй Тавантолгой цахилгаан станц, Дулааны V цахилгаан станц, сэргээгдэх эрчим хүчний томоохон төслүүдэд ХБНГУ-тай хамтрах хүсэлт тавилаа.
Мөн аж үйлдвэрийн сэргэлтийн бодлогыг Герман улстай хамтран хэрэгжүүлэх талаар дэлгэрэнгүй санал солилцов. Зэс боловсруулах үйлдвэр, цахилгаан автомашин техник хэрэгслийн гол түүхий эд болох газрын ховор элементийг хагас боловсруулах үйлдвэрлэлийг Монгол Улс, ХБНГУ-тай хэрэгжүүлэх талаар ярилцаж, судалгааны ажлыг хамтран эхлүүлэхээр тогтлоо.
Шинэ сэргэлтийн бодлогын тэргүүлэх чиглэлүүдээр Монгол Улсын Засгийн газар Герман Улсын Засгийн газартай хамтран эрчим хүч, тээвэр логистик, уул уурхай, мэдээлэл технологи, хот төлөвлөлт, хөдөө аж ахуй, ойн инженер зэрэг 1000 инженерийг үе шаттай бэлтгэх хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлнэ.
Улс хоорондын харилцаанд иргэд, аж ахуйн нэгж хоорондын харилцаа нэн чухал. Монгол Улс 2023 оныг Монголд зочлох жил болгон зарлаж байгаатай холбогдуулан иргэдийн харилцан зорчих визийн хөнгөлөлт, шууд нислэгийн тоог нэмэгдүүлэх, мөн монгол судлал болон соёлын хамтын ажиллагааг идэвхтэй хөгжүүлэхээр талаар санал солилцлоо.
Монгол Улс зам тээвэр, нийтийн тээврийн шинэчлэлийг евро стандартад хүргэх зорилтын талаар дэлгэрэнгүй санал солилцож, хоёр улсын Зорчигч, ачаа тээврийн албан ёсны хэлэлцээрийг ойрын хугацаанд байгуулах, Монгол Улсад гарын үсэг зурах, Цахим шилжилт, Тээврийн яамны сайдаар ахлуулсан хоёр талын хамтарсан ажлын хэсгийг Монгол Улсад ажиллуулахаар харилцан тохиролцов.
Аравдугаар сарын 3 буюу хоёр Герман нэгдсэн өдөр Эрхэм Канцлерын хэлсэн "Ардчилал бидэнд өөрөө ирдэггүй, харин бид өөрсдөө ардчиллыг бий болгодог" гэсэн үгээр хэвлэлийн мэдээллээ өндөрлөж байна. Анхаарал тавьсанд баярлалаа гэлээ.
Мэдээллийн дараа хоёр талын сэтгүүлч нарт асуулт асуух боломж олгосон. Германы сэтгүүлч Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс Монгол Улс Орос-Укрианы асуудалд НҮБ дээр яагаад байнга түдгэлзэх санал өгснийг асуусан юм.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Монгол Улс 1992 онд Ардчилсан Үндсэн хуулиа баталсан. Манай улс хоёр том хөршийн дунд Ардчиллын төлөө тууштай зогсож, ардчилсан сонгуулиар төрийн эрхээ шилжүүлж, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн улс гэдгээ тунхаглаж ирсэн. Экспортын хувьд 100 хувь шахуу БНХАУ-аас хамааралтай, эрчим хүч болон шатахууны хувьд ОХУ-аас өндөр хамааралтай. Монгол Улс үргэлж энх тайваны талд зогсож, олон тулгуурт гадаад бодлогоо тууштай хэрэгжүүлж ирсэн. Өнөөдрийн миний айчлал бол Монгол Улсын өөрийнхөө хэмжээнд илэрхийлж байгаа байр суурь гэж харж байна. Монгол Улс цаашид ч дэлхий нийтийг энх тайванд уриалах болно. Канцлертай Орос-Укрианы дайны талаар санал солилцохдоо энэ дайн цөмийн зэвсгийн түвшинд хүрч болохгүй гэдгээ илэрхийлсэн" гэлээ.
Канцлер Олаф Шольц хоёр орны хамтын ажиллагааг ахиулах, мөн түүхэн ойгоор Монгол Улсад айлчлах эсэх талаарх сэтгүүлчийн асуултад "Хамтын ажиллагааг өргөжүүлэх нэлээд олон салбар байгаа. Хоёр талын төслүүдийг урагшлуулна. Цахилгаан тээврийн хэрэгсэл болон хагас дамжуулагчийн үйлдвэрийн талаар санал солилцсон. Хагас зуун жилийн хамтын ажиллагааны хүндэтгэлтэй, тэмдэглэлт ойгоор Монголд очихгүй бол болохгүй шүү дээ" гэсэн юм.