“Monline” спорт хувцас үйлдвэрийн захирал А.Чимэд-Очиртой ярилцлаа.
Тэрээр залуу наснаас уйгагүй хөдөлмөрлөхдөө 10 гаруй бизнесийг эхлүүлж, хүчээ сорьж байжээ. Ийнхүү хичээж зүтгэснийхээ үр дүнд өдгөө хүссэн бизнесээ босгон улс эх орондоо хувь нэмрээ оруулж, нийтээрээ хөгжиж дэвшихийн төлөө хөдөлмөрлөж яваа юм байна.
А.Чимэд-Очир “Monline” спорт хувцасны үйлдвэрээ өргөжүүлэн 21 аймагт салбараа нээж, 500 гаруй иргэнийг ажилтай, орлоготой болгожээ. Ингээд түүний хэрхэн зорилгодоо хүрсэн талаарх ярилцлагыг хүргэе.
-Та өөр, өөр чиглэлийн маш олон бизнес хийж байсан хүн. Ер нь яагаад бизнесийн салбарт хүчин зүтгэх болсон юм бэ гэдгээс ярилцлагаа эхлүүлье?
-Би эхээс наймуулаа. Олуулаа учраас ах, эгч нарын аясаар л өссөн гэж хэлж болно. Ах, эгч нарынхаа үгэнд ороод байх нь ховор ихэвчлэн гадуур тоглодог, хөдөлгөөнтэй хүүхэд байсан. Ер нь эх орны алтан гурав сурдаг л хүүхэд байлаа. Гурав сурдаг хүүхэд учраас арван жилийн сургуулиа төгсөхөд улаан шугам давж чадаагүй юм. Харин гарын дүйтэй хүүхэд байж, түүнийг багш маань анзаарч, гадаадын мужааны нарийн мэргэжлийн сургуульд явуулах хуваарь авч үлдсэн байсан. Ингээд сургуульд явахаар бэлдэж эхэлсэн юм. Гэтэл аав маань намайг хуураад цэрэгт явуулчихсан юм. Цэрэгт явсны дараа аав захиандаа өөрөө гүйж очоод зарлан бичүүлж аваад цэрэгт явуулсан болохоо дурдсан байсан. Яах вэ, хүний эцэг учраас хүүхдээ хүний нутагт янз бүрийн хүмүүст уруу татагдах вий хэмээн санаж цэрэгт явуулсан байх. Тэгээд гурван жилийн цэргийн алба хааж дуусахад цэргийн байгууллагаас ОХУ-д бие хамгаалах дээд сургуульд явуулах урилга өгсөн юм. Би явахад бэлэн байсан. Тухайн сургуульд явах дөхөөд ирсэн чинь аав намайг өөрийн ажилладаг шаазангийн үйлдвэр рүү дагуулж яваад үйлдвэрийн ажлыг тайлбарлаж явснаа шаазангийнхаа үйлдвэрт савлагчаар орооч гэдэг байгаа. Би ч тухайн үед шууд л эсэргүүцэж байсан. Тэгээд ОХУ руу явах үедээ нэлээд сайн бодож байгаад аавынхаа үгийг дагаж, шаазангийн үйлдвэрт савлагч болсон юм. Гэхдээ би ямар ч ажил хийсэн түүнийг уурлаж, бухимдаж хийдэггүй талтай. Ерөөсөө хэн нэгэнд гомдож ажилладаггүй, аль болох хобби болгож хийдэг зуршилтай. Ямар сайндаа л ээж данх угаачих гэхээр нь дотор талыг нь угаагаад гадна талыг нь нүүрсээр өнгөлөөд гялгар болгоод ээждээ өгдөг байхав дээ. Ингэж ажлаа хобби болгож сурсан учраас савлагч хийх ажлаа өөрт аль болох сонирхолтой байдлаар хийх аргыг бодож эхэлсэн юм. Нэгэнт хийх нь тодорхой ажлыг хүсээгүй байсан ч сэтгэлээ гаргаад хийвэл хөнгөн байдаг. Эсрэгээрээ хийж байгаа ажилдаа бухимдаад байвал бүтээл гардаггүй. Тийм учраас эхэндээ амаргүй байсан ч сүүлдээ сурч, өөрт сонирхолтойгоор хурдан савлах олон аргыг сурч эхэлсэн. Тэгээд сарын дотор савлагчийнхаа хамгийн өндөр цалинг авдаг болсон. Хэдэн сарын дотор л гавшгай ч болж байсан. Тэгээд зургийн тасагт нь шалгалт тэнцээд зураачаар нэлээд олон жил ажилласан. Тухайн үед боломжийн цалин авч байсан учраас тодорхой хувийг ээж, аавдаа өгөөд үлдсэнийг нь хуримтлуулж байсан. Удалгүй зах зээлд шилжин үйлдвэр маань хувьчлагдаж, би наймааны алтан үед гарсан. Тэгээд л наймаачин болсон доо.
Сүүлдээ наймаагаа орхиж, өөрөө юм хийе гэж шийдсэн. Тэгээд гагнуурчнаар хэдэн жил ажилласан. Хэсэг хугацааны дараа компани байгуулахаар шийдэж, хэдэн залуустай хамтарч компьютерын компани байгуулж ажилласан. Тухайн үед спорт хувцасны үйлдвэр байгуулах хүсэл байсан юм. Түүнийхээ дагуу спорт хувцасны салон байгуулж, өдгөө долоон жилийн нүүрийг үзэж байна.
Үйлдвэрээ өргөжүүлж, 21 аймагт салбартай болсон. Хийж бүтээх хүсэлтэй залуусыг цуглуулж, спорт хувцас үйлдвэрлэх бүх технологио зааж өгч, өөр олон компанийг хөл дээрээ босоход хувь нэмрээ оруулсан. Ингэснээр бид гадагшаа алдаж буй мөнгөн урсгалыг зогсоож, мөнгөн хөрөнгөө дотооддоо эргэлдүүлэхийг зорьсон юм. өнөөдрийн байдлаар дотоодын үйлдвэрлэгчид спорт хувцасны зах зээлийн 85 хувийг хийдэг болсон нь маш том үр дүн. Манай үйлдвэр л гэхэд 500 гаруй хүнийг ажлын байртай болгоод байна.
-Хүн бүр хийж буй ажил, бизнесээсээ ямар нэг зүйлийг сурч, сургамж болгон авч үлддэг шүү дээ. Таны хувьд олон төрлийн бизнес хийж байхдаа ойлгож, ухаарсан зүйлээсээ хуваалцахгүй юу?
-Өнөөдрийг хүртэл маш олон бизнесийг хийж байсан. Үүнээс харахад хүн аливаа зүйлийг хийхдээ өөрийн дуртай зүйлээ буюу хоббигоороо хийх нь илүү үр бүтээлтэй байдаг юм байна. Биднийг залуу байхад дээд үеийнхэн маань том том машин унаж, үнэтэй брэнд өмсөж, үнэтэй хөөрөг барьж, гадаад дотоодод том хаусанд амьдарч, тэрүүгээрээ баярхаж, түүнийг нь хэвлэлүүд шагшдаг үлгэр жишээг харуулж байсан. Би нэг хэсэг тэдний жишгээр явж байсан. Гэхдээ тэр нь амьдралын утга учир биш болохыг ойлгосон. Тун чухал хэрэгцээгүй зүйлд их мөнгөн зарж, хэлбэр хөөж байснаа ухаарсан гэж хэлж болно. Ингэж брэнд хөөж, тансаглалд автах өндөр зардлыг төлөхийн тулд хүн маш их ажиллах хэрэгтэй болно. Өөрийн амьдралын утга учраас илүү бусдад харагдах өнцөгтөө анхаараад илүү их цагаар ажилладаг гэсэн үг. Ингэж илүүдлийн хэрэглээ, хэрэгцээгүй зүйлд маш их мөнгө зарснаар чөлөөт цаг, гэр бүлтэйгээ өнгөрөөх цаг, эрүүл мэндээ алдсан байгаа юм. Хэрвээ миний дээд үеийнхэн илүүдлийн хэрэглээ хэрэггүй, хэрэгцээндээ амьдрах хэрэгтэй. Орлогын хязгаар тогтоож, өөртөө, эрүүл мэнддээ, гэр бүлдээ цагаа зарцуулах ёстой гэсэн үлгэр жишээг харуулсан бол эд мөнгөний төлөө тэгтлээ зүтгэхгүй байсан гэж боддог. Гэхдээ би амьдралын мөн чанар нь эд хөрөнгө, мөнгө, албан тушаал, эрх мэдэл биш. Түүгээр бид аз жаргалыг авдаггүй гэдгийг олон жилийн өмнө ойлгосон. Мөнгө бол зүгээр л хоол унд, хувцас зэргийг авах хэрэглээ. Үүнээс чухал зүйл бол амьдралаас авах аз жаргал, нийгэмд оруулах хувь нэмэр, бусдыгаа тусалж дэмжих гээд орхигдуулсан чухал зүйлс маш их байна. Нийгмээрээ амар тайван бол бид бүгдээрээ тайван сайхан амьдарна. Нийгэм бухимдуу байхад ганц миний баян амьдрах хэнд ч хамаагүй. Тэгэхээр бид бүгдээрээ амар тайван амьдрах учиртай.
Ингэж нийгмээрээ ажилтай, орлоготой амьдрахын тулд 21 аймагт үйлдвэрийнхээ салбарыг байгуулсан. Тухайн салбараас ашиг авдаггүй. Гэсэн ч би орлогын хязгаараа тогтоосон учраас надад хэрэглээнээсээ илүү мөнгө олох, мөнгөний төлөө гүйх шаардлага байдаггүй. Харин орлоготой болсон орон нутгийн ажилчид маань хоёр жилийн дотор л өр зээлээ төлж, орон байр, машин тэрэгтэй болж амьдрал нь сайжирч, амьдралын баталгаатай болоод ирж байгаа юм. Энэ нь л надад маш сайхан байдаг.
-Тэгэхээр таны хувьд одоогийн залуус маань ямар байгаасай гэж хүсдэг вэ. Тэдэнд ямар үлгэр дуурайлал үзүүлэхийг эрмэлздэг вэ?
-Залуус бол нийгмийг тодорхойлох цэг. Харин нийгэм нь нийтээрээ аз жаргалтай, бие биенээ хайрласан, хүндэлсэн, хэн нэгэнд төвөг удахгүй амьдрах тогтолцоо гэдгийг ойлгох хэрэгтэй. Залуус бие биедээ төвөг удахгүйгээр өөрсдийгөө зөв авч явж, бусдадаа дэмтэй амьдардаг шинэ нийгмийг бий болгох ёстой гэж боддог. Бид нэг нэгнээ тусалж, дэмжээд явбал нийгэм эрүүлжинэ.
Үүнээс гадна эд баялаг, мөнгө, эрх мэдэл бол аз жаргалд хүрэх түлхүүр биш. Хэрэгцээгүй эд, мөнгөө хянаж, хэрэглээгээр амьдрахад орлого давсан зардал гарахгүй. Ингээд ирэхээр хүнд гэр бүлтэйгээ цагийг өнгөрөөх, хөгжих, найз нөхөдтэйгөө цагийг өнгөрөөх, хоббигоороо амьдрах цаг гарч ирдэг.
Ер нь хүн хэрэглээгээрээ л амьдрах ёстой юм билээ. Айл бүр орлогын хязгаар тогтоогоод ирэхээр олж байгаа орлого нь амьдралд нь хүрэлцээд эхэлдэг. Брэнд өмсөж болно. Гэхдээ хэн нэгэнд гоё харагдах гэж хэт брэнд хөөх хэрэггүй. Цаг хугацааны явцад болох зүйлийн хойноос хэт яарч, эрсдэлд оролгүй. Залуу насаа зугаатай өнгөрүүл. Залуу насаа амтал. Одоо, ирээдүйдээ гоё амьдар гэж хэлмээр байна.
-Та эд баялаг, мөнгө, эрх мэдэл бол аз жаргалд хүрэх түлхүүр биш гэж хэлсэн. Тэгэхээр аз жаргалд хүрч болох түлхүүр нь юу юм бэ?
-Миний бодлоор аз жаргалын түлхүүр бол бие биенээ хайрлах, хүндлэх, бие биенийгээ ойлгох, урам өгөх гэж ойлгодог. Хамгийн гол нь хүн эрүүл саруул сайхан амьдрах дархлааг зөв бий болгох хэрэгтэй.
-Та зорьсон зорилгоо биелүүлж, өөрийн хүссэн бизнесээ эрхлээд явж байна. Үүнд хүрэхэд маш олон зүйлийг даван туулсан байх. Тэгэхээр ер нь хүний ажил, амьдрал бүтэмжтэй байхад хүн өөрөө ямар байх ёстой юм бэ. Та энэ тал дээр ямар бодолтой явдаг вэ?
-Хүн ганц бие байхад эрх чөлөөтэй байж болно. Гэр бүлтэй болоход үүрэг хариуцлага нэмэгдэнэ. Хүн багахан хэмжээний цаг зав, аз жаргалаа гэр бүлдээ зарцуулахад тэрнээс илүү аз жаргалыг гэр бүл нь өгнө. Сайхан амьдрахын тулд буруу жаргал хөөсөн болчимгүй үйлдлээсээ татгалзаж, гэр бүл, албан ажлаа эрхэмлээд амьдарвал эргээд маш сайн сайхан зүйл ирдэг гэж боддог.
-Та түрүүн орлогын хязгаараа тогтоож, хэрэглээгээрээ амьдраад ирэхээр хэт ажиллах шаардлагагүй болж, гэр бүлдээ цаг гаргах боломжтой болсон талаар дурдаж байсан. Тэгэхээр таны хувьд гэр бүлдээ хэрхэн цаг цаг зарцуулдаг талаараа ярихгүй юү?
-Орлогын хязгаараа тогтоосон учраас надад чөлөөт цаг гардаг. Илүү цагаар ажиллах шаардлага байхгүй. Ингээд чөлөөт цагаараа фитнэсс, уул хадаар явах, гэр бүлээрээ цагийг дурсамжтай өнгөрөөхийг хичээдэг. Гэр бүлээрээ жилд хоёр удаа гадаад улсад аялдаг. Хүн хэрэгцээгээр амьдарвал насан туршдаа тэр хэрэглээний мөнгөө олох чадвартай юм билээ.
Хүнд гоё харагдах, таалагдах гэж амьдрах хэрэггүй. Өөрөө өөртөө үнэн байж, өөрөө өөрийнхөө амьдралын ноён нуруу болох ёстой гэж бодож байна.
-Хүүхдээ хүмүүжүүлэх арга барилаасаа хуваалцахгүй юу?
-Манай аав биднийг хүмүүжүүлсний адилаар хүүхдүүдээ хүмүүжүүлдэг. Би хүүхдээ бусдаас тэргүүлэх, онц сурах, олимпиадад орох ёстой гэж боддоггүй. Хүүхдийг ингэ тэг, өглөө эрт бос, хичээл номоо хий гэдэг ч юм уу, ямар нэг байдлаар яншаад байхаас илүү тайван байлгахыг хүсдэг. Мөн бие биенээ хайрлаж, хэн нэгэнд төвөг удахгүй амьдрахыг бага наснаас нь ойлгуулж ирсэн.
-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.