ЦЕГ, СЭМҮТ-ээс PUBG, DOTA-2, CSGO тоглоомыг сүлжээнээс хаалгах хүсэлт тавьсан гэх асуудлаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү мэдээлэл өглөө.
Тэрээр "Цахим орчинд PUBG, DOTA-2, CSGO тоглоомыг сүлжээнээс хаалгах хүсэлтийг ЦЕГ-аас хүсэлт гаргасан гэх мэдээлэл явагдаж байна. Энэ мэдээлэл дээр албан ёсны няцаалт өгье. Тийм зүйл байхгүй. Цагдаагийн байгууллагаас энэ асуудал дээр хаалгах, хүсэлт гаргаагүй. Харин цахим орчинд бага насны хүүхдийг садар самуунд уруу татах, аллага хүчирхийлэлд уруу татсан, өсвөр насны хүүхдүүд байдаг нууц групп, зарын фэйж хуудсуудыг хаах саналыг цагдаагийн байгууллага явуулж байгаа” гэлээ.
12.00 цаг: ЦЕГ, СЭМҮТ-ээс PUBG, DOTA-2, CSGO тоглоомыг сүлжээнээс хаалгах хүсэлт тавьжээ
Цагдаагийн ерөнхий газар болон Сэтгэцийн эрүүл мэндийн төвөөс хүүхэд, өсвөр насныханд PUBG, DOTA-2, Counter-Strike: Global Offensive цахим тоглоомууд сөргөөр нөлөөлж байна гэж үзэж, эдгээр тоглоомын сүлжээнд Монгол Улсаас хандалт хийх эрхийг хаалгах хүсэлтийг Харилцаа холбооны зохицуулах хороонд хүргүүлсэн талаар Цагдаагийн ерөнхий газрын Чиглэлийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Д.Будзаан хэвлэлд мэдээлэл өгсөн байна.
Тэрээр "Цагдаагийн байгууллагын гэмт хэргийн статистик мэдээллээр жилд дунджаар 1100 орчим хүүхэд гэмт хэрэг үйлдэж, 1700 орчим хүүхэд гэмт халдлагад өртөж, амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирдог байна. “2018-2020 онд хүүхдээс үйлдсэн гэмт хэргийн шалтгаан нөхцөл”-ийг судлахад цахим тоглоом, дэлгэцийн донтолтын улмаас болон эцэг, эхийн хараа хяналт сул байдлаас үүдэн бусдын эд зүйлийг хулгайлах, дээрэмдэх, залилан мэхлэх, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг ихэвчлэн үйлддэг гэсэн дүгнэлт гарсан байна. Иймд СЭМҮТ-өөс “хүчирхийллийн агуулгатай, тулаантай PUBG, DOTA-2, CSGO цахим тоглоомыг хаалгах нь зүйтэй” гэсэн зөвлөмж өгсөн.
Тоглоомонд донтсоноор бие хүний эмгэгтэй буюу хаана ч, хэнтэй ч таарахгүй зан авиртай болох, нойрны эмгэг, архаг ядаргаатай болох, нүд, толгойн өвчтэй болох, хичээлээ тасалж, хичээлдээ сонирхолгүй, идэвхгүй, залхуу болох, сургууль завсардах, хичээлийн хоцрогдол үүсэж, оюуны хоосролд орох, гадуур дэмий тэнэх, хүчирхийлэл үйлдэх эсвэл хүчирхийллийн золиос болж, хэрэг төвөгт орооцолдон, гэмт хэрэгтэн болох зэрэг эрсдэлтэй болохыг СЭМҮТ-өөс анхааруулсан байна" гэсэн юм.