Open iToim app
Зочин | 4 мин уншина

Ямар ч хаягдал хог гаргахгүйгээр хувцас үйлдвэрлэдэг 'Vera Coat' брэнд

Нийтэлсэн 2020 оны 9 сарын 28
undefined
Хувцасны хог хаягдал нь дэлхий дээрх хог хаягдлыг бий болгож буй хоёрдогч том хүчин зүйл. Тэгвэл "Vera coat" брэнд нь энэ бүгдийг бага ч болов багасгахын тулд хог хаягдалгүй хувцас бүтээж байгаа ажээ. Мөн бүсгүйчүүдийн мөнгийг хэмнэж, нэг хувцасыг хоёр өөр загвараар өмсөх боломжийг бүрдүүлсэн хувцас урлаж байгаа юм байна. Ингээд "Vera coat" брэндийн үүсгэн байгуулагч  О.Гэрэлчимэг, С.Ундраа нартай ярилцлаа.
-Яагаад “Vera coat” брэндийг үүсгэх болсон бэ? 
-О.Гэрэлчимэг: Би ер нь хувцас авахдаа дандаа нэг загвараас хоёр  янзыг авдаг хүн. Жишээлбэл цув авахдаа ханцуйтай цув нэгийг аваад, ханцуйгүй цув бас авдаг.  Яг энэ худалдан авалтын санаанаас л яагаад нэг хувцсыг олон янзаар өмсөж болдоггүй юм бол гэсэн санаа төрсөн. Бас зарим хувцсыг зурагнаас нь харчихаад авах гээд очоод өмсөхөөр надад зохидоггүй үе зөндөө байдаг. Тийм учраас яг өөрийнхөө өндөр буюу 166-тай ( дундаж өндөртэй) бүсгүйчүүдэд гадуур хувцас гаргая гэсэн санаа төрсөн.
-Өөрсдийн хийсэн хувцсаараа яг юуг илэрхийлэхийг хүссэн бэ? 
-О.Гэрэлчимэг: Бид хоёр хувцасныхаа санаа гаргахдаа өндөр туранхай урт хөлтэй, нарийн бэлхүүстэй бүсгүйчүүдэд зориулж хийхийг хүсээгүй. Ер нь бол дундаж өндөртэй 155-168 эмэгтэйчүүдэд зориулж бүтээгдэхүүн хийдэг. Анх загварын санаагаа гаргачихаад хүмүүсээс ярилцлагын судалгаа авахад ихэвчлэн улиралдаа зориулж 1-2 төрлийн гадуур хувцасны худалдан авалт хийдэг нь ажиглагдсан. Харин бидний санаа бол нэгийг аваад хоёр төрлөөр өмсөж болох хувилбартай загвар гаргахыг зорьж байгаа. Хувцасны хог хаягдал бол дэлхий нийтэд гуравдугаарт ордог том  хог хаягдал. Тиймээс бид хоёр энэхүү шийдлээрээ нэг талаар хог хаягдалтай тэмцэхийг хүссэн. Түүнээс гадна нэг хувцас аваад хоёр янзаар өмсөх боломж өгч байгаа нь бүсгүйчүүдийн санхүүг хэмнэж байгаа гэж харж байгаа. Гэхдээ энэ бол дөнгөж эхлэл.
-Монгол Улсад маш олон хувцасны брэндүүд шинээр гарч ирж байна. Тэдгээр брэндүүдээс танайх юугаараа онцлог вэ?
-С.Ундраа: Манайх зөвхөн гадуур хувцас л үйлдвэрлэх болно. Мөн бүх хувцасны төрлүүд маань нэгээс дээш янзаар өмсөж болдгоороо давуу талтай. Жишээлбэл, сая гаргасан хар жакетыг ханцуйг нь салгаад дулаан өдөр өмсөх бол ханцуйг нь залгаад хүйтэн өдөр өмсөх боломжтой. Мөн бидний тренч цув дотроо давхар товчтой учраас хоёр өөр төрхийг бий болгож байгаа юм. Тухайлбал, энгэрээ зөрүүлээд товчилбол дотор нь жилитек өмсчихсөн юм шиг. Нөгөө талаар нь товчилбол дан цуваараа гэх мэт онцлогтой байгаа. Мөн заавал яагаад гадуур хувцасны брэнд үүсгэсэн бэ гэвэл миний хувьд гадуур хувцас нь бусад хувцас дундаасаа хамгийн чухал хувцас. Байгалийн үзэгдлээс хамгаална, гадуур хувцас сайн, чанартай байх нь тухайн хүнийг шууд илэрхийлдэг, ажил мэргэжил сонирхол хобби гээд л... Мөн сайн гадуур хувцас нь тухайн эзнийгээ өвтгөхгүй, бас биеийн галбирыг ч нуух боломжтой. Би өөрөө гадуур хувцсандаа маш их анхаарал хандуулдаг хүн. Тиймээс л бусдыг бас гудамжинд зөрөхдөө хамгийн сайхан харагдаасай гэсэндээ гадуур хувцасны брэндийг үүсгэсэн.
-Та хоёр ямар мэргэжилтэй вэ, мэргэжлийн хувцас зохион бүтээгчид үү? 
-О.Гэрэлчимэг: Манай Ундраа нягтлан бодогч мэргэжилтэй. Харин би маркетингийн мэргэжилтэй. Би бага байхын хувцас  загварт хайртай байсан. 2020 оны нэгдүгээр сараас “Ballerina Diary Blog” хувцас дизайны ангийг суралцаж наймдугаар сард төгссөн. Хэдийгээр бид мэргэжлийн хүмүүс биш ч гэсэн өөрсдийн хүсэл мөрөөдлийнхөө төлөө нэгдэж өөрсдийн брэндээ гаргасандаа маш их баяртай байгаа.
-Одоогоор хэдэн төрлийн загварын гаргасан байгаа вэ. Цаашдаа төрлүүдээ нэмэх төлөвлөгөө байгаа юу?
-С.Ундраа: Одоогоор хоёр төрлийн эмэгтэй гадуур хувцас гарсан байгаа. Цаашдаа мэдээж төрлүүдээ нэмж, эрэгтэй загвар ч гэсэн гаргах төлөвлөгөөтэй байгаа.
-Аливаа нэг бизнесийг эхлүүлэхэд ямар нэгэн саад бэрхшээл хүндрэлүүд тулгарч шантрах үеүд их гардаг. Тэгэхээр та хоёрын хувьд хүндрэл тулгарч шантрах үе гарч байв уу?
-С.Ундраа: Бид нөхөрлөөд 10 жил болж байна. Зарим хүн найз нь дундаа ажил явдаггүй гэж их ярьцгаадаг. Харин бид хоёрын хувьд энэ үгний эсрэг байдаг хүмүүс л дээ. Бид 2017 онд Эх Боловсрол ТББ хамтдаа үүсгэн байгуулж байсан. Одоо инстаграм дээр “SEXUAL.EDUCATIO_N” хуудсыг мэргэжлийн эмч нартай хамтран бүх насны хүмүүст бэлгийн боловсролын анхан шатны зөвлөгөө өгдөг. Ер нь бие биенийхээ занг мэддэг учраас их амар, мэдээж ажил болсон хойно асуудлууд байсан ч хэн хэндээ буулт хийгээд бие биенийгээ хүндлээд сурчихсан хүмүүс. Манай Гэрлээ их сэргэлэн охин учраас ямар ч асуудал гарсан тэр дор нь шийдээд маш хурдтай ажилладаг хүн. Яагаад ч юм хамтарч ажиллахад маш шаргуу тэс өөр Гэрлээ болчихдог. Тэр нь ч надад их таалагддаг. Тиймээс бид хоёр бие биенийхээ дутууг нөхөөд сурчихсан. Мөнгө санхүү, зохион байгуулалт дээр би түлхүү ажилладаг бол харилцаа, дүн анализ хийх, шинээ санаа гаргах дээр Гэрлээ маань түлхүү ажилладаг.
-Хувцсаа бүтээгээд зах зээлд гаргаж олонд таниулах их хэцүү шүү дээ. Үүн дээрээ хэрхэн анхаарч ажиллаж байгаа вэ. Худалдан авалт хэр байгаа вэ?
-О.Гэрэлчимэг: Эхний загвар маань наадмын дараа танилцуулагдах байсан ч бид жаахан хожуу эхэлчихлээ. Гэхдээ санасныг бодвол маш сайн байгаа. Бид бүтээгдэхүүндээ 100% сэтгэл хангалуун байгаа учраас санаа зовохгүй байгаа. Мөн бид сав баглаа боодол дээрээ маш их анхаарсан. Бидний сав баглаа боодлыг гаргаад хаях биш гэрийнхээ чамин нандин зүйлийг хадгалж болохуйц байдлаар хийсэн. 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн