Open iToim app
Эрүүл монгол | 4 мин уншина

Б.Баяр-Өлзий: Харшлыг таамгаар битгий эмчил

Б.Баяр-Өлзий: Харшлыг таамгаар битгий эмчил
Нийтэлсэн 2019 оны 5 сарын 21
Зуны улирал эхэлж, навч цэцэгс дэлгэрэх нь сайхан ч ургамлын харшилтай хүмүүсийн хувьд хамгийн хүндхэн улирал. Хүмүүс өөрийгөө ямар төрлийн харшилтай гэдгээ мэдэхгүй дур мэдэн эм, эмчилгээ хийгээд явж байх хооронд нь аль хэдийнээ тухайн хүний харшил хүндэрсэн байдаг. Иймд Анагаах ухааны магистр, эмнэл зүйн харшил судлаач эмч Б.Баяр-Өлзий эмчийн зөвлөгөөг танд хүргэе.
-Ургамлын харшил нь яаж үүсдэг вэ?
-Монгол орон эрс тэс уур амьсгалтай. Зуны улиралд харшил гэх өвчин хөдөлдөг ярвигтай талтай. Зуны ургамлын харшлыг модлог ургамлын үе,  үет ургамлын үе, хөл газрын ургамал буюу хог ургамлын харшлын үе гэж гурав хувааж үздэг. Таван сарын дундуур буюу яг одоо бол модлог ургамлууд ургаад эхэлдэг учраас модлог ургамлын харшлын үе эхэлж байна. Модлог ургамлын харшил гэхээр ургамлын үр агаарт цацагдах ба нүдэнд харагдах болон харагдах боломжгүй хэлбэрт байна. Нүдэнд харагдах боломжтой нь гэвэл модны цагаан, буюу бидний хэлдгээр “хөвөн”. Энэ бол нүдэнд харагдаж буй хэлбэрийн тоосжилт. Нүдэнд харагдахгүйгээр маш олон ургамлын тоосжилт агаарт үрээ цацдаг. Энэ тоосжилт нь амьсгалахтай зэрэгцээд хамрын хөндийн самалдаг руу, салстаар шимэгдэж орно. Үүний үндсэнд харшлын урвал хүний биед өрнөж эхэлдэг. Тэр өрнөж буй ургамал нь дархлааны өвөрмөц ургамлаар үүсдэг. Үүсэхдээ тухайн дархлаа хэт идэвжинэ. Манайхан дархлаа суларлаа гэж ярьдаг нь буруу харин ч дархлаа сайжирч байна гэсэн үг. Идэвхжсэн эсрэг бие нь хүний биед харшил үүсгэхээрээ амьсгалын замыг дөрвөн гол зовуурыг үүсгэдэг.
-Ямар дөрвөн зовиурыг үүсгэдэг вэ. Тэдгээр зовиурууд илэрвэл харшилтай болсон байна гэж ойлгож болох уу?
-Нэгд, хамар битүүрэх, хоёрт найтаах, гуравт нус гоожих, дөрөвт нүд загатнах. Энэ бол ургамлын харшлын үед илэрдэг гол дөрвөн шинж. Энэ дөрвөн шинж илэрвэл өөрийгөө ургамлын харшилтай болсон гэж ойлгох хэрэгтэй. Зовиур илэрч буй үедээ мэргэжлийн эмчид хандаад харшлын сорил өгөх ёстой. Харшлын сорил гэдэг нь тухайн хүнийг яг юунаас харшилтайг илэрхийлдэг ганц арга. Олон янзийн ургамлыг харшил байдаг учраас энгийн хүн, мэргэжлийн бус эмч нар нүдээрээ хараад тодорхойлж чадахгүй. Тэгэхээр харшлын сорилын хариуг үндэслэн чухам юунаас харшсанаас мэдэж аваад, тухайн хүн харшилсан зүйлээсээ зайлсхийх ач холбогдолтой.
-Хүмүүс дур мэдэн эмчлэх гэж оролддог. Энэ нь хэр үр дүнтэй вэ?
-Манайхан харшилтай гэж хэлээд, эмийн сан орж, түмэн янзийн эм авч уудаг. Зарим хүнд энэ тохироод зовуур арилах тохиолдол байдаг ч маш ховор. Ихэнх тохиолдолд олигтой үр дүнд хүрэхгүй болов уу. Ямар ургамлаас харшсан гэдгээс хамааран, тохирох эмчилгээг нь дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хөтөлбөрт тусгасан байдаг. Түүний дагуу стандартаар  нь эмчлэх хэрэгтэй. Тухайлбал, сорилын хариунд үндэслэн зөв эмчилгээ, зөв дэглэм барих ёстой. Таамгаар эм уухаас гадна, монгол уламжлалт аргуудыг хэрэглэдэг. Жишээ нь, шарилжны эсрэг голио,  царцаа идэх, шарилжаар нь буцаагаад өөрийг нь утах зэрэг. Энэ болгон зөв гарц гаргалгаа, аргачлал биш. Эсрэгээрээ тухайн хүнийг улам хүндрүүлэх, амьсгалын харшлыг “астма” болгох, харшлын хүнд хэлбэрийн  шоконд  оруулах, амь насанд нь хүрэх зэрэг эрсдэлтэй.
-Ургамлын харшилтай хүн хэдий хугацаанд эдгэрэх боломжтой вэ?
-Харшилтай хүмүүсийн дийлэнх нь “гүйцэт эдгэх үү” гэж асуудаг. Харшил нь нэг олдмолоор эсвэл эцэг эхээс удамшиж ирдэг эмгэг. Тэгэхээр удамшсан эмгэгийг ор мөргүй алга болгох хэцүү. Харин тодорхой хугацаанд зовуургүй байлгаж болно. Тийм аргачлал, эмийн эмчилгээ бол байдаг. Олдмол эмгэгийн хувьд гэнэт харшилтай болсон шигээ хурдан намжих тохиолдол олон. Өөр төгс эмчилгээ одоохондоо байхгүй. Өөрөөр хэлбэл, эцэг эхийн хэн нэг нь шарилжны харшилтай байлаа гэхэд хүүхэд нь заавал шарилжны харшилтай биш, өөр төрлийн ургамлын харшилтай байж болно. Биед ихсдэг өвөрмөц дархлааны урвалын уургийг өндөр аваад төрдөг. Өндөр хэмжээтэй байгаа уураг нь тухайн хүнийг юуны харшилтай болохыг явцдаа шийдэж байдаг. Хүүхэд нь магадгүй арц, бургас, улиас зэрэг өөр ургамлын харшилтай байж болно. Олдмол гэдэг нь аав ээж нь ямар ч харшилгүй, өөрөө багадаа ямар ч харшилгүй байсан. “Энэ зун харшилтай боллоо” гэхэд биед байгаа уураг ихэсчихдэг. Мөн ихэссэн уураг хэзээ нэг өдөр гэнэт зогсоод  харшлын шинж тэмдэг өгөхөө болих тохиолдол бас байдаг.
Эдгэрэх тухайд, эмнэл зүй буюу тухайн хүнд илэрч буй шинж тэмдгээсээ хамаарна. Олон төрлийн ургамлын харшилтай хүн байвал зуны гурван сарын хугацаанд, магадгүй нэг сарын хугацаатай эмчилгээ авч болно. Харин ганц нэгхэн ургамлын харшилтай хүн байвал 7-10 хоногийн эмчилгээ авна.
-Ургамлын харшлаас урьдчилсан сэргийлэх арга байгаа юу?
-Харшлын хувьд урьдчилан сэргийлэх арга гэхээр хэцүү. Жишээ нь, тавдугаар сард ямар ч харшилгүй байж байгаад, долоон сард харшилтай болохыг тааж мэдэхгүй. Тиймээс урьдчилан сэргийлэх боломжгүй. Тухайн хүн угаасаа харшилтай бол өөрийнхөө харшлыг хөдлөхөөс өмнө арга хэмжээ авч болно. Харшил бүрт өөр өөр дэглэм байдаг. Тэр дэглэмээ харшлаа эхлэхээс өмнө барьж болно. Тэгвэл харшил нь эм уухгүйгээр сэдрэхгүй байдаг.
-Эмийн хамааралтай болсон хүмүүс байдаг. Тэдгээр хүмүүс үргэлжлүүлээд эмээ уух ёстой юу?
-Энэ бол өрөөсгөл ойлголт. Харшлын эмүүд дотор дасал үүсгэдэг эм гэж байдаггүй. Тийм болохоор эмийн хамааралтай болсон хүн ховор. Зарим хүн “би энэ эмийг уухаар дарагдахгүй байна, өмнө дарагдаж байсан сүүлдээ дарагдахаа больсон” гэж ярьдаг. Энэ бол эмэндээ дасал үүсээд дарагдахгүй байгаа юм биш. Тухайн хүний харшлын эмнэл зүй буюу харшлын төрөл зүйл нь олон болоод байна гэсэн үг.Тэгэхээр тухайн хүн  ганц эм биш, ахиад нэмэлт эм уух шаардлагатай гэсэн үг.
-Харшлын эмчийн хувьд, хүмүүс зөвлөөд юу гэж хэлэх вэ?
Хамгийн гол зүйл нь гэвэл таамгаар битгий эмчил, дээр хэлсэн дөрвөн гол шинжийн аль нэг нь илэрвэл, нарийн мэргэжлийн харшлын эмчид хандаарай.
 -Зөвлөгөө өгсөнд баярлалаа.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн