Open iToim app
Эдийн засаг | 5 мин уншина

Монголчуудын гаргасан койны ард хэн, юу байгаа вэ

Монголчуудын гаргасан койны ард хэн, юу байгаа вэ
Нийтэлсэн 2021 оны 11 сарын 11
Сүүлийн үед иргэд койн, криптовалютын талаар ихээхэн сонирхон, судлах болжээ. Монгол Улсын хувьд Виртуал хөрөнгийн тухай хуулийн төслийг анх өргөн барихад манай зах зээлд ганцхан койн гараад байсан. Тэгвэл нэгхэн жилд 12 болж нэмэгдсэн байна. СЗХ болон Монголбанкнаас койны арилжаанд оролцохдоо эрсдэлээ дааж, сэрэмжтэй байхыг сануулахаас өөрөөр зохицуулах, оролцох боломж алга. Сүүлийн нэгхэн жилд Монгол Улсаас хоёр их наяд төгрөгийг койн, токен, криптовалютад хөрөнгө оруулсан мэдээлэл бий. Хамгийн гол нь иргэд койнд оруулсан хөрөнгөө алдсанаас үүдсэн эрсдэлийг зөвхөн өөрөө л үүрнэ. Тиймээс койн авахдаа бүх хөрөнгөө бүү дэнчин тавь, авах гэж буй койны ард хэн, юу байгааг сайтар шалгаж, нягтлахыг сануулж байна. 
Өнөөдрийн байдлаар Монголын зах зээлд идэвхитэй арилжаалагдаж байгаа 11 койны ард хэн байгаа, юу барьцаалж хөрөнгийг тань өсгөх, койн гаргагчид ямар үйл ажиллагаа явуулдаг талаарх мэдээллийг хүргэж байна.
ARDX
ARDX нь Ард Санхүүгийн Нэгдлээс гаргасан койн юм. Уг койны ард хэн байгаа вэ гэвэл мэдээж бүгд "Хас"-ын Ч.Ганхуяг гэнэ. Харин юу байгаа вэ, хэр найдвартай вэ гээд харвал ард  нь Ард санхүүгийн нэгдэл бий. Ард санхүүгийн нэгдэл нь 2005 оны аравдугаар сарын 10-ны өдөр бизнесийн зөвлөгөө, хөрөнгө оруулалтын үйлчилгээ үзүүлэх зөвшөөрөлтэйгөөр үүсгэн байгуулагдсан бөгөөд 2013 онд компанийн гол хувьцаа эзэмшигчид шинэ стратегийн зорилгоо тодорхойлж,
  • Даатгал
  • Банк бус санхүүгийн байгууллага
  • Тэтгэврийн сан
  • Хадгаламж зээлийн хоршоо
  • Үнэт цаас
  • Шуудан
  • Онлайн шоп зэрэг нийт 21 охин болон хараат компаниудаас бүрдэн үйл ажиллагаагаа явуулж байна. 
ZesCoin
Койныг Секлаб ХХК-аас гаргасан бөгөөд дотоодын арилжааны бирж дээр гарах анхны үнэ нэг төгрөг байжээ. Секлаб ХХК нь веб хөгжүүлэлт, aпп хөгжүүлэлт, аюулгүй байдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ба мэдээллийн технологийн салбарт 10-аас дээш жилийн туршлагатай, цахим худалдаа, мэдээллийн аюулгүй байдлын чиглэлээр гарааны компани үүсгэн байгуулсан бизнесийн туршлагатай юм байна. Компанийг мэдээллийн аюулгүй байдлын чиглэлээр БНСУ-д докторын зэрэг хамгаалсан Д.Заяабаатар удирддаг. 
CHB койн
CHB нь Coinhub биржээс гаргаж байгаа койн бөгөөд болох Интелмайнд ХХК-ийн хөрөнгө оруулалттай юм. Интелмайнд ХХК-ийн Гүйцэтгэх захирал О.Баттулга ажилладаг бөгөөд тэд өмнө нь shoppy.mn, Cody, Zary, Automotive, Joinme, Mezorn, SEM зэрэг зэрэг интернэт, системд суурилсан олон төслүүдийг хэрэгжүүлсэн компани юм. 
Тус компаниас урамшууллын хөтөлбөрийг койноор хэрэгжүүлэх, койноор баталгаажсан кредит картын үйлчилгээ зэрэг шинэлэг бүтээгдэхүүнүүдийг гаргахаар ажиллаж байгаа юм байна.
IHC 
IHC нь Монголын крипто, форекс арилжааны коммюнитигийн төлөөлөл болох О.Мөнхжин, н.Эрхэмээ, Б.Гантиг болон комедиан Б.Идэр-Од нар хамтран Их Бит ХХК-ийн IHC (Inflation Hedging Coin) нэр дор гарсан койн юм. Тэд наймдугаар сарын 25-ны өдөр дотоодын дөрвөн биржээр зэрэг койноо зах зээлд гаргасан бөгөөд 100 тэрбум ширхэг “IHC” койн 30 секундын дотор зах зээлээс 30 тэрбум төгрөг татан төлөврүүлсэн. Энэ нь Монголын хөрөнгийн зах зээлд анх удаа хамгийн богино хугацаанд хамгийн өндөр дүнтэй хөрөнгө босгосон тохиолдол болсон билээ.
SPC
“Storepay” аппликейшн, компаниас өөрсдийн финтек үйлчилгээн дээр суурилсан SPC (StorePay Coin) танилцуулсан билээ. Анхдагч зах зээлд нийт StorePay Coin-ний 15 хувийг арилжаалсан бөгөөд 18 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэлт хийж “Storepay” үндсэн үйлчилгээг санхүүжүүлэхээр төлөвлөсөн юм. “Store Pay” ХХК 2019 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр иргэд болон бизнесүүдэд тулгараад байсан төлбөр болон шимтгэлийн асуудлыг шийдэх зорилготой үүсгэн байгуулагдан, үйл ажиллагаагаа тогтмол явуулсаар байна. Компанийн  үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирлаар Н.Хангал ажилладаг байна. 
TRD 
TRD нь Digital exchange Mongolia буюу Trade.mn биржээс гаргасан койн бөгөөд Binance Smart Chain (BSC) криптовалютын биржид бүртгэлтэй юм. Digital exchange Mongolia ХХК-ын гүйцэтгэх захирлаар Б.Гантиг ажиллаж байгаа бөгөөд тус компани Улсын бүртгэлийн ерөнхий газарт 2017 оны наймдугаар сарын 1-нд бүртэлээ хийлгэжээ. Дижитал Эксчейнж Монголиа ХХК нь криптовалютын Монголын анхны бирж болох Trade.mn-ийг 2017 оны аравдугаар сарын 01-нд амжилттай танилцуулсан юм. 
MNFT
NFT нь “Non-Fungible Token’ буюу хувиршгүй токен гэх үгийн товчлол юм. Тус койноор урлагийн бүтээл, үл хөдлөх хөрөнгө, дуу хөгжим, бичлэг зэрэг ямар ч хөрөнгийн өмчлөлийн нотлох баримтыг дижитал хэлбэрт шилжүүлснийг худалдан авах, зарах боломжтой юм. Тэгвэл монгол залуус ч мөн MNFT хэмээх койныг гаргахаар болсон билээ. Тэдний баг хамт олонд гүйцэтгэх захирлаар Б.Адъяа, Технологи хариуцсан захирлаар И.Ганболд, Мэдээлэл хариуцсан захирлаар С.Базар, Технологи ба менежмэнтийн  түншээр Infinite Solutions ажиллаж байна. 
Түүнчлэн Mongolchat, Silver.co, Infinite Solutions, Public Consulting зэрэг байгууллагууд хамтран ажиллаж байгаа юм байна. MNFT-ийн анхдагч арилжаанд 60 мянган хүн оролцож MNFT койн худалдаж авахаар 255 тэрбум төгрөг байршуулжээ. Мөн зураач Н.Сэргэлэнгийн “Дэлхийн нэг өдөр” бүтээлийн дижитал хувилбарыг олон нийтэд танилцуулж 350 орчим сая төгрөгөөр борлуулсан мэдээтэй байгаа юм.
MONT
MONT стейблкойныг ‘Монгол Дифай” ХХК үүсгэн байгуулж, хариуцан явж байна. MONT нь блокчэйн технологийн болон уламжлалт мөнгөний давуу талыг давхар агуулсан учир таны цахим гүйлгээг гүйцэтгэх хэрэгсэл юм. 
Стэйблкойны хяналт, хөгжүүлэлт, ирээдүйн төлөвлөгөөнд “Ард Санхүүгийн Нэгдэл” “ГрэйпСити Монгол” ХХК зэрэг компаниуд зөвлөхөөр ажиллаж байгаа бөгөөд энэ нь эзэмшигчдийн өмнө гаргаж буй хамгийн том баталгаа болно гэдэгт итгэлтэ байгааг тус койн гаргагч 'Монгол Дифай" ХХК-ийн зүгээс хэлж байна. MONT төслийн удирдагчаар Монгол ДиФай ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Тулга, Блокчэйн хөгжүүлэгч Г.Мөнх-Од болон Дайверс Солюшн ХХК, Технологи хариуцсан захирал О. Мөнх-Оргил нар ажиллаж байна. 
URG койн
URG койн төслийн санаачлагчаар Т.Дөлгөөнтамир ажиллаж байгаа юм байна. Тэрээр 2020 онд өөрийн төрсөн дүү болох Т.Отгонтамиртай хамтран "ДОТ Консалтинг" гэх технологи суурьтай маркетинг үйлчилгээ үзүүлэх компанийг байгуулжээ.
URG койн нь Монголын энтертайнмэнт төвүүдтэй хамтран ажиллах юм байна. Тодруулбал URG койн эзэмшигчид кино театруудаар үйлчилгээ авах боломжтой.
-URG койн эзэмшигчид улирал бүр дэлхийн шилдэг кино нээлтүүдийг үзэх эрхийг эзэмшинэ.
-URG койн эзэмшигчид и-спортын улирал бүрийн тэмцээн уралдаануудыг тусгай үзвэрийн танхимд үзэх боломжтой юм байна.
World Plus
World plus нь World Plus Digital ХХК-аас гаргаж байгаа койн юм. World Plus Digital ХХК контентын платформ хөгжүүлдэг технологийн компани юм. Тэд Монголын анхны цахим ном, подкастын платформ, Mplus, дуу хөгжмийн платформ Mmusic, интерактив контентын Woovoo, World Plus сэтгүүл зэрэг бүтээгдэхүүнийг хөгжүүлэн үйл ажиллагааг нь явуулж байна. Үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирлаар Х.Эрдэнэбаяр ажиллаж байна. 
WorldPlus блокчейн суурьтай болсноор хэрэглэгчдийн сэтгүүлийн уншилт, нэвтрэлт зэрэг бодит хэрэглээг бүртгэснээр паблишеруудад илүү бодитой орлогыг ил тод хуваарилна. Мөн блокчейн технологи нь дижитал бүтээгдэхүүнийг хуулбарлах зэргээс бүрэн хамгаалж, оюуны өмчийг хамгаалах хамгийн найдвартай шийдэл гэдгийг тус компанийн зүгээс мэдээлээд байгаа юм. 
ADM
ADM койн нь “Алтан Дорнод Монгол” ХХК-ийн гаргаж буй койн юм. АДМ группын дэргэдэх “Алтан Дорнод Монгол” компани анх 1997 онд байгуулагдсан бөгөөд одоог хүртэл алтны олборлолтын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж буй Монгол улсын томоохон уул уурхайн компаниудын нэг юм. Компанийн ерөнхий захирлаар Т.Ганболд, тэргүүн дэд захирал Н. Цогтгэрэл, бизнес хөгжил хариуцсан дэд захирал М. Идэр  нар ажиллаж байна. 
Тэд byDEP биржээр өөрсдийн  крипто валют худалдаалахаар болсон юм.  ADM койны зарцуулалт нь “Алтан Дорнод Монгол” ХХК нь төсөл хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулалт хийхдээ хөрөнгө оруулалтын багц үүсгэх байдлаар ажиллах юм. Мөн уул уурхай болон, Үл хөдлөх хөрөнгийн салбарын хэд хэдэн төсөл хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулалт хийн эрсдэлийг тараан байршуулна гэдгийг койн гаргагчдийн зүгээс мэдээлээд байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн