Ахмад настны тухай хуулиар ахмадууд жилд нэг удаа хөнгөлөлттэй үнээр рашаан, амралт сувиллын газарт амрах эрхтэй байдаг. Иймд энэ жил Хөдөлмөр нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газрын тендерт шалгарсан ахмадуудын хөнгөлөлттэй амраах амралт сувиллын талаарх мэдээллийг бэлтгэлээ.
Ахмадууд амралт, рашаан сувиллын газар амрахдаа хоёр төрлийн эрхийн бичгээр хөнгөлөлт эдэлж болох юм байна. Тухайлбал, ахмадууд 10 хүртэл хоногт 300.000 төгрөг төлж амарсны дараа эрхийн бичгээ тухайн оршин суугаа газрынхаа нийгмийн халамжийн мэргэжилтэндээ үзүүлэн 200.000 төгрөгөө буцаан авах боломжтой. Эсвэл эрхийн бичгийн үнийг урьдчилан төлөх боломжгүй ахмадуудын хөнгөлөлтийг нийгмийн халамжийн сангаас тухайн амралт сувилалын дансанд шилжүүлэх эрхийн бичгээр амарч болох аж. Мөн хүндэт донор ахмадууд 100 хувийн хөнгөлөлтэй үнээр рашаан, сувилалд амрах боломжтой юм байна.
Ахмадууд рашаан сувилалд амрахдаа нарийн мэргэжлийн эмчийн тодорхойлолт, хорооны Засаг даргын тодорхойлолттой өргөдөл, иргэний үнэмлэхийн хуулбар, амрах эрхийн бичгийн хуулбар, мөнгө төлсөн баримтаа авчрах шаардлагатай аж.
2018 онд Ахмад настанд амралт, сувиллын үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан байгууллагуудын жагсаалтыг ЭНД ДАРЖ харна уу.