Одоогийн захирал Ганхуягийг эс тооцвол “Эрдэнэс-Тавантолгой”-н өмнөх захирлууд бүгд хуулийн асуудалд холбогдсон. Зарим нь хоригдсон, зарим нь оргон зайлаад одоо болтол эх орондоо ирж чадахгүй яваа. Үүн шиг үе, үеийн захирлууддаа халгаатай, төрийн өмчит дараагийн байгууллагаар Хөгжлийн банк тодорч байна.
Тус банкийг 11 жилийн өмнө үндэсний хэмжээний том /мега/ төслүүдийг санхүүжүүлж, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах тусгай чиг үүрэгтэй байгуулж байв. Харамсалтай нь, байгуулагдсан цагаасаа бүлэглэл, улстөрчдийн бэлэн мөнгөний АТМ, Засгийн газрын кассын машин болж ирснийг энэ өдрүүдийн үйл явдал харуулж байна. Улстөрчдийн нөлөө хэтэрхий их орсны золиосонд өнөөдөр үе, үеийн гүйцэтгэх удирдлагууд нь хоригдов. Хөгжлийн банк 2012 оноос хойш зургаан гүйцэтгэх захирлын нүүр үзэж, тэднийг дахин гэмт хэрэг үйлдэж болзошгүй гэдэг үндэслэлээр шүүхээс цагдан хорьж, бас хорьж магадгүй нөхцөл байдал бүхий хуулийн болон улс төрийн хайчин дунд оржээ.
1. Гүйцэтгэх захирал Н.Мөнхбат /2012-2016 он/
Тухайн үед /2012 он/ Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Н.Батбаяр гадаадын шилдэг банкинд ажиллаж байсан залууг Монголдоо авчирч, шинэхэн байгуулсан Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар томилсон нь Н.Мөнхбат байв. Тэрээр хамгийн их мөнгөтэй үед ажилласан захирал. Чингис, Самурай бондыг босгож, дийлэнхийг нь Хөгжлийн банк захиран зарцуулсан үе юм. Түүнийг захирлаар ажиллаж байхдаа олгосон зээлүүдтэй нь холбож дахин шалгаж эхэлсэн. Өмнө нь уг асуудлаар цагдан хоригдсон ч шүүхээс хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан шалтгаанаар хаасан байв. Гэсэн ч дахин хэрэг үүсгэсэн бөгөөд өнөөдөр цагдан хорих эсэх шүүх хурал болно.