Open iToim app
Эрүүл монгол | 6 мин уншина

Д.Сайнбилиг: Контакт линзийг дэглэмгүй, удаан зүүвэл нүдний эвэрлэг бүрхүүл гэмтэх эрсдэлтэй

Д.Сайнбилиг: Контакт линзийг дэглэмгүй, удаан  зүүвэл нүдний эвэрлэг бүрхүүл гэмтэх эрсдэлтэй
www.iToim.mn
+ Дагах
Нийтэлсэн 2019 оны 6 сарын 29
Хараа муудах нь анагаах ухаанд олон төрлийн шалтгаантай бөгөөд жилээс жилд удамшлын бус олдмол шалтгаан, буруу хэв маягаас улбаалан ихсэх хандлагатай байна. Өвчнөө хүндрүүлэх, эмчилгээг зааврын дагуу хэрэглэхгүй байх, урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдахгүй байх, хэт удаан хугацаанд бүх төрлийн ухаалаг хэрэгслийн дэлгэц ширтэх гэх мэт хувь хүнээс шалтгаалах амьдралын буруу дадал, зан үйл нь хараа муудах эрсдэлийг нэмдэг хэмээн Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Нүд Судлалын Тасгийн Ахлах зэргийн эмч Д.Сайнбилигтэй ярилцах үед тайлбарласан юм. Түүнтэй нүдний хараа тэглэх лазер эмчилгээ, нүдний эмгэгийн шалтгаан, түүний эрсдэлээс хамгаалах аргын талаар ярилцлаа.
-Нэгдүгээр эмнэлэгт нүдний ямар эмгэгийн хагалгаа түгээмэл хийгддэг вэ?
-Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн Нүд Судлалын Тасагт жилд дунджаар 2000-2200 өвчтөн хэвтэн эмчлүүлдгээс 60 орчим хувь нь нүдний болрын мэс засал хийлгэж байна. Үлдсэн хувь нь нүдний даралт ихсэх өвчин буюу глауком, нүдний гэмтэл, торлог шилэнцрийн мэс засал, мөн эвэрлэг, зовхи, салст, ухархайн хана нөхөн сэргээх мэс заслууд эзэлж байна. 2018 оны  есдүгээр сараас манай эмнэлэг дээр нүдний торлог шилэнцэрийн мэс заслыг анх удаа улсын эмнэлэгт хийж эхлээд байна. Цаашид эвэрлэг шилжүүлэн суулгах мэс заслыг тогтмолжуулах зорилготой байгаа бөгөөд манайд хийгдэх нүдний хагалгааны тоо, төрөл улам нэмэгдэх төлөвтэй байгаа.
-Болрын эмгэг юунаас үүдэж бий болдог вэ. Шалтгааныг нь тайлбарлаж өгч болох уу?
-Нүдний болрын эмгэгийн шалтгааныг онолын үүднээс олон ангилж тайлбарласан байдаг. Дийлэнх нь хүний насжилт, хөгшрөлттэй холбоотойгоор үүсч байна. Жишээ нь, нүдний болрын хатуурал нь дунджаар 55 наснаас эхлэн үүсдэг ч хүн бүрт харилцан адилгүй насанд илэрч, явц нь ч өөр, өөр байж болно. Бодисын солилцоо удааширснаас нүдний болрын тунгалаг чанар алдагдаж цайлт үүсдэг. Болрын цайлт үүсэх удаах гол шалтгаануудад нүдний гэмтэл, удаан хугацаагаар гормон эмчилгээ хийлгэх гэх мэт ордог. Нүдэндээ битүү гэмтэл авахад тодорхой хугацааны дараа нүдний болорт их, бага хэмжээтэй цайралт, бусад хүндрэлийн хамт хавсран явагдаж болно. Мөн өөр бусад өвчний улмаас гуравдагчаар нүдний болорт эмгэг үүсдэг байгаа. Манай УНТЭ-н Нүд Судлалын тасгийн эмч нар болрын бүх төрлийн мэс заслыг дэлхийн төвшинд хүртэл хийдэг. Үүнд, факоэмульсификацийн арга, склерт бэхэлдэг болор, нэн шаардлагатай тохиолдолд жижиг зүслэгт болрын мэс заслуудын төрөл орно.
-Нүдэндээ контакт линз зүүхэд эвэрлэг бүрхүүл гэмтдэг гэсэн шалтгааны улмаас линз зүүж чаддаггүй хүн олон байдаг. Линз зүүх нь хэр эрсдэлтэй вэ?
-Нүдний контакт линз нүдний эвэрлэг бүрхүүлийг гэмтээх эрсдэлтэй нь үнэн ч тухайн хүний хувийн ариун цэвэр, дэглэм сахилтаас шууд шалтгаална. Дэглэмээ барихгүй хэтрүүлэн олон цагаар зүүх,  хадгалах хугацаа нь дууссан, гэмтсэн, бохир линз зүүснээс болж нүдний эвэрлэг бүрхүүл нянгийн халдвар авч үрэвсдэг. Улмаар шархлах, цагаа тогтох, цаашилбал эвэрлэг бүрхүүл цоорох хүндрэлүүд үүсч болно. Контакт линз зүүх тодорхой заалтыг дагаж мөрдөх ёстой. Линзээ цэвэр орчинд, зориулалтын шингэнд хадгалах, өдөрт найман цагаас илүү зүүж болохгүй гэх мэт дэглэмүүд бий. Гэтэл залуу охидууд гоёлын линзийг өдөр, шөнөгүй зүүчихдэг. Энэ нь эргээд сөрөг үр дагаварт хүргэх эрсдэлтэй гэдгийг ойлгож нүдний эмчид үзүүлж зөвлөгөө авч байх хэрэгтэй. Ахуйн дэглэмийг сахиагүйгээс болж хавсарсан эрсдэл гарахаас гадна манай улсын цаг уурын онцлог их нөлөөлж байгаа. Хуурай уур амьсгалтай, агаарын бохирдолт ихтэй орчинд удаан хугацаанд контакт линз зүүх нь тохиромжгүй учраас дангаар нь биш харааны шилтэйгээ ээлжилж зүүх хэрэгтэй гэж би линз зүүдэг хүмүүст зөвлөмөөр байна.
-Унтахдаа ч зүүж болох харааны линзтэй хүнтэй би таарч байсан. Энэ линзний талаар та мэдэх үү.  Шөнө ч авахгүй гэхээр сөрөг үр дагавартай биш үү?
-Астигматизм буюу нүдний хугарлын хавсарсан гажигтай хүн зүүх эмчилгээний зориулалттай хатуу линз байдаг. Зөвхөн харааны бус, эмчилгээний зориулалтаар мэс заслын дараа хэрэглэдэг линзийг ч бид хэрэглэдэг. Харин гоёлын болон энгийн харааны линзийг огт авалгүйгээр 24 цаг зүүж огт болохгүй. Контакт линз нь өөрөө халдвар дамжих том эрсдэлтэй тул гараа угаах, нэг линзийг өдөрт 6-8 цаг зүүх гэх мэт энгийн шаардлагуудыг заавал баримтлах ёстой.
-Нүдний хараа тэглэх лазер хагалгааны сөрөг үр дагаврын тухай үнэн эсэх нь мэдэгдэхгүй олон мэдээлэл сонсож байсан. Тухайлбал, хараа нь хасах байсан хүн нэмэх болж мууддаг гэх мэт. Лазер хагалгааны дараа ямар сөрөг нөлөө гардаг вэ?
-Нүдний хараа тэглэх лазер хагалгаанаас гадна нүдний даралт ихсэх өвчин, торлогийн эмгэгийн үед хийгддэг лазеруудыг манай улсад дэлхийн өндөр төвшинд хүрэхүйц хийж байгаа. Монгол Улсад одоогоор хараа заслын лазерыг хувийн хэвшлийн хоёр эмнэлэгт л хийж байна. Улсын эмнэлгүүдэд тухайн лазерыг хийдэг болоход өндөр төвшний аппарат хэрэгтэй боловч бид хэрэгцээ шаардлагадаа тулгуурлан нэн шаардлагатай байгаа тоног төхөөрөмжөө нэн түрүүнд авахыг зорьдог. Энэхүү аппаратыг оруулж ирэхэд санхүүгийн хүндрэл үүсэхээс гадна хүн амд харьцуулсан шаардлага бага тул улсын 3 шатлалын эмнэлэгт хийдэг болох цаг нь арай болоогүй байна. Хараа заслын лазер нь нүдний шилний тусламжтай засардаг харааны гажгийг 100 хувь хүртэл нь засах эмчилгээний нэг арга боловч өөр хоёрдогч эмгэг үүсэх эрсдэлийг дагуулдаг сөрөг нөлөөтэй нь үнэн. Тийм учраас лазер хийлгэж нүдний шилнээсээ салах хүсэлтэй хүмүүст эмч нар эрсдэлт хүчин зүйлийг заавал тайлбарлан хэлж, нарийвчилсан үзлэг хийж байж хагалгаа хийх ёстой. Эрсдэлт хүчин зүйлд эвэрлэг бүрхүүл нимгэн болох, даралт үүсэх, торлог бүрхэвч нь дээр гэмтэл үүсэх гэх мэт зүйл ордог.
-Хараа муудах нь удамшлын гэхээсээ илүү олдмол шалтгааны улмаас болж байгаа. Энэ эрсдэлээс нүдээ хэрхэн хамгаалах вэ?
-Хараа муудах гэдэг нь өөрөө өргөн хүрээний ойлголт бөгөөд нүдний ихэнх өвчний үед гардаг үндсэн зовуурь юм. Нүдний болрын цайлт, нүдний даралт ихсэх өвчин, нүдний эвэрлэгийн эмгэг гэх мэт хараа муудах шалтгаан болдог өвчнүүд Монголд зонхилон тохиолдож байна. Мөн мэдрэлийн зарим эмгэгийн үед ч хараа муудах ба маш олон төрлийн шалтгаан, хүчин зүйлээс хамаардаг. Удамшлын зарим эмгэгийн үед төрөлхийн хараа муутай төрж болно. Өвчний явц, хэлбэрээс хамаарч эмчилгээ хийгээд хараа сайжрах эсэх нь шалтгаалдаг. Мөн суурин амьдрал, компьютер, гар утасны хэрэглээ ихэссэнтэй холбоотой харааны гажиг үүсэж байна. Тохирсон хугалах хүч бүхий харааны шил тогтмол зүүснээр  харааны гажгийг 100% хүртэл засаж болдгоороо онцлог юм. Гэвч харааны гажиг үүсэх эсэх нь компьютер, зурагт, утаснаас болдог гээд муйхарлаж болохгүй юм. Нэг зүйл рүү удаан ширтэн сууснаас болж нүдний цагариг булчин байнгын агшилтын байдалтай байснаас хараа мууддаг гэж зарим хэвлэлийн тоймд бичсэн байдаг ч онолын хувьд утсыг тэдэн цаг ширтэхэд, зурагт үзэхэд хараа мууддаг гэсэн судалгаа байхгүй. Харин тодорхой хэмжээнд хараа муудах эрсдэлийг нэмэгдүүлнэ. Мөн компьютер  удаан ширтэхэд зовхины завчилтын тоо багасдагаас болж нүд хуурайшин, бүрэлздэг. Тиймээс нүд амраах энгийн дасгал хийх, чийгшүүлэх нүдний дусаалга хэрэглэж болно. Харин хүүхдийг харааны гажиг эрт илрүүлэх үзлэгт тодорхой давтамжтайгаар хамруулснаар амблиопи буюу залхуу нүд үүсэхээс сэргийлж чадна.
Мөн ахуйн болон ажлын байранд хөдөлмөр хамгааллын дэглэм алдагдсанаас болж нүдээ гэмтээх асуудал маш элбэг байна. Гэвч ихэнхдээ архидан согтуурсан үедээ нүдэндээ гэмтэл авч байгаа нь  нууц биш юм. Нүдний битүү болон нэвт гэмтэл нь нүдний бүтцийг эргэшгүйгээр өөрчлөлтөд оруулдаг тул хараа сэргэх магадлал муу, улмаар сохролд хүргэх аюултай.
Ярилцсан: Л.Сайхансанаа
www.iToim.mn
+ Дагах
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн