УНТЭ-ийн Бөөрний тасгийн их эмч Д.Хурцбаяртай бөөрний эмгэгүүдийн талаар ярилцлаа.
-Бөөрний ямар нэгэн өвчин хүйсээс шалтгаална гэж байх уу. Эмэгтэй хүмүүс дороосоо даарчихлаа, бөөр өвдчихлөө гээд байдаг. Харин эрэгтэй хүмүүс барагтаа ингэж хэлдэггүй?
-Ямарваа өвчин хүний биеийн онцлогоос хамаарч эрэгтэй, эмэгтэй хүнд өөр, өөр тохиолдож болно. Бөөрний өвчнүүд ч мөн адил. Жишээлбэл, бөөрний шээсний замын үрэвсэл, бактерийн үрэвслүүд аль ч насны эмэгтэй хүнд элбэг тохиолддог. Энэ нь эрэгтэй, эмэгтэй хүний гадна эрхтний байршилтай холбоотой. Эрэгтэй хүний шээс дамжихдаа давсаг хүртлээ нэлээн урт зай туулдаг. Харин эмэгтэй хүнийх маш бага зай туулна. Энэ нь бас нөлөөлнө. Харин эрэгтэйчүүдэд, ялангуяа хөдөлмөрийн насны залууст бөөрний түүдгэнцрийн өвчин элбэг тохиолдож байна.
Мөн чихрийн шижин өвчний үед шээсний замын үрэвсэл эрэгтэй, эмэгтэй гэлтгүй тохиолдоно. Яагаад гэвэл цусандаа сахартай байгаа учир бактери үржих нөхцөл бүрддэг. Тэгэхээр хоолой өвдөх, шүд хорхойтох, ханиад хүрэхэд цусаар бактери дамжин бөөрийг гэмтээж байдаг. Дан ганц бөөр ч биш бүх эрхтэнд нөлөөлдөг. Чихрийн шижин гэдэг бүх судсыг гэмтээдэг өвчин. Тэгэхээр бөөр судаслаг эрхтэн учраас чихрийн шижингээс болж бөөр, шээсний замын үрэвсэл бий болж болно.
-Бөөр гэдэг маш олон хүчин зүйлээс болж өвддөг байх нь ээ?
-Тийм ээ. Үе мөчний, цусны өвчин, даралт ихсэх, бодисын солилцооны зэрэг системийн өвчнүүдээс болж бөөрөндөө нөлөөлж, өвдөх тохиолдол бий. Энэ олон өвчнүүдийн эцсийн шат нь бөөрний архаг дутмагшил. Чихрийн шижинтэй байлаа гэхэд 20-иод жил өвдөөд бөөрний архаг дутагдалтай болох жишээтэй. Бөөрний өвчнүүдийн хамгийн эцсийн шат нь энэ өвчин юм. Мөн харшлаас, халдвараас болж бөөрний түүдгэнцрээр өвчлөх тохиолдол байдаг бол шалтгаан тодорхойгүй ч олон хэлбэр байна. Агаарын бохирдол, тоосонцор, ургамал, эмийн буруу хэрэглээнээс болж харшил үүсч, бөөрөнд нөлөөлөх нь бий. Түүдгэнцрийн өвчин мөн халдварын гаралтай байж болно. Жишээлбэл хоолой, шүд өвдөх нь бактерийн гаралтай өвчин.
-Хоолой өвдөх, шүд цоороход бас бөөрөнд муугаар нөлөөлдөг гэж хэлж болох уу?
-Хоолойн өвдөлт бол бөөр өвдөх маш том шалтгаан. Тиймээс хүүхдийг багад нь шүд, хоолойг нь эрүүл байлга гэж захидаг шүү дээ. Хоолойн өвдөлт бөөрөнд маш хоруу тусаж, бусад эрхтэнд ч гэсэн тодорхой хэмжээгээр нөлөөлнө. Хамгийн их нөлөөлдөг нь үе мөч, бөөр, зүрх гурав байдаг юм. Хоолой ихэвчлэн доороос даарснаас болж өвддөг. Мөн жижиг сажиг зүйлээс болж бөөр гэмтэх тохиолдол байна. Туранхай, бөөрний унжилттай хүмүүс үсэрч харайхад бөөр доргиж, шээс дамжуулах сүв нугалраад шээс зогсонги байдалтай болно. Ингээд бактери үржиж үрэвсэл болж байгаа юм.
Мөн ажил, хичээлээсээ ч болдог юм уу хүмүүс шээсээ бариад байдаг. Энэ нь нэг их мундаг юм биш. Шээс биеэс гарч байх ёстой зүйл учраас давсагтаа удах тусам бөөр гэмтээх тохиолдол байдаг. Шээс хүрсэн даруйд шээж л байх хэрэгтэй, шээсээ бариад байх хэрэггүй.
-Бөөрний ямар нэгэн өвчинд шинж тэмдэг илэрдэггүй, гэнэт л бие мууддаг гэдэг. Энэ үнэн үү. Бөөрний өвчинтэй эсэхээ мэдэхийн тулд заавал эмнэлэгт хандаж байж мэдэх үү?
-Бөөрний архаг дутагдалд амархан хүргэдэг түүдгэнцрийн өвчинд нэг их айхтар зовуурь илэрдэггүй. Жаахан ядраад, хавагнаад, даралт ихэснэ. Гэхдээ хавагнахгүй, даралт ихсэхгүй байх ч тохиолдол бий. Зөвхөн шинжилгээгээр л илэрнэ. Хүн түүдгэнцрийн өвчинтэйгөө огт мэдэхгүй яваад байх боломжтой. Тэгээд нэг шинжилгээ хийхэд л бөөрний архаг дутагдалтай болчихдог.
Харин шинж тэмдэг илэрдэг бөөрний өвчнүүд бий. Жишээлбэл дээр дурдсан шээсний замын үрэвсэлд нуруугаар өвдөх, шээс гарахад өвдөх шинж илэрнэ. Зарим тохиолдолд нуруугаар өвдөх шинж илрээд шинжилгээ хийлгэхэд шээсний замын үрэвсэл биш мэдрэлийн өвчинтэй их андуурагддаг. Бөөрний өвчинд мэдэгддэг нь ч байна, мэдэгддэггүй нь ч байна. Тиймээс шинжилгээ тогтмол өгч сурах хэрэгтэй. Манайхан албан байгууллага дээр нь урьдчилан сэргийлэх шинжилгээ хийхэд за намайг хийлгэсэн гээд биччих гээд л аргалчихдаг. Ингэх хамгийн буруу. Өвдсөн ч бай, өвдөөгүй ч бай тодорхой, тогтмол хугацаанд шинжилгээ өгч байх хэрэгтэй.
-Бөөрний өвчнөөс сэргийлэх зөвлөгөө өгч болох уу?
-Их амархан. Дулаан хувцаслаж, дороосоо битгий даар. Хоолойгоо өвтгөж болохгүй. Давс, содын уусмалаар зайлж бай. Харшилд өртөхгүй байх. Манайхан зун голын эрэг дээр хэвтэж байна гээд шарилж үнэрлээд харшилтай болох тохиолдол байдаг юм. Чанаргүй хоол хүнс битгий хэрэглэ. Аль болох чанарын шаардлага хангасан, илчлэг сайтай хоол унд ид. Лаазалсан бүтээгдэхүүн аль болох битгий хэрэглэ. Дээрээс нь тамхи, архи нь бөөрний өвчнийг даамжруулах шалтгаан учраас битгий хэрэглээрэй гэж зөвлөмөөр байна.