Авлигатай тэмцэх газрын Олон нийттэй харилцах асуудал хариуцсан ахлах ажилтан Т.Баярхүүгээс олны анхаарал татаад буй зарим асуудлын талаар тодрууллаа.
-Авлигатай тэмцэх газраас мэдээлэл хийхдээ АТҮТ болон МХЕГ-ын хэлтсийн дарга нарын авлига авсан бичлэгийг олон нийтэд цацсан. Уг хэрэг нь 2017 онд гарч, 2019 оны тавдугаар сард шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн юм билээ. Гэтэл яагаад одоо олон нийтэд ил болгож байгаа юм бэ?
-Авлигатай тэмцэх газраас хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд тодорхой хэмжээнд урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлуудыг зохион байгуулж байгаа. МХЕГ болон АТҮТ ын газрын хэлтсийн дарга нартай холбоотой бичлэг, мэдээллийг цацсан нь хувь хүн рүү чиглэсэн, улс төржсөн асуудал биш. Хамгийн гол нь авлигын нөхцөл байдал ийм байна гэдгийг бодитоор харуулах гэж бичлэгээс олон нийтэд цацсан.
-Үүн шиг нийтийн албан тушаалтан албан тушаалаа урвуулан ашиглаж, авлига авч буй хэрэг нэлээд гардаг байх. Тэдгээрийн бичлэг, мэдээллийг ч цаашид ил гаргаж байх юм уу?
-Авлигын хэрэг нь нэгэнт тодорхой баримтаар нотлогдсон байхад зарим этгээдүүд өөрсдийгөө хэлмэгдсэн мэтээр улс төржүүлдэг. Үүний эсрэг чиглэсэн арга хэмжээ гэж хэлж болно. Нэг талаараа олон нийтэд мэдээлэл түгээгээд байгаа боловч энэ бол маш том урьдчилан сэргийлэх ажил юм. Ер нь авлигын эсрэг маш олон үйл ажиллагаа явуулж байгаа ч нөхцөл байдал өөрчлөгдөхгүй байгаа учраас ийм арга хэмжээ авч байгаа юм. Цаашид ч асуудал яригдана.
-Үүнээс гадна Шүүгч Л.Бямбаа агсны хүү Т-г АНУ-аас авчирна гэсэн мэдээлэл байсан. Үнэхээр авчрах талаар хөөцөлдөж байгаа юм уу?
-Энэ хэрэг дээр мөрдөн байцаалтын ажил явж байна. Үүнтэй холбоотойгоор нэр бүхий шүүгч нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгаж байгаа. Тэдгээрт хилийн хорио тогтоох эсэх нь шүүхийн байгууллагын эрх хэмжээний асуудал. Ер нь гэмт хэрэгт сэжиглэгдэж байгаа этгээд хилээр гарахыг завдсан бол буцаах асуудал яригдана гэсэн үг. Одоогоор хэн нэгэн нь буруутай эсэх нь шүүхээр эцэслэн тогтоогдоогүй байна.
-Оюутолгойн гэрээтэй холбоотойгоор шалгагдаж байгаа сайд нарын хэрэг ямар шатандаа явж байна вэ?
-Мөрдөн шалгах ажиллагаа дуусч байгаа. Удахгүй шүүхэд шилжүүлнэ.