УИХ-ын чуулганы баасан гаригийн хуралдаанаар 2022 оны төсвийн тодотголын төсөл, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэн, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороодод шилжүүлэв. Санал хураалтын үеэр Улаанбаатар хотоос сонгогдсон зарим гишүүн уурсаж, чуулганы нэгдсэн хуралдааныг орхин гарсан. Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсвийн тодотгол, хамт дагалдуулан мэдүүлсэн төслүүд “унахаа” шахав. УИХ-ын дарга дахин, дахин санал хураалгаж, унасныг нь горимын саналаар хүчингүй болгуулж, арай гэж босго давууллаа.
Сая амралтын өдрүүдэд гишүүд сошиалаар хот, хөдөөгөөрөө хэрэлдэн, нөгөө нутаг ус, жалга довны үзлээ ил гараад авав. Олон нийт энэ маргаанаас Улаанбаатарт LRT гэх төсөл хэрэгжүүлэх гээд хотын гишүүд нь дэмжээд, хөдөөнийхөн нь гацааж байгаа гэх ерөнхий ойлголтыг авах шиг боллоо. Иймд, хотын гишүүд яагаад уурссан, хөдөөний гишүүд, тэр дундаа Ч.Хүрэлбаатар гишүүн яагаад энэ төслийг дэмжихгүй унагаасан, ер нь LRT төсөл гэж юу болох талаар мэдээллийг товчхон сийрүүлье.
...Хотын гишүүдийн уурссан шалтгаан
Засгийн газар төсвийн тодотголын төслийг дагалдуулан “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хэрэгжүүлэх хөгжлийн төсөл, арга хэмжээг эрчимжүүлэх тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн барьжээ. Уг төсөлд Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хэрэгжүүлэх төсөлд Засгийн газрын өрийн баталгаа гаргах шаардлагатай байгааг дурдаад, өрийн баталгааг 1.075 тэрбум ам.доллароор нэмэх тухай багтжээ. Үүний 510 сая ам.долларын баталгаа нь Тулгуурт гүүрэн байгууламж буюу LRT төслийн санхүүжилтэд, 565 сая ам.доллар нь Тавантолгой цахилгаан станцын санхүүжилт татахад зориулагдахаар тусгасан байна.