Open iToim app
Эрүүл монгол | 2 мин уншина

Н.Сувдмаа: Хавар дархлаагаа дэмжихэд дараах зүйлсийг мөрдөж болно

Н.Сувдмаа: Хавар дархлаагаа дэмжихэд дараах зүйлсийг мөрдөж болно
Нийтэлсэн 2019 оны 2 сарын 21
Өвөл, хаврын улиралд насанд хүрэгчдийн болоод бага насны хүүхдийн биеийн дархлаа суларч, хурц халдварт өвчний тархалт нэмэгддэг. Тиймээс нянгаар үүсгэгддэг амьсгалын замын цочмог халдвар буюу менингококкт халдвараас хэрхэн урьдчилан сэргийлэх талаар ХӨСҮТ-ийн Эрт сэрэмжлүүлэг, хариу арга хэмжээний нэгжийн дарга Н.Сувдмаагаас цөөн асуултад хариулт авлаа.
-Менингококкт гэж ямар өвчин болох талаар тайлбарлаж өгөхгүй юү. Юугаар үүсгэгддэг халдвар юм бэ?
-Менингококкт халдвар нь бактериар үүсгэгдэж, агаар дуслын замаар дамждаг. Хүйтэн сэрүүний улиралд амьсгалын замын халдварын дэгдэлт өндөр байдаг юм. Тухайлбал, томуу, томуу төст халдвар, тууралтат халдвар нэлээд тархдаг. Одоогоор тууралтад халдвар дотроос салхин цэцэг илүү давамгай илэрч байна. Эдгээр халдварын дараа үргэлжлүүлээд 2-5 сар хүртэл менингококкт халдварын дэгдэлт үүсдэг. Гэтэл энэ үед хэт нимгэн хувцаслаж, даарч хөрснөөс архаг суурь өвчин сэдэрч, өвчинд өртөмхий болдог.
-Уг өвчинд ямар хүмүүс хамгийн түрүүнд өртөх эрсдэлтэй байдаг вэ?
-Менингококкт өвчнөөр бүх насныхан өвдөж болно. Гэхдээ ихэвчлэн бага насны хүүхдүүд өртөх эрсдэлтэй байдаг.
-Нянгаар үүсгэгддэг амьсгалын замын цочмог халдвар буюу менингококкт халдвар нь ямар шинж тэмдгээр илэрдэг юм бэ?
-Ямар нэг шалтгаангүйгээр өндөр халуурах, таталт өгөх, дагзны хөшингө илрэх, уур уцаартай болох, бөөлжих, бүтэн биеэр цэгчилсэн тууралт гарсан байдаг. Менингококкт халдварын явц нь маш түргэн учраас шинж тэмдгүүдийг хурдан хугацаанд ялган оношилж, эмнэлгийн тусламж авах ёстой.
-Уг өвчний үед анхаарах зүйл байдаг уу?
-Аливаа өвчний үед эмийг гэрээр дур мэдэн хэрэглэж болохгүй. Буруу эмчилснээс тухайн өвчин хүндрэх, бусдад халдвар тараах эрсдэлийг дагуулж байдаг учраас өвчний зовуур илэрвэл эмчид хандаж зөвлөгөө авах ёстой.
-Хаврын цагт дархлаагаа дэмжихийн тулд яах ёстой вэ?
-Хамгийн эхлээд ажил, амралт зөв зохицуулж сур. Боломжтой бол өдөрт найман цагаас доошгүй хугацаанд унтаж амрах хэрэгтэй. Илчлэг сайтай хоол хүнсээр дархлаагаа дэмжиж болно. Тухайлбал, жимс, жимсгэнэ хэрэглэхээс гадна шөл устай хоол идэж болох юм. Мөн биеийн тамираар хичээллэж, агаарт гарах хэрэгтэй. Цэгэн массаж хийж болно. Үүнээс гадна хүүхдийнхээ дархлааг дэмжих хэрэгтэй. Ингэхийн тулд хүүхдээ 21-22 цагийн хооронд заавал унтуулдаг байх нь чухал. Энэ цагт хүүхдээ унтуулснаар хүүхдийн өсөлтийн даавар, дархлаа дэмжих даавар ялгардаг юм.
-Нянгаар үүсгэгддэг амьсгалын замын цочмог халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд яах ёстой вэ?
-Өвчтэй хүнийг эрт илрүүлж, эмчлэх шаардлагатай. Хувь хүн дархлаагаа сайжруулах, хоолойгоо өдөрт хоёр удаа зайлж болно. Бага насны хүүхдээ олон нийтийн газар онц шаардлагагүй бол авч явахгүй байх. Ялангуяа олныг хамарсан үйл ажиллагаанд дагуулж явахгүй  байх, 0-2 хүртэлх насны хүүхдүүдийнхээ товлолын вакциныг тогтмол хийлгэх нь цочмог халдвараас бүрэн сэргийлэх боломж бүрдэж байгаа юм. Мөн гараа бохирдох бүрт савандаж угаах нь амьсгалын замын болон бусад халдвараас сэргийлэх хамгийн энгийн арга байдаг.
undefined
undefined
undefined
undefined
undefined
undefined
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн