Open iToim app
Эдийн засаг | 3 мин уншина

Жилийн борлуулалтын орлого нь 50 сая хүртэлх төгрөг бол 1 хувийн татвар төлдөг болно

Жилийн борлуулалтын орлого нь 50 сая хүртэлх төгрөг бол 1 хувийн татвар төлдөг болно
Нийтэлсэн 2018 оны 5 сарын 31
Засгийн газраас Татварын багц хуулийн шинэчлэлийн төслийг УИХ-д өргөн барьсан билээ. Багц хуулийн шинэчлэлийн хүрээнд татварын гурван том хуулийг өөрчлөхөөс гадна  дагалдаж 20 гаруй хуульд нэмэлт, өөрчлөлт орохоор байна. Монгол Улс 2017 оны тавдугаар сард ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах үед тус сангаас татварын бодлогоо өөрчлөх, шинэчлэх зөвлөмжийг өгсөн байдаг. Энэ хүрээнд Сангийн яамныхан сүүлийн жил гаруйн хугацаанд татварын багц хуулийн төслийн боловсруулалт дээр ажилласан. Өнгөрсөн хоёрдугаар сард Татварын багц хуулийн төслийг танилцуулах хэлэлцүүлгийг орон даяар зохион байгуулж, иргэд ААН, төрийн байгууллагуудын санал дүгнэлтийг төсөлд тусгасан. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчлэл татвар нэмэх, шаталсан татвар тогтоох заалт тусгаагүй байна. Ингээд ээлжинд Хувь хүний орлогын албан татварын тухай шинээр тусгагдаж байгаа шинэчлэлийн бодлогыг хуулийн төслөөс танилцуулъя.
Борлуулалтын орлого нь 50 сая төгрөгөөс хэтрэхгүй бол жилд нэг удаа тайлан гаргаж, нэг хувийн татвар төлнө
Өнөөгийн дагаж мөрдөж байгаа хуулиар аж ахуйн бүр төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг хувь хүн, албан татвараа нэг тайлангийн маягтаар, ижил хугацаанд төлдөг. Үүнийг илүү хялбаршуулж, хувиараа бизнесийн үйл ажиллагаа эрхэлдэг хувь хүнийг дэмжих, тэдний татвар төлөхтэй холбоотой зардлыг бууруулж, төлөлтийн заалтуудыг шинэ хуулийн төсөлд тусгаж байгаа юм байна. Ингэхдээ 50 сая төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой хувь хүн өөрөө хүсвэл нийт татвар ногдох орлогын 1 хувьтай тэнцэх татвар төлж, жил нэг удаа тайлагнах боломжтой гэж тусгажээ.
Бичил худалдаа эрхлэгчид тогтмол дүнгээр татвар төлнө
Бичил худалдаа ажил үйлчилгээ хувиараа эрхлэгчид татварын тайлан гаргах, орлого, хасагдах зардлаа тооцох, татвар ногдуулах орлогоо тодорхойлоход хүндрэлтэй байдаг тул тэдгээрийн татварын харилцааг энгийн ойлгомжтой болгож, тогтмол дүнгээр татвар ногдуулахаар хуулийн төсөлд тусгаад байна.
Гадаад улсад төлсөн татварыг хасч тооцдог болно
Албан татвар төлөгчийн гадаад улсад төлсөн татварт хөнгөлөлт үзүүлэх туршлага олон улсад түгээмэл байдаг байна. Харин манай өнөөгийн дагаж мөрдөж байгаа Хувь хүний орлогын албан татварын тухай хуулиар албан татвар төлөгч хувь хүний гадаад улсад төлсөн татварт хөнгөлөлт үзүүлэхдээ орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилсан сэргийлэх тухай хэлэлцээрийн хүрээнд хөнгөлөлт үзүүлдэг. Харин шинэчилсэн хуульд давхар татварыг бууруулах, албан татвар төлөгчийн татварын ачааллыг багасгах үүднээс хувь хүний гадаад улсад төлсөн татварыг хөнгөлөх зохицуулалтыг хуульд тусгасан байна.
Одоо үйлчилж байгаа боловч зарчмын хувьд өөрчлөх дараах зохицуулалтыг тусгажээ.
Татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлэх харилцаа боловсронгуй болно
Одоогийн үзүүлж буй татварын хөнгөлөлт, чөлөөлөлт нь зарим тохиолдолд үр ашиггүй, зорилтот бүлэгтээ хүрэхгүй байх эрсдэлтэй байдаг тул татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг татвар төлөгч татварын тайлангаа гаргаж, төлсний дараа буцаан олгодог байх харилцааг нэвтрүүлэхээр тооцжээ. Ингэснээр татвар төлөгч илүү хариуцлагатай болох, татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн үр ашиг нэмэгдэх ач холбогдолтой юм.
Татвар ногдох орлогын ангилал, тодорхойлолтууд боловсронгуй болно
Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн төсөлд цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого, шууд бус орлогын нэр төрөл, ангилал тодорхойлолтыг олон улсын жишигт нийцүүлэн боловсронгуй болгосноор хуулийн хэрэгжилтийг нэг мөр, аливаа хийдэлгүй хангах боломж бүрдэх зэрэг олон шинэ зохицуулалтууд хэрэгжиж эхлэх юм.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн