Open iToim app
Нийгэм | 4 мин уншина

Гурилын үнэ килограмм тутамдаа 200-400 төгрөгөөр нэмэгджээ

Гурилын үнэ килограмм тутамдаа 200-400 төгрөгөөр нэмэгджээ
Нийтэлсэн 2022 оны 9 сарын 27
Хүнсний голлох нэр төрлийн бүтээгдэхүүн болох гурилын үнэ өнгөрсөн баасан гаригаас эхлэн /2022.09.16/ килограмм тутамдаа 200-400 төгрөгөөр нэмэгдлээ.
Бид худалдан авагч олон байдаг “Баянзүрх”, “Нарантуул” хүнсний захуудаар явж гурилын үнэ хэдээр нэмэгдсэн байгааг сурвалжиллаа. Дээрх захуудад дээд гурилын үнэ гурван өдрийн өмнө 2200 төгрөг байсан бол өнөөдөр 150-400 төгрөгөөр нэмэгдэж дээд тал нь 2600 төгрөг, 1-р гурил 1800 төгрөгөөс 100-250 төгрөгөөр нэмэгдэж 2050 төгрөг, 2-р гурил 1400 төгрөгөөс 100-220 төгрөгөөр нэмэгдэж 1620 төгрөг болсон дүр зурагтай байна.
Гурилын үнэ огцом нэмэгдсэн нь худалдан авагч төдийгүй худалдаачдын хувьд ч бараа татахад хүндрэл болж байгааг хэлж байлаа.
Гурил үйлдвэрлэгчдээс гурилын үнэ дахиад ч өснө гэсэн анхааруулгыг бидэнд ирүүлж байгаа
Худалдаачин 1: Энэ жил бараг хоёр дахь удаагаа гурилын үнэ нэмэгдэж байна. Гурил үйлдвэрлэгчид үнэ нэмэгдэж байгаа талаар мэдээлэхдээ “Засгийн газар улаанбуудайг өндөр үнэтэй өгч байгаа учраас бид гурилын үнийг үе шаттай нэмэгдүүлнэ. Одоогоор 200-400 төгрөгөөр нэмсэн ч бидэнд ашиг байхгүй байгаа учраас дахиад нэмнэ” гэсэн хариултыг өгч байгаа. Одоогийн байдлаар Улаанбаатар гурил нэг шуудайн дээрээ 7000 төгрөг, килограммын гурил дээрээ 350 төгрөг нэмсэн.
Худалдаачин 2: Гурилын үнэ огцом нэмэгдсэн нь худалдаачдад хүнд цохилт болж байна. Бид өмнө нь долоо хоногт 500кг гурил авдаг байсан бол өнөөдөр 250кг гурил арай гэж авч байна. Үнэ нэмэгдсэнтэй холбогдуулаад иргэдийн худалдан авалт ч буурч, алдагдалтай ажиллаж байна. Гурилын үнэ өмнө нь 50-100 төгрөгөөр бага багаар нэмэгддэг байсан бол энэ удаа огцом өслөө. Тухайлбал, 25 кг шуудай гурил 31 мянгад зарагддаг байсан бол өнөөдөр 39 мянга болж өссөн. Гурилын үнэ нэмэгдсэнээр бусад нэр төрлийн барааны үнэ ч дагаад өсөж байна. Гурил үйлдвэрлэгчдээс гурилын үнэ дахиад ч өснө гэсэн анхааруулгыг бидэнд ирүүлж байгаа.
Иргэн: 25 килограммын гурил 5000 төгрөгөөр нэмэгдсэн байна. Үүнийг дагаад талх, нарийн боовны үнэ хоёр өдрийн дотор нэг уут нь 2000 төгрөгөөр нэмэгдсэн нь иргэд бидэнд үнэхээр хүнд тусаж байна. Өнөөдөр Монгол Улсад үнийн хөөргөдөл маш их болж бид өөрсдийгөө шулж, ядууруулж байна гэж иргэн хүнийхээ хувьд бодож байна. Өртөг өндөртэй Япон улсын иргэн манай улсад ирээд бараа бүтээгдэхүүний үнийг хараад гайхаж байна шүү дээ. Ажил хийгээд авч байгаа цалин нь нэмэгдэхгүй байж яагаад өдөр тутамдаа хэрэглэдэг бараа бүтээгдэхүүний үнэ сар сараар нэмэгдээд байгааг ойлгохгүй байна. Үүсээд байгаа асуулдалд төр засаг ч олигтой анхаарахгүй энэ улс нэг л биш байгаад байна. Бид ер нь хаашаа яваад байна вэ?
Хүнсний голлох нэр төрлийн бүтээгдэхүүн болох гурилын үнэ ийнхүү нэмэгдсэн нь айл өрхүүдийн өдөр тутамдаа хэрэглэдэг талх, нарийн боовны үнэ дагаад өсөхөд нөлөөлсөн байна. Тухайлбал, атар талх есдүгээр сарын 22-ны өдөр 1600-1800 төгрөг байсан бол өнөөдөр 2300 болж өсчээ. Талх нарийн боовны томоохон үйлдвэр болох “Атар өргөө” ХК гурилын үнэ нэмэгдсэн тул бүтээгдэхүүнийхээ үнийг 30-50 хувиар нэмсэн гэдгийг худалдаачдад мэдэгдсэн байна.
undefined
Гурилын үнэ ийнхүү нэмэгдэх болсон шалтгаан нь өнгөрсөн наймдугаар сард Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас 1-р ангиллын улаанбуудайн тонн тутмын үнийг нэг сая төгрөгөөр, 2-р ангиллын улаанбуудайг 970 мянган төгрөгөөр, 3-р ангиллын улаанбуудайг 940 мянган төгрөгөөр, 4-р зэрэглэлийн улаанбуудайг 880 мянган төгрөг байхаар ханшийг өмнөх жилүүдээс өсгөж тогтоосонтой холбоотой аж. Гурилын үнэ огцом өссөн, цаашид дахин өсөх эсэх асуудлаар холбогдох яамнаас мэдээлэл авах гэсэн боловч “Гурил үйлдвэрлэгчидтэй уулзаж байгаа учир тодорхой мэдээлэл өгөхгүй” гэсэн хариуг хэлсэн юм.
Харин Монголын тариаланчдын үндэсний холбооны дэд ерөнхийлөгч Б.Цог гурилын үнэ яагаад өсөх болсон гэх асуудал дээр дараах тайлбарыг өглөө. Тэрээр “Манай улсад улаан буудай хадгалах агуулах сав хангалтгүй. Бид хураасаан буудайгаа хурдан борлуулж чадаггүй, ил хадгалдаг. Ил хадгалахад жилд 20 хувийн хорогдол үүсдэг. Засгийн газраас Атрын IV аяныг өрнүүлэх уриалга гаргасныг тариаланчид дэмжиж, тоног төхөөрөмжүүдээ сайжруулахад томоохон хөрөнгө оруулалт хийсэн. Гэвч 2020 онд импортын буудайн татварыг тэглэснээр их хэмжээний хямд буудай оруулж, дотоодын буудайн борлуулалт зогссоноор тариаланчид зээлээр авсан тоног төхөөрөмжийн төлбөрөө хийхэд хүндрэл үүсэж эхэлсэн. Улаанбуудай тариалахад орцуудаа худалдаж авах, захиалгуудаа өгөх зэрэг зардал их ордог. Тариаланчдад санхүүгийн хувьд асуудалд байгаа учир 2022 оны хавар тариалалт эхлэх үеэр улаанбуудай тариалах ямар ч бүтээгдэхүүнгүй байсан. Хэрвээ төр засгаас тариаланчдаа дэмжсэн бодлого хэрэгжүүлбэл дотоодоо бүрэн хангаж үнийн өсөлтийг бууруулж чадна” гэв.
undefined
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн