Open iToim app
Эрүүл монгол | 3 мин уншина

Б.Бум-Эрдэнэ: Ковидын дараа зүрх гэмтэж, аминд аюултай хэм алдагдал үүсч байна

Б.Бум-Эрдэнэ: Ковидын дараа зүрх гэмтэж, аминд аюултай хэм алдагдал үүсч байна
Нийтэлсэн 2022 оны 2 сарын 5
УНТЭ-ийн зүрхний төвийн эмч Б.Бум-Эрдэнэ “Ковид 19”  ба  зүрхний хэм алдагдал сэдвээр мэдээлэл, зөвлөгөө өглөө.
Тэрээр “Коронавирусийг үүсгэгч “SARS-CoV-2” вирус нь хүний биеийн эсэд өвөрмөц “ACE2” уургаар дамжин халдварладаг. Улмаар уушгийг нэн түрүүнд гэмтээснээр хатгаа үүсгэх бөгөөд мөн зүрхийг гэмтээснээр зүрх агших чадвараа алдаж, үйл ажиллагаа нь суларна. Хэрэв энэ нь зүрхийг ихээр гэмтээсэн тохиолдолд зүрхний дутагдал болон аминд аюултай хэм алдагдал үүсгэх боломжтой байна.
Бие махбодид явагдах хэт хүчтэй дархлааны хариу урвалын улмаас зүрхний жижиг судас титэм судсыг гэмтээснээр зүрхний шигдээс, түүнтэй төстэй өөрчлөлт илэрнэ. 
Коронавирус ба зүрх судасны хүндрэлийн тохиолдлыг авч үзвэл:
-Зүрхний цочмог гэмтлийн үед 8-12 хувь
-Зүрхний дутагдлын хувьд: 
Нас барсан хүмүүсийн – 52 хувь
Эдгэрсэн хүмүүсийн - 12 хувь
-Зүрхний хэм алдагдлын хувьд:
Нийт тохиолдлын - 16,7 хувь
Хүнд тохиолдлын – 44,4 хувь
Хөнгөн тохиолдлын – 8,9 хувьд илэрчээ.
Мэдээллийн дараа иргэдийн асуултад хариуллаа.
-Зүрхний харалдаа өвчтэй, хөндүүр босон байна. Унтаад өглөө босох бүр зүрх өвдөж байна. Энэ юунаас болж байна вэ?
-Цээжээр өвдсөн өвдөлт байна. Цээжний өвдөлт болгон зүрхний өвчин байх албагүй. Хамгийн түрүүнд зүрхний бичлэг, зүрхний эхоны алийг хийх ёстойг сонгон хийлгэж, дараа нь зүрхний сонгомол өвдөлт мөн эсэхийг таниулж, тусдаа нарийн эмчилгээнд ороод явах хэрэгтэй.
-Зүрхний хэм 90-ээс дээш байх тохиолдолд ямар эмчилгээ хийлгэдэг вэ?
-Эхний ээлжид дэглэмийн эмчилгээ байдаг. Жишээлбэл шалтгаант хүчин зүйлс нөлөөлж байж болно. Жишээлбэл, архи тамхи хорт зуршил, эсвэл таргалалт байж болно. Үүний дараа эмийн эмчилгээ рүү орно. Хамгийн түрүүнд зүрхний бичлэг хийж үзэх хэрэгтэй. Үүнд яг ямар төрлийн хэм алдагдал байна. Зүрхний өвчин мөн эсэхийг тодорхойлох болно.
-Зүрхний эмч панингин бичиж өгч, зүрх дэлссэн үедээ 4/1-ээр уухыг зөвлөсөн. Конкор эмийг тогтмол өдөр бүр уух шаардлагагүй гэсэн үг үү?
-Зүрх дэлсэх, удаашрах хэм алдах хам шинж илэрч байдаг. Үүнтэй холботой бид конкор эмийг зөвлөдөг. Панингин бол ерөнхий бодисын солилцоог эрчимжүүлэх эм юм. Конкор эмийг бид хэрэглэхдээ зүрхний цохилтыг хянаж уух хэрэгтэй. Ингэхдээ өглөө, өдөр орой гээд өдөрт гурван удаа цохилтоо хянаж энэ хугацаанд 60-аас доош байвал тухайн эмээ зогсоох байдлаар хэрэглэх хэрэгтэй. Дор хаяж 14 хоног юм уу нэг сар хэрэглэж үр дүнгээ өгөхгүй байгаа бол нарийн мэргэжлийн эмчдээ харилцан мэдээллийг солилцож эмчлэх хэрэгтэй. Түүнээс биш дур мэдэн тунгаа бууруулж эсвэл нэмж уугаад байвал эргээд эм нь өвчин үүсгэх эрсдэлтэй юм.
-Зүрхний хэм алдалт хэрхэн илэрдэг вэ?
-Толгой эргэх эсвэл муужирч ухаан алдаж болно. Хэм алдагдлын зовуурь маш олон янз байна. Үүнийг зүрхний бичлэгээр тогтоож болдог.
-Коронавирус хоёр удаа туссан. Одоо зүрх өвдөөд байдаг болчихлоо, цус шингэлэх ямар эм уух вэ?
-Шууд ийм эм, тийм эм уу гэж зөвлөх боломжгүй. Тухайн хүний цусны шинжилгээ бүлэгнэлтийн үйл явцыг харж байж ямар эм зөвлөхийг ажиглана. Тухайн хүн ямар төрлийн цус шингэлэх эм уувал өөрт нь илүү үр дүнтэй гэдгийг харах хэрэгтэй.
-Коронавирус тусаад арав дахь хоногийн үед даралт ихэссэн. Энэ юуных вэ?
-Даралт ихсэлт анхдагч эсвэл биеэ даасан гэж хоёр төрөл байна. Аль төрлийн гэдгийг тодорхойлуулж түүнд тохирсон эмчилгээг харьяа эмнэлгийн газарт хандан хийлгүүлэх хэрэгтэй. Даралт ихсэх өвчнийг оношилсны дараа эмийн тун, эмийн зохицолгоог бүрэн тодруулах нь чухал юм. 
-Зүрхний цоорхойтой хүүхдэд ямар шинж илрэх вэ?
-Тухайн өвчтөний уруул амын гурвалжин хэсэг хөхөрч болно мөн эсвэл зовуургүй байж ж болно. Зүрхний эхо шинжилгээ нь төрөлхийн гажиг байгаа эсэхийг оношлох маш үр дүнтэй шинжилгээ. Иймд хүүхдүүдээ эртнээс энэ төрлийн шинжилгээнд хамруулж ямар нэгэн гажиг байгаа эсэхийг тодорхойлуулж байх хэрэгтэй.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн