"Монголын Үндэсний Фронт" хөдөлгөөнөөс бүх ард түмнийг уриалж, парламентыг тараах зорилготой жагсаалыг өнөөдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулж, дөнгөж сая тарлаа.
Жагсагчдын зүгээс УИХ-ын тараах шаардлагыг тавьж, энэхүү шаардах бичгээ Ерөнхийлөгч болон УИХ-ын дарга хүргүүлнэ гэдгээ мэдэгдсэн. Шаардлагаа 16.00 цагийн орчим төрийн өндөрлөгүүдэд өгөхөөр Төрийн ордны бараан хаалган дээр цугларснаас болж Төрийн ордны хамгаалалтын баг ордны аюулгүй байдлыг хангаж хөл хорио тогтоогоод байгаа юм. Жагсагчид шаардлагын хариугаа хоёр цагийн хугацаанд авахыг хүссэн.
Энэ үеэр "Буян"-гийн Жаргалсайхан Төрийн ордны баруун хаалгаар Төрийн ордонд нэвтрэхийг хүссэн ч хөл хорио тогтоосноос болж хэсэг хугацаанд орж чадаагүй юм. Харин энэ үеэр жагсагчдын төлөөлөл "Буян"-гийн Жаргалсайханг жагсаал болон тэдний тэмцэлд нь нэгдэж, үг хэлэхийг хүсэхэд тэрээр “Би та нараас өмнө хийдгээ хийж, 26 жил тэмцэж явсан хүн. Би энд үг хэлэхгүй, яахаараа та нарын төлөө үг хэлэх ёстой юм. Та нар тэмцэх хүмүүстэйгээ л тэмц. Та нарын тэмцлийн голд тагнуул, цагдаагийнхан байгаа, та нар мэдэхгүй байна. Би та нарын тэмцэлд оролцох гэж биш Төрийн ордонд хүнтэй уулзах гэж ирсэн. Би юу гэж үг хэлдэг юм” гэв.
Хариуд нь жагсагчдын төлөөлөл түүн рүү дайрч, “төрөөс чи олон зүйл хулгай хийсэн, гишүүн байхдаа юу ч хийж байгаагүй биз дээ, чиний амьдрал болж байгаа учраас л чи дуугүй байгаа юм байна, зайл...” зэргээр хэл амаар доромжилж, зүй бус үйлдвэл гаргаж байв. Үүнээс болж Б.Жаргалсайн жагсагчдын зарим төлөөлөлтэй барилцаж авсан асуудал гарав.
Удалгүй жагсагчид цөөрсний дараа Б.Жаргалсайхан буцаж ирээд, Төрийн ордонд нэвтэрсэн байна.