Хөнжил, бүтээлэг, хөшиг, гутал зэрэг томоохон овор хэмжээтэй зүйлийг гэртээ угаах тийм ч амар биш байдаг. Тэгвэл нэгэн зэрэг 3-4 хөнжил, 5-6 гутлыг 15000 төгрөгөөр нэг цагийн дотор бүрэн угааж, хатаах боломжтой өөртөө үйлчлэх 24 цагийн угаалгын газар Монголд анх удаагаа үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. Ингээд угаалгын бизнесийг Монголд шинээр санаачлан хэрэгжүүлж байгаа “Ти Эс Ий” компанийн ерөнхий захирал Ч.Дэлгэрмаатай ярилцлаа.
-Өөртөө үйлчлэх угаалгын газар нээе гэсэн санаагаа хаанаас, хэрхэн олж байв?
-Би БНСУ-д нэлээдгүй хугацаанд сурж, ажиллаж байхдаа анх өөртөө үйлчилдэг 24 цагийн угаалгын газар байдаг гэдгийг мэдсэн. Тухайн үед Монголд том хэмжээтэй зүйлсээ угаах угаалгын машин дутагдалтай байгааг анзаарсан юм. Тэгээд зайлшгүй хэрэгцээтэй юм байна гэж бодоод, олон компанитай уулзаж үзээд, нэгийг нь сонгоод оруулж ирсэн.
-Танайхаас өөр угаалгын бизнес эрхэлдэг байгууллага Монголд байгаа юу?
-Манайхаас өөр байхгүй. Бид анхдагч нь болж байна. Тэхдээ маш олон хүн энэ төрлийн бизнес хийе гэж бодож байсан байх. Миний хувьд, хоёр жил орчмын өмнөөс өөртөө үйлчлэх угаалгийн газар нээе гэж бодсон. Харин өнгөрсөн жилийн намраас хүмүүстэй уулзаж, идэвхтэй хөөцөлдөж эхэлсэн. Манайх шиг жижиг компанийн хувьд бэрхшээлтэй зүйл олон тулгарч байв. Байгуулахын тулд их ч хөдөлмөр орсон. Тухайлбал, БНСУ-д хэд хэдэн удаа очиж, тухайн хариуцсан компаниудад нь бизнес төлөвлөгөөгөө танилцуулсан.
-Ер нь хэдэн төгрөгийн санхүүжилтээр боссон бэ?
-Баянзүрх дүүргийн 26-р хороо Санни тауны 4Б байранд байрлах “Laundryzone” өөртөө үйлчлэх угаалгын газар маань 70 ам метр 12 төрлийн угаалгын машин, хатаагч байрлуулсан. Үндсэндээ 400 орчим сая төгрөг орсон. Өр зээлийн хувьд тодорхой хугацаанд эргүүлж төлөх нөхцөлтэйгөөр гадаадын 50 хувийн хөрөнгө оруулалт авч хийж байгаа.
-Өөртөө үйлчлэх угаалгын газрынхаа онцлог, давуу талаас нь та танилцуулахгүй юу?
-Угаалгын газар байгуулъя гэж бодоод хувиараа янз бүрийн судалгаа, туршилт хийж үзсэн. Тухайлбал, манай цахилгаан барааны дэлгүүрүүд хамгийн ихдээ 9 кг-ийн угаалгын машин зардаг. Дунджаар айл бүр 5-7 килограммын угаалгын машинтай. Яах вэ, гадаадад амьдарч байсан хүмүүс бол том хэмжээний угаалгын машин захиад авчирсан байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ нийт хүн амын 70, 80 хувь нь хагас автомат юм уу, эсвэл жижиг оврын 5-9 килограммын угаалгын машин ашигладаг. Тэгэхээр гэртээ том оврын хөшиг, хөнжил зэргийг угаахад хүндрэлтэй. Мөн хими цэвэрлэгээний газраа явж үнийг нь судлахад, нэг хөнжлийг 20000-25000 төгрөгөөр угаадаг юм билээ. Ингээд аваад үзвэл, хүн бүр хими цэвэрлэгээгээр үйлчлүүлэхэд хэцүү. Угаалгах давтамж нь ч цөөн гэсэн үг. Том угаалгын машин Монголд ороод ирэхээр сардаа нэг удаа хөнжлөө угаадаг байсан бол хоёр долоо хоногтоо нэг удаа ч юм уу, илүү ойр давтамжтай угаах боломжтой болно. Хүмүүсийн амьдралын чанар дээшилнэ гэж үзэж байгаа юм. БНСУ-д болохоор 24 цаг ажилладаг. Манайх ч гэсэн 24 цагаар ажиллана. Уг нь энэ төрлийн угаалгын газар нь ямар ч хүнгүй системээр ажиллах зарчимтай. Гэхдээ Монголдоо нутагшуулаад, хүмүүсийг хэрэглэж суртал мэдээлэл өгөх хүн дэргэд нь байх хэрэгтэй гэж үзсэн. Тиймээс одоогоор хүмүүст яаж хэрэглэхийг, картаа хэрхэн цэнэглэх зэрэгт нь зөвлөгөө өгөх ажилтантай байна. Монголчууд юмыг их хурдан сурдаг. Тэгэхээр ойрын нэг жилдээ хэрэглээд, өөртөө үйлчлэх угаалгын газраар үйлчлүүлээд сурах байх аа. Төлбөр тооцооны хувьд үйлчлүүлэгчийн карт авч 10000, 20000 дэвсгэртээр цэнэглэн, угаалгын үйлчилгээг авна. Цаашлаад бид банкны карт уншдаг болгоно.
-12 төрлийн угаалгын машин, хатаагч байна гэсэн. Эдгээр нь хэмжээний хувьд ялгаатай юу?
-12 төрлийн машины зургаа нь угаалгын машин, зургаа нь хатаагч юм. Хэмжээний хувьд 30 кг, 20 кг, 17 кг гэсэн гурван төрөл байна. Үнийн хувьд ч 9000-15000 төгрөгийн хооронд байна. Жишээлбэл, хамгийн том угаалгын машинд нь 3-4 хөнжлийг 15000 төгрөгөөр угаах боломжтой. Энэ нь эдийн засгийн хувьд маш хэмнэлттэй. Хатаагчийн үнэ нь мөн угаалгын үнэтэйгээ ижил. Тэхдээ хүмүүст сонголт өгч байгаа. Чийгтэйгээр нь авч яваад гэртээ хатаасан ч болно, манай дээр 30 минутын дотор дөрвүүлэнг нь хатаасан ч болно. Мөн хүмүүсийн их сонирхож зүйл нь пүүзний угаалгын машин. Зах зээлийн судалгаагаар 7000-12000 төгрөгөөр нэг пүүзийг цэвэрлэдэг. Өөртөө үйлчлэх угаалгын газарт зургаан пүүзийг 13000 төгрөгөнд угаах боломжтой. Хатаах нь бас ижил үнэтэй. Олныг угааж байж эдийн засгийн хувьд хэмнэлттэй. Мөн цаг маш их хэмнэнэ. Бусад хими цэвэрлэгээнд угаах зүйлээ аваачиж өгөөд 2-3 хонодог. Харин манайхаар үйлчлүүлээд нэг цагийн дотор цэвэрлээд угаагаад, өмсөөд явж болно. Хатаагчийн хувьд тусгайлан пүүз хатаахад зориулагдсан ба хэт ягаан туяагаар шарж, бактери устгах зориулалттай.
-Үйлчлүүлэгчид угаалгын нунтагаа өөрсдөө авчрах уу?
-Угаалгын машинуудад автоматаар угаалгын шингэн, зөөлрүүлэгч бодистой байгаа. Үйлчлүүлэгчид зөвхөн угаах зүйлсээ бариад ирэхэд болно. Тэгэхээр 9000-15000 төгрөг гэх үнэдээ угаалгын шингэний үнэ орсон гэсэн үг. Цаанаасаа автоматаар угаалгын нунтаг нь ордог учраас угаалгын нунтагаа ихдүүлнэ, багадуулна гэсэн юм байхгүй. Мөн угааж буй зүйлээ хүлээх хоорондоо үнэгүй WIFI болон бүтэн биеийн массажны сандал, кофе бэлтгэн уух, ном унших боломжтой.
-Өөртөө үйлчлэх угаалгын газрыг одоогоор хэр их хүн зорьж ирж байна вэ. Цаашдаа салбараа хэрхэн байгуулах вэ?
-Манайх энэ сарын 1-нд нээлтээ хийгээд, дараагийн өдөр нь facebook page нээсэн. 24 цагийн дотор 6000 дагагчтай болсон. Тэгэхээр хүмүүс ямар их хүсэн хүлээж байсан нь тодорхой. Манай постыг нэг өдрийн дотор 360 000 хүн үзсэн байсан. Ер нь БНСУ-д энэ төрлийн бизнесийг тогтсон ажилтай, хоёрдогч орлогын эх үүсвэр хайсан хүмүүс ихэвчлэн хийдэг. Тэр утгаараа бүх орлого, зарлагаа утаснаасаа хянадаг. Хэт их баригдаад байх шаардлагагүй. Асуудал гарвал утаснаасаа шийднэ. Тухайлбал, хэдэн машин ажиллаж байна, хэдэн машин зогсож байна, хэдэн төгрөгийн орлого орсон байна гэдгийг бүгдийг нь утаснаасаа хянах боломжтой. Цоо шинэ үйлчилгээ учраас зах ч бай, төв ч бай хэрэгцээ нь яг ижилхэн. Цаашдаа хэд хэдэн газар салбараа нээх төлөвлөгөөтэй байгаа. Энэ бизнесийг эхлүүлэх санхүүгийн чадвартай хүмүүс манайд хандаад, манай бүх брэнд нэртэй нь аваад, салбар нээх боломжтой. Заавал том компаниуд ийм зүйлийг хийдэг гэсэн ойлголт хүмүүст байдаг юм билээ. Шинэ юм хийе гэвэл заавал том компани гэхгүй, жижиг компани эсвэл хувь хүн ч хийж болно. Манайх тэр тал дээрээ жишээ болж магадгүй юм.
ХАЯГ: Баянзүрх дүүргийн 26-р хороо Санни тауны 4Б байранд байрлах “Laundryzone” өөртөө үйлчлэх угаалгын газар
ХОЛБОО БАРИХ УТАС: 89007252