Open iToim app
Зочин | 8 мин уншина

С.Эрдэнэ: Х.Баттулга улайран дайрч байна, гэхдээ АН-ын албан ёсны тамга, бүртгэл надад бий

С.Эрдэнэ: Х.Баттулга улайран дайрч байна, гэхдээ АН-ын албан ёсны тамга, бүртгэл надад бий
Нийтэлсэн 2022 оны 3 сарын 15
Ардчилсан намын дарга С.Эрдэнэтэй ярилцлаа.
-Ардчилсан намын даргын сунгаа болно гэж байна. Та үүн дээр ямар байр суурьтай байна вэ?
-Ардчилсан намын даргын сунгаа зарлаад байгаа И.Мөнхжаргал тэргүүтэй нөхөд бол АН-ын хууль ёсны сонгуулийн хороо биш. Бүрэн эрхийн хугацаа нь аль эрт дууссанаас гадна АН-ыг төлөөлж даргын сунгаа зарлах чадамжтай хүмүүс биш юм. Ийм хууль бус сунгаанд нэр дэвшиж буй Ж.Батсуурь, Х.Баттулга нар инээдтэй байна. Бүхэл бүтэн улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүн хууль, дүрмээ уландаа гишгэлээ. Ер нь бол энэ бүхэн өөрийнх нь зохион байгуулсан жүжиг л дээ. Анх АН-ыг хагалж хоёр хуваагдсан мэт харагдуулахын тулд О.Цогтгэрэлийг намын даргад дэвшүүлж, өөрөө ард нь удирдаж байсан хүн бол Х.Баттулга. Одоо бүр аргаа бараад өөрөө гарч ирлээ.
Х.Баттулга эрх баригч нам болох МАН-ын даргын зөвлөх шүү дээ. Ийм хүн сөрөг хүчний намын даргад нэрээ дэвшүүлж байгаа нь эрүүл хүний ухаанд багтахгүй үйлдэл. Хэдийгээр энэ бол хүний эрх ч гэлээ ёс суртахууны хувьд ямар хүн бэ гэдгийг илэрхийлж байна. Нөгөө талд  Ж.Батсуурь нь Ардчилсан намын үндсэн дүрмийг удаа дараа зөрчсөн гээд намаас хасагдсан хүн. Энэ хүнд даргаар сонгогдох байтугай намын үйл ажиллагаанд оролцох эрх байхгүй.
-Тэгэхээр та энэ сонгууль болж дарга нь сонгогдсон байлаа ч хууль ёсны биш гэж хэлэх гээд байна уу?
-Тийм. Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн дагуу УБЕГ-аас Ц.Туваан дээр байсан тамгыг хүчингүйд тооцож, С.Эрдэнэд шинээр тамга тэмдэг хийлгэх зөвшөөрлийг олгох тухай акт гарсан. Гэтэл үүнийг хүчингүй болгох хүсэлт гаргаж, маргаан үүсгээд жил гаруй хугацаа болж байна. Сая нэгдүгээр сард Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Ц.Туваан, О.Цогтгэрэл нараас гаргасан УБЕГ-ын актыг хүчингүй болгох хүсэлтийг үндэслэлгүй гэж үзсэн. Тэгээд тэд дахиад давж заалдахад Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс УБЕГ-ын актыг хүчингүй болгох хүсэлтийг дахин үндэслэлгүй гэж үзсэн юм. Ингээд тэднийг давж заалдах эрхгүйгээр эцсийн шийдвэрээ гаргасан. Одоо дахиж тамга тэмдэгтэй холбоотой маргаан байхгүй гэсэн үг.
Бидэнтэй тамга тэмдэгний маргаан хийгээд байгаа хүмүүсээс хэнийг нь АН-ыг төлөөлнө, дарга нь гээд УДШ-ийн тогтоол гарсан бэ. Хэн гэж этгээдийг УБЕГ бүртгэл дээр бүртгэсэн бэ. Тэдэнд өнөөдөр хүчин төгөлдөр тамга тэмдэг байхгүй. Өөрөөр хэлбэл, тэдний дунд хууль ёсоор АН-ыг төлөөлөх нэг ч хүн байхгүй. 2017 оны УДШ-ийн 01 тоот тогтоолоор Содномзундуйн Эрдэнийг Ардчилсан намын дарга гэж бүртгэсэн нь хүчин төгөлдөр хэвээрээ байгаа. Үүнийг үндэслээд Улсын бүртгэлийн гэрчилгээн дээр АН-ын дарга С.Эрдэнэ гэж бүртгэсэн нь хүчин төгөлдөр хэвээрээ. Надад байгаа тамга тэмдгийг хүчин төгөлдөр гэдгийг шүүх нотолсон.
Надтай тамга тэмдэгний маргаан хийгээд байгаа хүмүүсийн хэлж буйгаар ингэж болох нь. Жишээлбэл, МАН-ын 100 гишүүн цуглаад МАН-ын даргын сонгууль хийж байна. Тэгээд одоогийн намын даргаас өөр хэн нэгнийг сонгоод манай намын дарга, энэ хүнийг УДШ-д бүртгүүлье гэвэл УДШ МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийг хүчингүй гэж тооцож, 100 хүний хурлаас гарч ирсэн даргыг бүртгэх юм уу. /инээв/ Бид эрх зүйт төртэй. Үндсэн хуулийн хүрээнд гарсан салбар хуулиудыг мөрдөж л ажиллана.
-Тантай тамганы маргаан хийгээд байгаа хүмүүс чинь УИХ дахь АН-ын бүлэг юм шиг харагдаж байна. Тэгэхээр С.Эрдэнийн тал УИХ-д суудалгүй юу гэдэг асуулт гарч байна?
-Уучлаарай, манай намын тэргүүн дэд дарга болох Д.Ганбат бол УИХ дахь АН-ын бүлгийн дарга. УИХ дахь АН-ын бүлэг бол сонгуулийн үр дүнгээр байгуулагддаг намын бүтэц юм. Манай намын дүрмээр бүлэг бол намын удирдлагаас өгсөн бодлого чиглэл, чиг үүргийг хэрэгжүүлэх үүрэгтэй. Зөрөх эрх байхгүй. Мөн намын дүрэмд бүлгийн гишүүн АН-ын үндсэн дүрмээр хүлээсэн үүргээ биелүүлэх үүрэгтэй. Үүнийг биелүүлж чадахгүй гэвэл хариуцлагаа хүлээж, намаасаа гарах ёстой.
-Тэгвэл таны хувьд хариуцлагаа хүлээсэн үү. Та гурван удаагийн сонгуульд дараалан ялагдсан мөртлөө дарга хэвээрээ л байгаа хэр шударга вэ?
-Би 2020 оны долдугаар сард хариуцлагаа хүлээж, намын даргын сунгааг зарлаад Ц.Туваанд сонгуулийг зохион байгуулж, хамгийн олон санал авсан хүнийг дарга болгож батламжлаарай гээд тамгаа түр хариуцуулаад явсан. Гэтэл Ц.Туваан үүрэг биелүүлэхгүй, намын даргын сонгуулийг зогсоосон. Энэ бүгдээс болж би эргэн ажилдаа ороод Ц.Тувааныг тамга өг гэхэд өгөөгүй. Тэгэхээр нь хууль ёсоор нь шийдэж, одоо үйл ажиллагаа хэвийн явж байна.
Бид сунгаа зохион байгуулахад М.Тулгат хамгийн олон санал авч гарч ирсэн. Ингээд түүнийг даргаар бүртгүүлье гэж гурван удаа УДШ-д хандсан. Гэтэл гурван удаа хууль бус хариу өгсөн. Танай нам дотоод маргаанаа шийд гэж байгаа юм. Юу гэсэн үг вэ. Улс төрийн намын тухай хуулийн 13.9-д тухайн улс төрийн намын дүрэм журмаар зохицуулагдах аливаа маргааныг шүүх хянан хэлэлцэхгүй гэж  заасан байдаг. Улс төрийн намын хувьд УДШ бол зөвхөн бүртгэлийн чиг үүргийг хэрэгжүүлнэ. Тэрнээс хяналтын үйл ажиллагаа явуулдаггүй. Бүртгэлийн байгууллага бол бүрдүүлэх зүйлс нь бүрэн байвал үг дуугүй бүртгэж, бүрдүүлэх зүйлс дутуу байвал буцаах ёстой. Түүнээс биш танай нам маргаантай байна гэж хянаад тодорхой чиг үүрэг өгдөг газар биш. Гэтэл хуульд заагаагүй эрхийг эдэлж, хуульд заагаагүй асуудлыг шаардах эрх УДШ-д байхгүй. М.Тулгатыг бүртгүүлье гэхэд ийм шалтгаанаар гурван удаа буцаасан. Тэрнээс биш би сандал суудалдаа зууралдаад байгаа юм биш.
АН-ыг С.Эрдэнэ сонгуульд ялагдуулсан гэж ярьдаг. Гэтэл манай нам УИХ-ын сонгуульд ялж байгаагүй. 32 жилийн түүхэнд АН УИХ-ын сонгуульд ялсан түүх байхгүй. Хоёр удаа л олуулаа болсон. 1996 онд 50-уулаа сонгогдсон юм. Тэр үеийн хуулиараа 50 гишүүн дээр нэмэх нэг гишүүн байж байж олонх болж, дангаараа засаглах эрхтэй болдог байсан. Тухайн үед нэг суудал дутаж байсан л даа. Талийгаач О.Дашбалбар гуай бие даагч байсан. О.Дашбалбар гуай тухайн үеийн МАХН-ын талд саналаа өгөхөд МАХН-ын шийдвэр хүчин төгөлдөр болдог, Ардчилсан холбоо эвслийн засгийн газрын талд орохоор Ардчилсан холбоо эвслийн шийдвэр хүчин төгөлдөр болдог байлаа. Нэг хүний сонголтоор төрийн бодлого шийдвэр тодорхойлогддог байсан үе. Үүнээс болж дөрвөн Засгийн газар огцорсон. Н.Энхбаяр гарч ирээд баахан бужигнуулаагүй юу.
Дараа нь 2012 онд 36 суудалтай болж мөн олуулаа болсон. Тухайн үед 39 суудлаар олонх болдог байсан. Гэтэл тэгж чадаагүй учир арга буюу Шударга ёс эвсэлтэй нэгдэж Эвслийн Засгийн газар байгуулсан. Бид дангаараа засаглаж үзээгүй шүү дээ. Гэтэл АН байнга ялж байсан юм шиг над руу дайрч болохгүй. Би дарга болоод л байнга ялагдуулчихсан юм шиг ярьж байна.
Тэгж яривал 2016 онд би намын даргад өрсөлдөж, 2017 онд ажлаа авсныхаа дараа Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг нэр дэвшүүлж, би өөрөө 21 аймаг, есөн дүүргээр дагуулж явж байж сонгуульд ялуулсан шүү дээ. Тэр намраа Ж.Эрдэнэбатын Засгийн газарт хариуцлага тооцож огцруулсан. Тэгээд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг баталсан. Дараа нь У.Хүрэлсүхийн Засгийн газар ЖДҮ-ийн асуудал, төрийн албан хаагч нэгнээ хөнөөсөн асуудлуудыг би УИХ-д өргөн барьж байсан. Тухайн үеийн Засгийн газрыг огцруулах асуудал оруулсан. Яг санал хураалтын өдөр Х.Баттулга АН-ын есөн гишүүн дотроос гурвыг нь урвуулсан шүү дээ. Гурав нь урваад нөгөө талд саналаа өгсөн. Нэг дэх нь, Ж.Батзандан. Шагналаа аваад Австрали явсан. Хоёр дахь  нь, Л.Болд. Бас шагналаа аваад элчин сайд болсон. Гурав дахь нь, Д.Мурат. Мөн л шагналаа хүртэж том том тендер аваад Баян-Өлгийдөө жаргаад хэвтэж байна. Энэ гурвыг Х.Баттулга урвуулж, нөгөө талд санал өгүүлсэн. Би энэ үед Х.Баттулга дээр ороод “Та боль, ингэж болохгүй. Хэний Засгийн газар байх нь хамаагүй. Хариуцлага гэж зүйл байх ёстой шүү” гэж хэлээд байхад хүрлийсээр байгаад тэр гурвыг урвуулж байсан юм. Тухайн үед Засгийн газар огцорсон бол магадгүй одоо АН эрх барьж, Х.Баттулга хоёр дахь удаагаа Ерөнхийлөгч болоод нөхцөл байдал өөр байх байсан ч юм билүү. Бидэнд боломж байсан, гэтэл Х.Баттулга энэ бүх боломжийг устгасан шүү дээ.
 -Та “Үр могой” гээд зохиол уншиж байсан уу?
-Уншилгүй яах вэ.
-Тэгвэл тийм л үйл явдал болсон юм биш үү?
-Тийм. Би түүнийг дэмжиж, Ерөнхийлөгч болгож байхад намайг хамгийн муу муухай хүн мэтээр харлуулж байна. Сүүлийн таван жил намайг толгой өндийлгөсөнгүй. “MEC” гээд нэг судалгааны байгууллага байдаг. Түүнийг “Нирун”-ы Р.Батсайхан гэгч Х.Баттулгын баруун гар гаргадаг юм шүү дээ. Тэр судалгааны байгууллага миний мэдэхийн сүүлийн 7-8 жил намайг үйл ажиллагаа нь ард иргэдэд таалагддаггүй улстөрчдийн нэгдүгээрт жагсааж байна. Би үүнийг эсрэгээр нь гэж ойлгодог. Х.Баттулга бол ийм хар пи араар иргэдийн толгойг угааж, итгэл үнэмшлийг нь олж аваад сурчихсан. Тэр гаршсан.
-Юуны төлөө тэгнэ гэж?
-Ойлгомжтой шүү дээ. Эрх мэдэлд хүрэх гэж.
-Улсын Ерөнхийлөгч хүртэл боллоо. Ханасан байлгүй дээ?
-2024 онд АН ялж магадгүй гээд улайран дайрч байна. АН ялчихвал Ерөнхий сайд болно гээд мөрөөдөөд явж байгаа.
-Тэгвэл та 2024 оны сонгуулиар яах юм?
-Нам надад итгэл хүлээлгэвэл би дэвшинэ. Үнэн зүйл гэдэг цаг хугацааны эрхэнд тодроод ирнэ ээ. Хэн нь үнэн байсан бэ гэдгийг цаг хугацаа харуулна.
-Таны ойрын зорилго юу вэ?
-Энэ оны эхний хагаст багтаагаад намын бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагааг жигдрүүлнэ. АН үндсэн дүрмийн өөрчлөлтөө баталсан. Үүнийг УДШ-д бүртгүүлж өөрчлөлтийн дагуу шинэчилсэн зохион байгуулалтаа хийнэ. Тэгээд гадагшаа чиглэсэн улс төрийн үйл ажиллагаагаа эхэлнэ.
-Тэгвэл холын зорилго нь?
-Би энэ намын дарга байна уу, байхгүй юу хамаагүй. Би намынхаа гишүүн байх болно. Намын гишүүний хувьд, анх энэ намыг үүсгэн байгуулалцсан хүний хувьд АН-аа ялахыг харах нь гол зорилго доо.
-Таны ярианаас АН Х.Баттулгагүй л бол болох гээд байна гэж ойлголоо?
-Тийм. Тэр луйварчин байхгүй бол улс оронд ч хэрэгтэй шүү дээ. Монгол Улсын хөгжлийн боломжийг хамгийн их хорлосон хүн бол Х.Баттулга. Төмөр замаа нарийн царигаар баривал танк орж ирнэ, баялаг урсаад гараад явна гэж ярьж явсан хүн шүү дээ. Хэрвээ төмөр зам тавьчихсан байсан бол нүүрс хэдэн сая тонноороо гарч тэр хэмжээгээр орлого олох боломжтой байсан шүү дээ. Ингэд ард түмнээ хорлож болохгүй.
-Э.Бат-Үүл гуай дээр очиж уулзав уу?
-Уулзсан. Энэ долоо хоногт бас уулзана. Э.Бат-Үүлийн асуудал дээр АН байнга анхаарч байгаа.
-Та ер нь АН-ын дотоод ардчиллыг хэр гэж боддог вэ?
-АН нээлттэй, ардчилалтай нам учир гаднаасаа зөрчилтэй юм шиг харагддаг. Та бүгд гадна талдаа зөрчилгүй юм шиг харагддаг намыг ардчилалтай гэж үзэх үү, бүх зүйл нь нээлттэй намыг ардчилалтай нам гэж үзэх үү. Дотоод ардчилал сайн учраас бүх зүйл нь ил байдаг юм. Магадгүй сахилга, хариуцлага нь сул байх. Бусдаар бол сайн гэж хэлнэ.
-Ярилцсанд баярлалаа.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн