Open iToim app
Эрүүл монгол | 6 мин уншина

Б.Эрдэнэбулган: Хавдрын өвчлөл их байгаа нь үндсэн дөрвөн шалтгаантай

Б.Эрдэнэбулган: Хавдрын өвчлөл их байгаа нь үндсэн дөрвөн шалтгаантай
Нийтэлсэн 2018 оны 10 сарын 9
Улсын хоёрдугаар төв эмнэлгийн стратеги, төлөвлөлт эрхэлсэн дэд захирал, Анагаах ухааны доктор Б.Эрдэнэбулгантай ярилцлаа.
-Хорт хавдрыг эдгээх арга нээсэн эрдэмтэд Нобелийн шагнал хүртлээ. Үүнээс хавдрын өвчлөлийг төвөггүй эмчилдэг болох нь гэж дүгнэж болох уу. Мөн хөгжингүй улсуудад хавдрын өвчлөл буурч байгаа талаар судалгааг та хийсэн гэж сонссон. Манай улсын хувьд энэ төрлийн өвчлөл буурах хандлага ажиглагдаж байна уу?
-Хөгжингүй орнуудад хавдрын өвчлөл буурч байгаа хэдий ч Монгол Улсын хавдрын өвчлөл 2025 он хүртэл буурахгүй гэсэн тооцоолол гарсан. Гэхдээ Монгол Улсад бусад төрлийн хавдрын тоо буурсан ч элэгний хавдрын өвчлөл нэмэгдэж байгаа нь хавдрын өвчлөлийн нийт эзлэхүүнийг өндөр харагдуулж байна. Харин 2025 оноос хойш буурах эсэх нь биднээс шалтгаална. Хэрвээ бид ач холбогдол өгч чадвал буурна. Хорт хавдар үүсэх шалтгаан хүний биед орсон бол 10-15 жилийн дараа хавдар болж өвчилдөг. В, С вирусээр өвчилсөн тохиолдолд хамгийн багадаа 10 жилийн дараа хавдар болох эрсдэлтэй гэсэн үг юм. Тэгэхээр хавдрын өвчлөлийг бууруулах зорилт тавиад үр дүнд хүрэхэд тав зургаан жил ч хангалтгүй.
Нобелийн шагнал авсан судалгааг би уншиж үзсэн. Хожуу шатандаа орсон арьсны хорт хавдрыг эмчлэх аргыг туршиж, энэ нь үр дүнд хүрсэн. Эмийн эмчилгээний аргыг бусад төрлийн хавдрын эмчилгээнд ашиглаж болно гэсэн санааг ч дэвшүүлсэн байсан. Хэрвээ хавдрыг эмчилж чадвал тэр хүнд хөшөө босгоно гэсэн амлалт ч бий. Нобелийн шагнал хүртэж байгаа хоёр судлаач алтаар хөшөөгөө босгуулж ч магадгүй. 
-Хавдрын өвчлөл буурахгүй харин ч хорт хавдраар өвчлөгчдийн тоо нэмэгдэж байгаа гол шалтгаан нь юу?
-Хавдрын өвчлөл их байгаа нь үндсэн дөрвөн шалтгаантай. Нэгд, иргэдийн эрүүл мэндийн боловсрол маш муу байна. Хоёрт, хоол, хүнс тэжээлийн байдал.  Гуравт, зан үйл буюу шашны асуудал. Дөрөвт, эмчилгээ, оношилгооны чадамж. Энэ дөрвөн зүйл сайжирч байж хавдрын өвчлөл буурна. Энэ дөрвөн зүйлд анхаарахгүй бол хэдэн ч сайн эмнэлэг бариад, гадаад дотоодод сайн эмч бэлтгэж дэмжээд ч хавдрын өвчлөл буурахгүй. Мөн хавдраар оношлогдоод ирсэн өвчтөн шинжлэх ухаанчаар эмчилгээ хийлгэлгүй лам, бөөгөөр явж улам хүндрүүлдэг жишээ олон бий. Эмнэлгийн байгууллагын тусламж үйлчилгээг сайжруулах гэж ярихаасаа урьтаж иргэдийн эрүүл мэндийн боловсролыг сайжруулах арга хэмжээ авах нь зүйтэй. Хувь хүн өөртөө анхаарал хандуулахгүй байна. Гэтэл иргэн өөрөө эрүүл мэнддээ анхаарах нь маш чухал. Манай иргэд өвдсөн үедээ л эмнэлэгт ханддаг гэж ойлгодог. Энэ бол ташаа ойлголт. Эмч болон иргэн хамтарч өвдөхөөс урьдчилан сэргийлж, өвдөхгүй байх арга хэмжээ авах ёстой. 
-Иргэдийн эрүүл мэндийн боловсрол муу байна гэж судалгаагаар тогтоогдсон байна. Судалгааны дүнгээс танилцуулж болох болов уу. Иргэд хавдрын талаар ямар бодолтой байдаг вэ?
-Хавдаргүй Булган төсөл хөтөлбөрийн удирдагчаар гурав дахь жилдээ ажиллаж байна. Энэ төслийн хүрээнд 10 мянган хүнээс мэдээлэл цуглуулж судалгаа авсан. Үүний үр дүнд иргэдийн 90 хувь нь хавдрын талаар буруу ойлголттой  гэсэн үр дүн гарсан. Хүмүүс ямар шалтгааны улмаас хавдраар өвчилдөг гэдгийг мэддэггүй. Хавдар юунаас үүсдэг вэ гэдгийг мэддэггүй. Жишээлбэл, элэгний хавдраар өвдөх шалтгааны 90 хувийг элэгний В,С вирус эзэлж байна. Гэтэл судалгаанд оролцсон хүмүүсээс В,С вирус нь хүний биед байх ёстой гэж хариулсан хүн ч олон байна.  Энэ байдлаар шалтгааныг нь мэдэхгүй учраас өвдөхөөсөө өмнө эмнэлэгт хандаж чадахгүй. Орчин үед В,С вирусийг бүрэн эмчилж байгаа шүү дээ. Тиймээс хавдар болохоос нь өмнө В, С вирусийг эдгээе гэсэн сэтгэхүй бидэнд хэрэгтэй. Ийм сэтгэлгээг хэрхэн төлөвшүүлэх вэ гэдэг чухал асуудал.
Эрүүл мэндийн боловсролын байгууллагууд энэ талаар хичээлийн хөтөлбөртөө тусгаж өгөх шаардлагатай гэж би бодож байна. Нас биед хүрчихсэн, төлөвшсөн хүнд үүнийг яриад нэмэр бага. Харин хүүхдийг бага наснаас нь сургуулийн орчинд хичээлээр эрүүл мэндийн боловсрол олгох хэрэгтэй. Тиймээс ч сургалтын системд өөрчлөлт оруулах нь хамгийн чухал асуудал. Иргэд нь эрүүл мэндийн боловсролтой байж бид хавдрын өвчлөлийг бууруулж чадна. Япон улсад шүдээ хэрхэн угаах вэ гэдгийг сургуулийн насны хүүхдүүдэд өдөр бүр зааж өгдөг. Газар хөдлөлт болсон үед ямар арга хэмжээ авах вэ гэдгийг нарийн зааж сургадаг. Япон хүн хаана ч, хэнд ч анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлэх чадвартай байдаг. Японд эрүүл мэндийн боловсролыг нэг улирал заах бус нас, насанд нь тохируулж улирал бүр, давтамжтай зааж сургаж байна. Нэг удаа зааж сургаад бүрэн мэдлэг чадварыг эзэмшүүлж чадахгүй. Бид энэ системээс суралцаж байж үр дүнд хүрнэ.
-Элэгний хавдраар оношлогдсон хүмүүсийн 70 орчим хувь нь гурав болон дөрөвдүгээр шатанд оношлогдож байна. Энэ нь ч иргэдийн мэдлэг, мэдээлэлгүй байдалтай холбоотой байх тийм үү?
-Элэг их дүлий эрхтэн. Өвдсөн бол хожуу зовиур илэрч оношлогддог. Хавдар нь жижигхэн байхдаа эзэндээ мэдэгддэггүй. Харин томроод ирэхээрээ зэргэлдээ эрхтнүүдээ дарна, шахна, хавчина. Ингээд зовиур өгч эхэлдэг. Хүндрээд ирсэн үед турах, хоолонд дургүй болох, ядрах шинж илэрч эмнэлэгт хандахад аль хэдийн төгс эмчилгээ хийх боломжгүй болчихсон байдаг. Тиймээс эрт үе дээр нь шинжилгээнд хамрагдах хэрэгтэй. Ямар шалтгаанаар өвддөг вэ гэдгийг ч мэдэж байх ёстой.
-Хавдрын өвчлөл буурахгүй байгаа нь хоол, тэжээлийн асуудал чухал нөлөөтэй байна гэж дээр дурдсан. Сүүлийн жилүүдэд генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүний талаар их ярих боллоо. Энэ нь хавдрын шалтгаан болж байгаа юу. Манай улсын хүнсний аюулгүй байдал хэр хэмжээнд байгаа вэ, яг хэрхэн нөлөөлж байгааг судалгаагаар тогтоосон уу?
-Одоохондоо манай улс ийм төрлийн судалгаа хийх хэмжээнд хөгжиж чадаагүй байгаа шүү дээ. Мэдээж хавдар үүсэхэд хүнс тэжээл  нөлөөтэй. Австралийн нэртэй эрдэмтний лекцэд сууж байхад хүнсний ногоог сонгож авахад хэлбэр хэмжээ төдийгүй, үнэр, өнгийг нь хүртэл анзаарч анхаарах хэрэгтэй гэдгийг онцолж байсан. Генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүний хэмжээ нь томорсон, байх ёстой хэлбэр хэмжээгээ алдчихсан байдаг. Генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүнийг нэг удаа хэрэглээд шууд нөлөө үзүүлэхгүй. Харин удаан хугацаанд хэрэглэсэн тохиолдолд өөрчлөлт үзүүлдэг. 1990 оны ихээр АНУ-д түргэн хоол маш эрчимтэй хөгжсөн. Энэ шарсан тахианы хэрэглээ өссөн учир үйлдвэрлэгчид хэрэглээг бүрэн хангаж чадахгүй болсон. Тиймээс тахианд хурдан хугацаанд таргалуулах тариа тарьж эхэлсэн. Одоо АНУ-ын иргэд гуяараа илүү таргалалттай байна.
Судалгаа хийгээгүй байгаа хэдий ч хадгалалт удаан даадаг жимс ногоо, хүнсний бүтээгдэхүүн, хятад гоймон гээд химийн найрлага орсон бүхэн л хорт хавдар үүсгэхэд нөлөөлж байгаа гэдгийг хэлмээр байна. Мөн хорт зуршил архи тамхи хавдар үүсэхэд нөлөөлдөг.
-Манай улс хавдрын оношилгоо шинжилгээний хувьд ямар шатанд явна вэ. Хавдартай иргэд PET-CT шинжилгээг Монголдоо хийлгэх боломжтой болж байна. Үнэ өртгийн хувьд ямар байх талаар сонирхож болох уу?
-Хавдрын оношилгооны тоног төхөөрөмж, арга техник манайд хангалттай хэмжээнд хөгжсөн. Харин хорт хавдартай болсон хүмүүст  PET-CT шинжилгээг заавал хийлгэх ёстой болдог. Гэтэл Монголд энэ төрлийн оношилгоог хийдэггүй байсан. Нэг эрхтэнд хорт хавдар үүслээ гэхэд PET-CT гээр оношилж бусад эрхтэнд үсэрхийлэл өгсөн байна уу гэдгийг шалгаж үздэг. Одоогийн байдлаар хавдартай гэж оношлогдоод энэ шинжилгээг хийлгэх шаардлагатай хүмүүсийн дөнгөж 10 хувь нь гадаад улс руу очиж энэ шинжилгээг хийлгэж чаддаг. Учир нь санхүүгийн хувьд их хүндрэлтэй. Шинжилгээг нь 1-2 мянган доллараар хийлгэх болдог. Гэтэл үүний дээр өвдсөн хүн ганцаараа Хятад, Энэтхэг, Солонгос улс руу очоод шинжилгээ хийлгээд ирж чадахгүй. Өвчтнийг хүн дагалдаж явах хэрэгтэй болно. Ингээд  явах зардал, очоод байрлах орон байрны зардлаас эхлээд хамгийн багадаа 3-7 мянган ам,доллар буюу 10-20 сая төгрөг зардаг. Монголд PET-CT шинжилгээг хэдэн төгрөгийн үнээр хийх нь тодорхойгүй байгаа ч замын зардал 60 хувь нь хэмнэнэ. Үүний дээр эрүүл мэндийн даатгалтай уялдуулна. Тэгэхээр 40 хувиас ч бага үнэтэй байна гэж таамаглаж байна.
-PET-CT шинжилгээг хийх Үндэсний оношилгоо, эмчилгээний төвийг Улсын хоёрдугаар төв эмнэлэгт түшиглэн барина гэсэн. Ингэснээрээ Хавдар судлалын үндэсний төвийн ачаалал хэр буурах вэ?
-Энэ төв байгуулагдсанаар Улсын гуравдугаар эмнэлгийн зүрх судасны тусламж үйлчилгээний ачаалал 50 хувиар, Хавдрын үндэсний төвийн ачаалал 50 хувиар буурна. Улсын эмнэлгүүдийн ачааллыг бууруулахад уг төв чухал нөлөө үзүүлнэ.
-Хавдрын эмчилгээг зөвхөн Хавдар судлалын үндэсний төвд хийдэг гэсэн ташаа ойлголт байдаг. Энэ талаар мэдээлэл өгч болох уу?
-Манай эрүүл мэндийн тогтолцоо анхнаасаа өвчнөөр нь ангилж эмнэлгүүдээ байгуулсан. Хавдар, арьсны, харшлын, халдвартын гээд ангилчихсан нь нэг талаасаа их буруу. Яг тэр төв дээрээ л энэ төрлийн эмчилгээ, үйлчилгээг үзүүлнэ гээд эрүүл мэндийн систем тогтсон. Хүмүүсийн сэтгэл зүйд энэ өвчинд тэр эмнэлэг л сайн эмчилгээ, үйлчилгээ үзүүлнэ гэсэн буруу бодол төрүүлчихсэн. Тэгэхээр бусад эмнэлэг дээр энэ төрлийн эмчилгээг хөгжүүлье гэсэн ч олон нийтийн сэтгэл зүй бэлэн биш. Өөр эмнэлэг туршлага багатай гэж хүлээж авна. Гэтэл бид энэ сэтгэл зүйгээ өөрчлөх хэрэгтэй. Нэгдүгээр эмнэлэг, хоёрдугаар эмнэлэг зэрэг томоохон эмнэлгүүд  бүгд хавдрын  тусламж үйлчилгээг үзүүлэх шаардлагатай. Ингэж байж төвлөрөлийг сааруулна. Өвчлөл ихсэж буй энэ цаг үед энэ тогтолцоог системийн гажуудал гэж нэрлэнэ.
-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.
 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн