Open iToim app
Эрүүл монгол | 5 мин уншина

Б.Цэцэгсайхан: Цусны шинжилгээгээр хавдрыг илрүүлэх боломжгүй

Б.Цэцэгсайхан: Цусны шинжилгээгээр хавдрыг илрүүлэх боломжгүй
www.iToim.mn
+ Дагах
Нийтэлсэн 2023 оны 1 сарын 10
Манай оронд хорт хавдрын өвчлөл маш их бүртгэгдэж байгаа. Үүнд нөлөөлж буй хүчин зүйл, хорт хавдрын эмчилгээ болоод өөр тулгамдаж буй асуудлын талаар Хавдарын Үндэсний Зөвлөлийн гүйцэтгэх захирал, АУ-ны доктор Б.Цэцэгсайхантай ярилцлаа.
-Таны хувьд саяхан дэлхийн хавдрын хуралд оролцоод ирсэн. Энэ хурал дээр ямар асуудал яригдсан бэ?
-Швейцарын Женев хотноо өнгөрсөн арваннэгдүгээр сард “Дэлхийн хавдрын хурал” болсон. Энэ хурал дээр сүүлийн жилүүдэд ковидын улмаас эрт илрүүлэг хийгдээгүй учраас дэлхий дахинд хавдрын өвчлөл нэмэгдэнэ. Тэгэхээр улс орон бүр нэмэгдэж байгаа хавдрын өвчлөлтэй хэрхэн тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлд ямар чиг хандлага барьж ажиллах талаар ярьсан. Үүнээс гадна улс орнуудын  урьдчилан сэргийлж болох хавдрууд дээр төвлөрч хэлэлцүүлэг зохион байгуулсан. Мөн 2030 он хүртэл умайн хүзүүний хорт хавдрыг дэлхий нийтээр бууруулах асуудал яригдлаа.
Түүнчлэн, хүүхдийн хорт хавдар дэлхий даяар нэмэгдэх хандлагатай байна. Манай орны хувьд ч гэсэн нэмэгдэж байгаа. Гэхдээ үүнийг ихэнх орнууд эрт илрүүлэг, оношилгоо сайжирсантай холбон тайлбарлаж байна. Хүүхдийн хавдрын шалтгаан нь тодорхойгүй байдгаараа насанд хүрэгчдээс онцлогтой юм. Дэлхийн өндөр хөгжилтэй улс орнуудын хүүхдийн амьдрах чадвар 80 хүртэлх хувьтай байна. Манай манай орны хувьд хорт хавдраар өвдсөн хүүхдүүдийн амьдрах амьдрах чадварыг 60 хувьд хүргэх зорилт тавьсан.
-Хүүхдийн хорт хавдрын эрт илрүүлэг дээр анхаарна гэсэн үг үү?
-Улс орон бүр үүнийг бодлогоороо шийддэг. Гэхдээ дэлхийн хэмжээнд эрүүл мэндийн бодлого гаргахын тулд өртөг зардлыг нь судалж үздэг. Хүүхдийн хавдар насанд хүрэгсэдтэй харьцуулахад тохиолдлын тоо нь цөөхөн. Гэхдээ бүх хүүхдийг эрт илрүүлэг, үзлэгт хамруулахад төдийлөн үр ашиггүй гэж үздэг. Тийм болохоор эмч нараа чадавхжуулах, эцэг эхчүүдэд хангалттай мэдлэг өгөх, сэжигтэй тохиолдлыг ирүүлэх боломж бүрдэнэ.
-Ер нь хорт хавдар үүсэхэд нөлөөлж буй хамгийн том хүчин зүйл вэ?
-Монгол Улс хорт хавдрын өвчлөлөөрөө дэлхийн бусад оронтой харьцуулахад нэлээд дээгүүрт ордог. Хорт хавдраар нас баралтаар тэргүүлж байна.  Хорт хавдрын өвчлөл үүсгэгч хүчин зүйлүүдийн нэг нь амьдралын хэв маяг байдаг. Манай улсад зонхилон тохиолдож байгаа хавдрын тохиолдлыг авч үзвэл, урьдчилан сэргийлэх боломжтой, хувь хүний зан үйлтэй холбоотой хавдрын өвчлөл илүү бүртгэгдэж байна. Дэлхийн хэмжээнд хавдрын өвчлөлийг аваад үзвэл, хөх, бүдүүн шулуун гэдэс, уушгины гэх мэт урьдчилан сэргийлэх боломжгүй хавдрын өвчлөл зохилж байгаа бол манайд эсрэгээрээ урьдчилан сэргийлэх боломжтой тодорхой хэмжээний интервенцүүдийг хийчихэд бууруулах боломжтой хавдрууд тохиолдож байна. Жишээ нь, элэг, ходоод, умайн хүзүүний хавдраас урьдчилан сэргийлэх боломжтой юм.
Хавдар үүсгэх хамгийн өндөр эрсдэлтэй дараагийн хүчин зүйл бол тамхины хэрэглээ юм. Ийм учраас дэлхийн бусад улс оронд тамхины хэрэглээг бууруулах зорилгоор татварын бодлогыг үе шаттайгаар нэмдэг. Зарим улсад хавдаргүй шинэ үеийн залуучууд гэх хөдөлгөөн өрнөж, тамхины хэрэглээг зогсоож байгаа. Тэгэхээр хавдрын өвчлөлийг бууруулах нэг арга нь тамхины хэрэглээг хязгаарлах юм.
-Хавдрыг урьдчилан сэргийлэх боломжтой, урьдчилан сэргийлэх боломжгүй гэж хоёр ангилж авч үздэг. Урьдчилан сэргийлэх боломжтой хавдар дээр эрт илрүүлэгт хэдэн сарын давтамжтай хамрагдах хэрэгтэй вэ?
-Хавдар бүр дээр эрт илрүүлгийн хугацаа нь өөр байдаг. Жишээ нь, умайн хүзүүний хавдар, хөхний хавдар дээр гурван жил тутамд эмэгтэйчүүд үзлэгт хамрагдах ёстой юм. Тэгэхээр хавдрын төрлөөс нь шалтгаалаад шинжилгээ хийлгэх хугацаа, нас нь харилцан адилгүй байгаа.
-Монголчуудын хамгийн түгээмэл өгдөг шинжилгээ нь цусны шинжилгээ байдаг. Цусны шинжилгээгээр хавдрын хэдэн хувь нь илрэх боломжтой бэ?
-Цусны шинжилгээгээр ямар нэгэн хавдрыг шууд илрүүлэх боломжгүй. Яг тодорхой шинж тэмдэг илрээд тухайн хүн нь эмчид хандаж байж хавдар гэдгийг оношилно. Учир нь, хавдрын шинж тэмдэг цусны шинжилгээгээр харагдахгүй нэлээд хожуу шатандаа ч орсон тохиолдлууд байдаг. Цусны ерөнхий шинжилгээ хийснээр таны цусанд цус багадалт, цусны өтгөрөлт, үрэвсэл болон цусны зарим өвчлөл бий эсэхийг оношлох боломжтой. Зөвхөн цусны шинжилгээ өгчихөөд би эрүүл гээд явдаг. Энэ нь хамгийн буруу ойлголт юм.
-Агаарын бохирдол хорт хавдар үүсэхэд хэрхэн нөлөөлж байна вэ?
-Агаарын бохирдлыг ДЭМБ-аас албан ёсоор хавдар үүсгэх эрсдэлт хүчин зүйл гэж үздэг. Учир нь агаарын бохирдлоос үүдэлтэй бидний амьсгалж байгаа нарийн ширхэг тоосонцор PM2,5 нь хавдар үүсгэдэг. Зөвхөн агаарын бохирдол нь хэд хэдэн төрлийн хавдрын шалтгаан болдог.
-Хорт хавдар тусаж буй маш олон хүмүүс гадаад орныг зорьж тусламж үйлчилгээ авч байна. Манай улсад хорт хавдрыг оношлох боломжтой тоног төхөөрөмжүүд, эргээд мэс ажилбарт шаардлагатай техникүүд хэр элбэг бэ?
-Манай улсын хувьд зонхилон тохиолдож буй хавдрыг илрүүлэхэд хийгддэг шинжилгээ харьцангуй боломжийн түвшинд байна. Улсаас үнэ төлбөргүй авдаг учраас хүмүүс хамрагдах боломжтой.
-Хавдраас оношлогдсон хүмүүс сэтгэл санааны маш их хямралд ордог. Энэ нь эргээд өвчтөний биеийн байдалд хэрхэн нөлөөлдөг вэ?
-Хавдрын үндэсний зөвлөлд тогтмол хавдраар өвчлөгдсөн хүмүүс ирдэг. Сэтгэл санаа нь өөдрөг, тогтвортой байдаг хүмүүс өвчнөө хурдан давж гардаг. Яагаад гэвэл хорт хавдрын эмчилгээгээс гадна тухайн хүний сэтгэл санааны байдал маш чухал байдаг. Энэ нь эргээд эмчилгээний үр дүнд шууд нөлөөлдөг. Тэгэхээр нэгэнт хорт хавдраар оношлогдсон хүмүүс "би энэ өвчнийг ялан дийлнэ" гэдэг итгэл үнэмшилтэй айх хэрэгтэй. Эсрэгээрээ, яагаад би хавдар тусчхав гэм мэтээр сэтгэл санаагаар унаж байгаа хүмүүсийн эмчилгээний үр дүн муу байдаг.
-Үүнд ойр дотны хүмүүс, нийгэм хэрхэн анхаарах хэрэгтэй вэ?
-Ар гэр, ойр дотны хүн нь хавдраар өвдлөө гэхэд дагаад бүгд л сэтгэл санааны хямралд ордог. Тэгэхээр хавдраар өвдсөн хүн болоод түүний ар гэрт сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Манай Хавдрын Үндэсний Зөвлөлөөс өвчтөнүүдийн арт гэрт зориулсан номнуудыг хэвлүүлж тараадаг. Уг номонд хавдрын эмчилгээний үед ямар хоол хэрэглэх, хавдраар өвдсөн хүний сэтгэл санааг яаж дэмжих, яаж энэ өвчнийг даван туулах вэ гэдэг талаар монгол хэл дээр номууд байдаггүй учраас бид нар орчуулан үнэ төлбөргүй хүргэж байна. Энэ нь өвчнөө даван туулахад бага ч гэсэн дэмжлэг үзүүлдэг.
-Ярилцсанд баярлалаа. 
Л.Дөлгөөн
www.iToim.mn
+ Дагах
Үнэний талд
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн