Open iToim app
Үйл явдал | 2 мин уншина

Н.Удвал: Улстөрчид хүчирхийлэлтэй тэмцэхэд хүсэл зориг, сэтгэл зүрх дутагдаж байна

Н.Удвал: Улстөрчид хүчирхийлэлтэй тэмцэхэд хүсэл зориг, сэтгэл зүрх дутагдаж байна
Нийтэлсэн 2019 оны 5 сарын 7
МАХН-ын эмэгтэйчүүд хүчирхийлэлгүй монголын төлөө нэгдэж байгаа талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тэд мэдээллийнхээ эхэнд “Бид хүүхэд, эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг нэгдэж байна. Монголд хүчирхийлэл хэт газар авч байгааг зарим намын тодорхой хүмүүс өөхшүүлэх нөхцөл байдал харагдаж байгаад бид дуугүй байж чадахгүй байна. Эрх баричид хүчирхийллийн эсрэг ажил явуулж байгаа гэж өөрсдийгөө сурталчилж байгаа боловч тэдний ам, ажил хоёр зөрж байна. УИХ-ын гишүүн асан Д.Гантулга эмэгтэй хүнийг хүчирхийлсэн тухай мэдээлэл гараад удаж байна. Түүний оронд Хэнтийчүүдийг төлөөлөх төлөөлөгчийг сонгож, Хэнтийн сонгогчдийг УИХ-д төлөөлөгчтэй болгох нь зүй ёсны шаардлага мөн. Гэвч нөхөн сонгууль явуулах хугацаа товлогдсон байхад МАН-ынхан зохиомол өргөдөл гаргаж, нөхөн сонгуулийг хойшлуулж, Хэнтийн сонгогчдын эрх ашгийг бүдүүлэгээр зөрчиж байна. Үүний дээр эмэгтэй хүн хүчихийлсэн гэх Д.Гантулгын нэр төрийг сэргээлгэхээр хөөцөлдөж байгаа дүр зураг харагдаж байна. Д.Гантулгыг илт хамгаалж байгаа МАН-ынхан өөрсдийн зохиомол хэргийг нуусаар байна. Энэ шударга бус байдалтай эвлэрэхгүй гэж бид дуу хоолойгоо нэгтгэж байна.
Бид хүчирхийллийн хохирогч болсон хүүхэд, эмэгтэйчүүдийн төлөө ажиллаж, тууштай хамгаална” хэмээн мэдэгдсэн юм.
Энэ талаар ЭМ-ийн сайд асан Н.Удвал “Хүчирхийллийг дэлхийн гуравдугаар дайнтай зүйрлэсэн байдаг. Хүчирхйилэл нь хор уршиг ихтэй хэрнээ маш нуугдмал хэлбэрээр явагддаг. Энэ дайн манай монгол оронд ил тод хоног алгасахгүй гарч байгаа нь хүүхэд, эмэгтэйчүүдийн зүрх сэтгэлийг айдаст оруулж байна. Үүнтэй бүх эмэгтэйчүүд нэгдэж байж, хор уршгийг багасна. Үүний тулд бид нэгдэж байна. Монгол хүчирхийлэлтэй тэмцэхэд бодлого, хөрөнгө мөнгө хангалттай байгаа. Гэвч улстөрийн хүсэл зориг, сэтгэл зүрх дутагдаж байна. Хүүхэд, эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалдаг төрийн болон төрийн бус байгууллагууд маш олон байна. Энэ байгууллагуудад сэтгэл зүрх дутаж байна” гэв.
undefined
Мөн УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгэ “Монгол Улсад гарч байгаа охид, эмэгтэйчүүдийн хүчирхийллийн асуудал гамшгийн хэмжээнд хүрсэн. Гамшгийн хэмжээнд хүрсэн асуудлыг шийдэх бодлого хэрэгжүүлэгчид таг чиг сууж байна. Бид өнөөдөр хүчирхийллийн шалтгаан, үр дагавартай нь тэмцэх зайлшгүй шаардлага гарч байна. Төр засаг хүнээ хаяснаас болж хүчирхийллийн гэмт хэрэг гарч байгаа юм. Иймд төрөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлыг хийх ёстой” хэмээн ярилаа.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн