Open iToim app
Эрүүл монгол | 4 мин уншина

Г.Энхцэцэг: Гайморит болон чихний идээт үрэвслийг бүрэн эмчлэхгүй бол харвалтад нөлөөлдөг

Г.Энхцэцэг: Гайморит болон чихний идээт үрэвслийг бүрэн эмчлэхгүй бол харвалтад нөлөөлдөг
Нийтэлсэн 2019 оны 6 сарын 26
Улсын нэгдүгээр төв эмнэлэг /УНТЭ/-ийн мэдрэлийн их эмч Г.Энхцэцэгтэй цус харвалт өвчний талаар ярилцлаа.
-Монголчуудын дунд цус харвалт өндөр байгаагийн гол шалтгаан нь юутай холбоотой байна вэ?
-Сүүлийн үед тархины харвалт буурахгүй байна. Энэ нь эрүүл мэндийн боловсрол муу байгаатай холбоотой. Гэхдээ иргэд өмнөх үеийг бодоход тархины харвалтын талаар тодорхой ойлголттой болсон хэдий ч эрүүл мэнддээ анхаарахгүй байгаа нь гол асуудлын нэг болоод байна. Тархины харвалт нь тархины судас хагарах, судасны хана хагарах, эсвэл судасны хананы нэвчих чанар ихэссэнээс болоод тархины эдэд цусан хангамжийн хурц хямрал үүсэж, тархины үйл ажиллагаанд доголдол үүсч байгаа юм. Энэ нь олон шалтгаантай. Тархины харвалт нь хоёр хэлбэртэй байдаг. Тархины шигдээс буюу тархины судас бөглөрснөөс болоод цус хомстох, цусан хангамжгүй болно гэсэн үг. Үүнээс үүдэж тархинд доголдол гарахыг тархины шигдээс гэж хэлж байгаа юм.
Нөгөө нь тархины судасны хана хагараад эсвэл судасны хананы нэвчүүлэх чанар ихэссэнээс болоод тархины эдэд цусан бүлэн үүсч байгаа юм. Үүнээс болж тархины аль хэсэгт өөрчлөлт гарснаасаа шалтгаалаад ялгаатай байдаг. Тархины харвалтын эхний шалтгаан нь артерийн даралт ихдэх өвчин нөлөөлнө. Энэ нь иргэд даралтаа огт хянадаггүйтэй холбоотой. Үүний дараа чихрийн шижин, судасны эмгэгүүд, зүрх судасны эмгэг, дотор эрхтний өвчин гэх мэт олон шалтгаан байна. Үүн дээр орчин үед стресс харвалт өгөхөд нөлөөлж байгаа. Ер нь тархины артерийн судасны харвалтын талаар маш их мэдээлэл байдаг. Венийн судасны харвалтын талаарх мэдээлэл хангалттай биш байдаг. Хүний бие организмд артер, вен гэсэн хоёр эсрэг урсгалтай цус мөнхийн эргэлдэж байдаг. Цус харвалтад артерийн судасны харвалт элбэг тохиолддог боловч венийн судасны цус харвалт залуус хүмүүст дийлэнхдээ тохиолдоод байна.
Ялангуяа 25-35 насны залууст элбэг тохиолдож байна. Венийн судас, артерийн судасны харвалтын шалтгаан нь хоорондоо ялгаатай. Тухайлбал, артерийн судасны цус харвалт нь даралт ихсэх, чихрийн шижин, хөдөлгөөний дутагдал, бодисын солилцооны өвчнөөс шалтгаалдаг. Харин венийн судасны харвалт нь халдварт болон халдварын бус шалтгаантай байдаг. Халдварын шалтгаан нь хамар дайвар хөндийн үрэвсэлд өвчний улмаас болоод жирэмснээс хамгаалах янз бүрийн гормоны эм хэрэглэх нь нөлөөлдөг. Энэ нь цусны бүлэгнэлтийн системийн алдагдалд хүргэдэгтэй холбоотой. Үүнээс гадна төрөлхийн цусны бүлэгнэлтийн системийн эмгэгээс болж венийн судасны харвалт тохиолддог.
-Тэгэхээр гайморитыг бүрэн эмчлэхгүй бол  цус харвалтад нөлөөлдөг гэсэн үг үү?
-Хамар залгиур эрхтэнд гэмтэл авах, чихний идээт үрэвсэл зэргээс болоод залуу хүмүүст венийн судасны харвалт болж, цаашлаад артерын судасны харвалт болж хүндрэх нь байна. Венийн судасны харвалт нь эрт оношлогдвол эмчлэгдэх боломж артерийн судасны харвалтыг бодоход илүү байдаг.
-Артер болон венийн судасны харвалтын илрэх шинж нь юугаараа ялгаатай юм бэ?
-Артерийн судасны харвалт нь хурц хэлбэрээр явагддагаас гадна шинж тэмдэг нь тод байдаг. Харин венийн судасны харвалтын шинж тэмдэг хурцавтар илэрнэ. Мэдэгдэхгүй явж байгаад архагшиж, шинж тэмдэг илрэх нь бий. Толгой өвдөлт гавлын дотоод даралтын шинж тэмдэг илүү тохиолддог. Илрэх шинж тэмдэг нь байрлалаасаа хамаараад ялгаатай байдаг. Үүний шинж тэмдгийг мэдрэлийн эмч нар сайн ялгана. Дийлэнхдээ толгой өвдөх, таталт өгөх шинж гарч ирдэг.
-Ер нь цус харвасан иргэд хүндэрсэн шатандаа ирж байна уу?
-Харвалт өгч байхад хүмүүс маш хариуцлагагүй хандаж байна. Угаасаа даралт нь ихэсдэг хүн даралтаа огт хянадаггүй. Өөрт нь зовуургүй байвал эмчийн хэлснийг хөсөр орхидог. Том хэмжээний судас хагарахаар л ирдэг. Бүр хүндэрч, харвасан хойноо эмнэлэгт ирж байна.
-Зуны улиралд хэт халж байна. Энэ нь даралт ихсэхэд нөлөөлдөг байх. Тэгэхээр иргэд хэт халууны үед иргэд харвалтаас яаж сэргийлэх вэ?
-Цаг агаараа өдөр тутам харж, түүнд өөрийгөө тохируулж бэлд. Зөв зохион байгуулалттай байх ёстой.
-Ер нь цус харвасан хүн саажилтгүй эдгэрэх боломж байдаг уу?
-Яаж харвалт өгснөөсөө шалтгаална. Тухайлбал, тархины хальсан завсрын харвалт байлаа гэхэд маш сайн дэглэм барьж, тогтмол эмчилгээ хийлгэвэл үлдэцгүй эдгэнэ. Харин тархины гүнд том судас хагарсан нөхцөлд ямар нэг байдлаар үлдэцтэй эдгэнэ. Тэгэхээр ямар төрлийн харвалт, хэр эрт эмчид хандсанаас шалтгаална. Цаг хугацаа алдах тусам эмчилгээний үр дүн багасна.
-Энэ төрлийн өвчнөөс эрүүл байгаа хүмүүс яаж сэргийлэх, өвдсөн хүмүүс нь хэрхэн дэглэм барих талаар зөвлөгөө өгөхгүй юү?
-Ер нь иргэд эрүүл мэндийн боловсрол сайтай байх хэрэгтэй байна. Толгой өвдөх, хөл гар сулрах, нүүр ам мурийх, бөөлжих зэрэг шинж илэрвэл яаралтай эмчид хандах ёстой. Анхны тусламж эрт авах тусмаа эмчлэгдэх боломж нэмэгдэнэ. Эрүүл байхдаа ч урьдчилан сэргийлэх үзлэгт жилд нэг удаа урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах хэрэгтэй.
-Стресс нь цус харвахад нөлөөлдөг гэсэн. Энэ тал дээр зөвлөгөө өгөхгүй юү?
-Хүний тархи бол бүх эрхтнийг удирдаж байдаг. Стресстэх үед тархины судасны хананд маш их өөрчлөлт өгдөг. Уурласнаас тархины судас хэсэг хугацаанд маш хүчтэй агшилтын байдалтай болж, тавигдахгүй удаан хугацаагаар үргэлжилбэл судасны эргэлтийн зогсонгишил үүсдэг. Үүнээс болоод бичил судасны үйл ажиллагаа алдагддаг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн