Open iToim app
Нийгэм | 3 мин уншина

Х.Амгаланбаатар: НДШ-ийг 26 хувь болгох шийдвэрээ Засгийн газар яаралтай цуцлах ёстой

Х.Амгаланбаатар: НДШ-ийг 26 хувь болгох шийдвэрээ Засгийн газар яаралтай цуцлах ёстой
Нийтэлсэн 2021 оны 2 сарын 24
Нийгмийн даатгалын шимтгэл хоёр хувиар нэмэгдсэн асуудлаар МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатараас тодрууллаа.
-Энэ онд НДШ хоёр хувиар нэмэгдэж 26 хувь болох асуудалд Монголын үйлдвэрчний эвлэл ямар байр суурьтай байгаа вэ?
-Нийгмийн даатгалын шимтгэл тэр дундаа тэтгэврийн даатгалын шимтгэлийг үе шаттайгаар нэмэгдүүлэх шийдвэр 2017 онд Олон улсын валютын сангийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжихэд зарим хуульд өөрчлөлт орсон. Нийгмийн даатгалыг шимтгэлийг 2018 онд хоёр хувь, 2019 онд нэг хувь, 2020 онд хоёр хувь тус тус нэмэгдүүлэх хуулийг Улсын Их хурал гаргасан. Энэ хуулийг Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо 2017 оны гуравдугаар сараас хойш хүлээж авах боломжгүй гэж үзэн жагсаал, цуглаан хийсний үр дүнд 2020 онд Ерөнхийлөгчийн хоригийн дагуу хойшилсон. Харин энэ он гараад нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувь нэмэгдүүлэх шийдвэрийг шууд хэрэгжүүлээд эхэлсэн байгаа. Энэ нөхцөл байдлыг Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо болон аймаг нийслэлийн 22 холбоо, мэргэжил үйлдвэрлэлийн 14 холбооны зүгээс эсэргүүцэж хорио цээрийн дэглэмийн дагуу цахим тэмцлийн үйл ажиллагааг эхлүүлсэн. Энэ үйл ажиллагаанд манай холбооны зүгээс тодорхой шаардлагыг Засгийн газар болон Улсын Их хуралд тавьж байгаа.
Нэгд, Нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг үе шаттай нэмэгдүүлэх хуулийн заалтыг хүчингүй болгох. Хоёрт, цар тахлын хүндрэлтэй цаг үед нийгмийн даатгалын хувь хэмжээг хөнгөлж, чөлөөлөх арга хэмжээг төрийн болон хувийн хэвшил гэж өмчийн хэлбэрээр ялгахгүйгээр ижил тэгш хамруулах зохицуулалтыг хийх. Гуравт, нийгмийн даатгалын багц хууль шинэчлэгдэн батлагдах хүртэл нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэхгүй царцаах гэсэн үндсэн гурван шаардлагыг тавьж байгаа. Үүнээс гадна нийгмийн даатгалын сангийн хүндрэлтэй байдал бол өр төлбөрийн асуудал байгаа. Нийгмийн даатгалын санд өртэй Капитал банкны өр төлбөрийн асуудлыг нэн дариу барагдуулах гэсэн дөрөв дахь шаардлагыг Монгол үйлдвэрчний эвлэлүүдээс тавьсан.
-Нийгмийн даатгалын шимтгэлийн асуудлаар Хөдөлмөр, нийгэм хамгааллын сайдтай уулзаж ярилцсан ямар шийдэлд хүрсэн вэ?
-Нийгмийн даатгалын шимтгэлийн асуудлаар хоёрдугаар сарын 22-ны өдөр нийгмийн түншлэгч талууд болох Засгийн газар, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын ажил олгогч эздийн холбоо хамтарсан уулзалтыг хийсэн. Энэхүү уулзалтаар нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэх чиглэлээр авсан арга хэмжээ, үүний сөрөг үр дагавар, цаашид нэмэгдүүлэхгүй байх тал дээр ямар шийдэл гарц байна вэ гэдэг асуудлуудаар санал солилцоод нэгдсэн нэг шийдвэрт хүрсэн байгаа. Энэ шийдвэрээр гурван талын хамтарсан ажлын хэсэг байгуулж ажиллахаар болсон. Ажлын хэсэг байгуулагдаж нийгмийн даатгалын асуудлаар тодорхой саналуудыг нарийвчлан боловсруулна. Гэхдээ нийгмийн даатгалын шимтгэлийн асуудлаар шуурхай арга хэмжээ авч маргааш болох Засгийн газрын ээлжит хуралдаанаар оруулж танилцуулах шаардлагатай байна гэдгийг Хөдөлмөр, нийгэм хамгааллын яамд өргөдөл хүргүүллээ.
-2017 оноос хойш нийгмийн даатгалын шимтгэл тодорхой хувиар нэмэгдэж байгаа гэлээ. Цаашид нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдсээр байвал ямар хүндрэл бэрхшээлүүд гарах вэ?
-Нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдүүлэх шаардлагыг Олон улсын валютын сангаас тавьсан. Яагаад гэвэл Монгол Улсын төсвийн ачааллыг багасгах, эрүүлжүүлэх шаардлагатай учир нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэх чиглэлийг өгсөн. Тус чиглэлийг авч хэрэгжүүлж 2020 оны арваннэгдүгээр сард өргөтгөлийн санхүүжилтийн хөтөлбөрөөс Монгол Улс гарсан. Өөрөөр хэлбэл, Олон улсын валютын сангийн өмнө хүлээх үүргээсээ Монгол Улс чөлөөлөгдсөн. Иймд энэ онд нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэх нь үүрэг манай улс болон Засгийн газрын  биш учир одоо нэмэгдүүлэх нь зохимжгүй юм. Мөн 2017 оныг  2020, 2021 онтой харьцуулахад нөхцөл байдал өөрчлөгдөж цар тахлын улмаас иргэдийн цалин, ажлын байрны асуудал нэлээд хүндрэлд ороод байна. Энэ хүндрэлтэй цаг үед аливаа татвар, шимтгэлийг нэмэгдүүлэхгүй байх нь зөв зүйтэй гэдэг үүднээс тэмцэж байна. Тэгэхээр энэ нөхцөлд Засгийн газар, Улсын Их хурлын түвшинд энэ асуудлыг нээлттэй хэлэлцэж, шийдвэрлээд явах ёстой. Цар тахлын хүндрэлтэй цаг үед аливаа татвар, шимтгэлийг нэмэгдүүлж эдийн засгийн хүндрэлийг даван туулж байгаа улс орон дэлхийд байхгүй. Ийм учраас Монгол Улс нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэх шийдвэрээ эргэн авч үзэж цуцлах ёстой. Мөн нийгмийн даатгалын хүндрэлтэй асуудлуудаа нийгмийн даатгалын багц хуульд тусгаж өгч шийдвэрлэх хэрэгтэй. Тухайлбал нийгмийн даатгалын тогтолцоог яаж боловсронгуй болох юм, ер нь Монгол Улсад нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ заавал 26 байх ёстой юм уу, 17 хувь яагаад байж болохгүй байгаа юм гэх зэрэг асуудлуудаа нийгмийн даатгалын багц хуульд тусгаад авч хэрэгжүүлэх хэрэгтэй.
 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн