Open iToim app
Дэлхий | 5 мин уншина

Дэлхий дахинд замын түгжрэлийн эсрэг хэрэгжүүлж буй хамгийн шилдэг долоон жишээ

Дэлхий дахинд замын түгжрэлийн эсрэг хэрэгжүүлж буй хамгийн шилдэг долоон жишээ
Нийтэлсэн 2019 оны 8 сарын 14
Томоохон хот, нийслэлүүд хурдацтай хөгжиж, өргөжин тэлэхийн хэрээр хотжилтыг дагасан асуудлууд нэмэгдэж, шийдвэрлэх бололцоо нь улам бүр бэрхшээлтэй болсоор байна. Агаар, хөрс, орчны бохирдол зэргээс гадна замын түгжрэл нь орчин үеийн нийгмийн өмнө тулгамдаад буй хамгийн бэрхшээлтэй асуудлын нэг юм.
Иргэд болон өмнө нь байсан зүйлсэд ямар нэгэн хохирол учруулалгүй замын түгжрэлийг шийдэж, хот төлөвлөлтийг хөгжүүлнэ гэдэг нь дэлхийн ямар ч том хотын удирдлагуудын хувьд шүдний өвчин. Тиймээс дэлхий дахинд үүнийг шийдвэрлэх ухаалаг, цогц гарц, шийдлүүдийг эрэлхийлэх болжээ.
Дэлхийн эдийн засгийн форумын гаргасан саяхны тайланд хотжилтыг дагаж бий болсон замын түгжрэлийг бууруулах хамгийн шилдэг долоон жишгийг танилцуулжээ. Ингээд дэлхий дахинд замын түгжрэлийн эсрэг хэрэгжүүлж буй хамгийн шилдэг долоон жишээтэй танилцъя.
1. Стокгольм–Замын түгжрэлийн төлбөр
Шведийн нийслэл Стокгольм хот нь нэг сая орчим оршин суугчидтай ч тус хотод 2018 оны байдлаар өдөр бүр 4,9 сая тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцдог гэсэн судалгааг тус улсын тээврийн албанаас гаргажээ. Стокгольм хотын удирдлагууд 2007 оноос долоо хоногийн ажлын өдрүүдэд өглөөний 6 цаг 30 минутаас оройн 18 цаг 30 минутын хооронд хотын төв болон хүн ам ихээр төвлөрсөн заагдсан хэсгүүдэд зорчих тээврийн хэрэгслүүдээс авто замын цахим хураамж авч эхэлжээ. Ингэхдээ нийтийн тээврийн автобус, такси, түргэн тусламж, онцгой байдал, цагдаа  болон эко хөдөлгүүрт тээврийн хэрэгслүүдэд тусгай зөвшөөрөл олгон хураамж авахгүй байхаар хуульчилсан байна.
Уг арга хэмжээг авч хэрэгжүүлж эхэлснээс хойших эхний хоёр жилийн байдлаар тус хотын замын түгжрэл 25 хувиар буурсан гэсэн судалгаа гарчээ. Энэ нь нэг сая орчим тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцохоо больсон гэсэн үг аж.
Замын түгжрэлийн төлбөр авах журмын хувьд Стокгольм хотын аль ч бүсэд оройн 18 цаг 31 минутаас өглөөний 6 цаг 29 минутын хооронд үнэ төлбөргүй зорчино. Харин өглөөний 6 цаг 30 минутаас оройн 18 цаг 30 минутын хооронд замын хөдөлгөөний ачааллаас хамааран 1.19-3.24 евро буюу 11-30 швед кроны татвар авдаг байна. Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар шалгах цэгүүдэд мөнгө тушаадаггүй бөгөөд хязгаарлалтын бүс бүхий хэсгүүдэд нэвтрэх замын уулзварууд дээр тусгай камер байршуулж цаг, минут, секундийн нарийвчлалтай бүртгэлийн ажлыг хийдэг аж. Ингээд жолооч нар сар бүрийн сүүлээр өөрийн татвараа интернэт банк зэрэг өөрийн хүссэн хэлбэрээр төлдөг тогтолцоо үйлчилдэг. Одоогийн байдлаар Стокгольм хотын замын түгжрэлийн татвар нь өдөрт 300.000 орчим ам.долларыг улсын төсөвт хуримтлуулдаг аж.   
2. Барселон–Замын түгжрэлийн динамик урьдчилсан мэдээ
Испанийн Барселон хот нь утасгүй интернэтийн “WIFI” сүлжээнд тэр чигтээ холбогдсон. Тус хотын удирдлагууд энэхүү давуу талаа ашиглан Барселон хотын авто зогсоол, замуудад мэдрэгч байршуулж, замын түгжрэлийг динамик байдлаар урьдчилан мэдээлдэг цогц шийдлийг бий болгожээ. Энэхүү мэдээллийг замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар харж, өөрийн явах замаа сонгох бүрэн боломжтой. Үүний дээр замын түгжрэлийн динамик урьдчилсан мэдээ нь тус хотын авто тээврийн зохицуулалтын газарт шууд хүрдэг. Авто тээврийн удирдлагын төв мэдээлэлд тулгуурлан авто замуудад түгжрэл үүсгэхгүй тулд гэрлэн дохио, нийтийн тээврийн явах цагийн хуваарийг үргэлж зохицуулж байдаг.
3. Лондон–Цахим аялал төлөвлөгч
Английн нийслэл Лондон хотод зочилсон хэн бүхэнд цахим аялал төлөвлөгч хэрэглэхийг санал болгодог. Ухаалаг төхөөрөмжүүдэд суурилсан олон тооны аппликешнуудын тусламжтай та зорьсон газраа хамгийн хурдан хугацаанд хүрэх боломжтой. Энэ төрлийн ихэнх аппликешнүүд нээлттэй хандах эрхтэй байдаг бөгөөд таны аяллыг явганаар, унадаг дугуй, нийтийн тээврийн автобус, метро, такси, автомашин зэрэг бүх төрлийн тээврийн хэрэгслээр явах байдлаар харуулдаг. Зарим нь өөртөө такси дуудах, нийтийн тээврийн тасалбар захиалах, төлбөр тооцоо хийх зэрэг боломжуудыг агуулсан байдаг.
4. Хонконг–Микро автобус
Хонконгт микро автобуснуудын тусламжтай нэг ч зогсолт хийлгүй хүссэн газраа, бусад нийтийн тээврүүдтэй харьцуулахад маш хурдан хүрч очих боломжтой. Хэдий энэ нь замын түгжрэлийг бууруулах тийм ч шинэлэг санаа биш ч Хонконгоос бусад дэлхийн орнууд микро автобусыг буруу менежментээр хөгжүүлснээр хууль бус нийтийн тээврийн хэрэгсэл болгосон байдаг.
5. Копенгаген–Нийтийн тээврийн нэгдсэн систем
Данийн нийслэл Копенгаген хот нь замын түгжрэлээс зайлсхийх, багасгах зорилгоор нийтийн тээврийн нэгдсэн систем гаргажээ. Энэхүү нэгдсэн системээр дамжуулан тус хотын иргэд нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлэгч компани, агентлаг, Засгийн газрын мэдээллүүдтэй танилцах боломжтой. Үүнээс гадна ухаалаг гар утасны аппликейшны тусламжтай өөрийн хаана байгааг тодорхойлж, хаанаас ямар унаанд суухаа мэдэх, нийтийн тээврийн тасалбар захиалах зэрэг боломжтой.
Мөн автомашин унаснаас илүү эдийн засаг, байгаль орчинд ээлтэй аргуудыг сурталчлан таниулж, унадаг дугуй худалдаалах, түрээслэх цэгүүд, зогсоол зэргийг зааж өгдөг байна. Сурталчилгааны арга хэлбэрүүд үр дүнгээ сайн өгч иргэдийн дунд автомашин унах нь багассанаар агаарын бохирдлыг 83 хүртэлх хувиар бууруулж чаджээ. Үүний дээр унадаг дугуйн хэрэглээг урамшуулах зэрэг арга хэмжээ авснаар өнөөдрийн байдлаар Копенгаген хотын нийтийн тээврийн нэгдсэн систем ашиглагчдын 63 хувь нь унадаг дугуйтай иргэд болжээ. Ингэснээр жилд агаарт ялгарах байсан 90.000 тонн хүлэмжийн хийн ялгаралтыг байхгүй болгосон гэсэн судалгаа байдаг.
6. Хуанжоу–Нийтийн унадаг дугуйн цогц систем  
Газрын диваажин гэгддэг БНХАУ-ын Хуанжоу хот нь дэлхийн хамгийн олон унадаг дугуй унадаг иргэд, дугуйн зам, түүнийг дэмжих төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг хот юм. Тус хотын 3000 гаруй унадаг дугуйн ногоон зогсоолд нийт 67.000 орчим түрээсийн унадаг дугуй бий. Иргэд өдөрт дунджаар 230.000 удаа унадаг дугуй түрээслэн унадаг гэсэн тооцоо байдаг.
Хуанжоу хотын иргэд нийтийн тээврийн цахим картын тусламжтай унадаг дугуй түрээслэн унах боломжтой. Жуулчид бэлэн мөнгөөр унадаг дугуй түрээслэн унаж болдог. Энэхүү хотын хувьд автомашинаас илүүтэй унадаг дугуй, нийтийн тээвэр сайн хөгжсөн байдаг.
7. Их Британи - Авто замын удирдлагын төв
Их Британи улс нь 2005 оноос авто замын түгжрэл, хурдны зам дээрх зам тээврийн ослыг бууруулах зорилгоор авто замын удирдлагын төвийг ухаалгаар шинэчлэн зохион байгуулжээ. Бусад хотуудын авто замын удирдлагын төвүүдтэй харьцуулахад тэд замын ачааллын мэдээлэлд тулгуурлан гэрлэн дохионы өнгө солихоос илүүтэй, улс даяар хаана, хэдэн цагийн үед, ямар давтамжтай түгжрэл үүсэж, аваар осол болж буй талаар нарийвчлан судалдаг. Судалгааны тоон мэдээллээ тулгуурлан замын тэмдэг,  тэмдэглэгээ, хяналтын камер зэргийг хэрхэн ухаалгаар байршуулах шийдлийг хот төлөвлөлтийн төрийн алба, нэгжүүдэд хүргүүлдэг байна.
Эх сурвалж: World Economic Forum
 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн