Монгол зурхайн Түвдэнпэлжээлин хийдийн хамба, зурхайч Ж.Гончигсүрэнтэй ярилцлаа.
-Юун түрүүнд Цагаан сар болохыг хэзээ хэрхэн тооцож, зурхайд буулгадаг тухайгаас яриагаа эхлэе. Учир нь жил бүрийн Цагаан сарын хугацаа маргаан дагуулдаг шүү дээ?
-Манай хийд Төгс Буянт зурхайн ёсны цаг тооны бичгийг гаргадаг. Энэ ажлыг миний багш их зурхайч Гандантэгчилэн хийдийн гэсгүй Г.Галсанравжаа 1960-1995 он хүртэл хийсэн. Харин би 1985 оноос хойш хийж байна. Ер нь зурхай гэдэг чинь зүгээр л хуулаад биччихдэг зүйл биш. Нэлээд олон үзүүлэлтийг харж байж, хаврын тэргүүн сарын шинийн нэгний өдөр хэзээ тохиохыг тогтоодог юм. Энэ нь Хятадын хуанлитай заримдаа нийлдэг, заримдаа зөрөх тохиолдол гарна. Хугацааны хувьд өөр өөр байдаг нь манай улсын газар зүйн онцлог, уур амьсгалаас хамааралтай. Бидний гаргасан зурхай үнэн гэдгийг манай улсын уур амьсгал баталж байдаг юм. Зурхай гэдэг бол бурхны зарлиг, багш нарын дамжлагагаар гардаг арван ухааны нэг. Одон оронтой тохирох, нар сарны хиртэлтийг тооцож, жилийн ерөнхий төлөвийг гаргадаг юм. Зурхай хийх нь нарийн ажил бөгөөд чихнээс чихэнд дамжиж хүрдэг эд. Хүн болгон хийж чадахгүй. Нийтэд хэлэх юм, хэлэхгүй зүйл ч гэж байдаг.
-Зурхайд “Хотол төгс” хулгана жилийн төлөв бууж байна вэ?
-Усан хулгана жилийн хаврын урь орсон өдрийн махбод болон урган гарч буй жилийн махбодод тулгуурлан жилийн ерөнхий байцыг шинжлэх “шороон үхэр”-ийн зургийг гаргадаг. Үхрийн толгой цагаан, бие нь хөх өнгөтэй, эвэр чих сүүл нь улаан, дөрвөн шийр нь шар, амаа ангайж, сүүлээ зүүн тийш шарваж явна. Харин үхэр хариулаач нь шар царайтай, ногоон дээлэн дээр цагаан бүс бүсэлсэн, гэзгээ баруун чихний ар, зүүн чихнийхээ урдуур унжуулсан, хоёр гутлаа өмссөн, мяндсаар хийсэн шилбүүр барьсан хүүхэд үхрийн өмнө яарч гүйж явж буйгаар зурагджээ. Энэ нь жилийн эхэндээ гандуу боловч дунд үеэр хур тунадас ихээр орж арвин ургац авна. Мал сүрэгт сайн боловч хямрал болох нигууртай. Нийт нутгаар сэрүүвтэр, бадгана өвчин их гарна. Ард иргэдэд амгалан, өндөр суудалтанд ширүүн, дунд суудлын түшмэлд маш ширүүн жил болно. Гэхдээ эзэн хичээвэл заяа хичээнэ гэдгийн адилаар байгаль, цаг уур сайхан байх учраас үйлийн эзэн буюу Монголын ард түмэн бие, хэл, сэтгэлээ тайван, сайхан байлгах хэрэгтэй. Хүн бүхэн ихэс дээдэс, дарга цэргээ хүндэтгэдэг, дээдсүүд нь ард түмнээ хүү шигээ хайрладаг байх юм бол энэ жил бусдаас шалтгаалсан зовлон зүдгүүр байхгүй байна. Хөгшчүүлд сайн, залуучуудад ширүүн байхаар байна. Гэхдээ энэ нь хүмүүсийг аливаа зүйлээс болгоомжил гэж байгаа болохоос айлгаж байгаа зүйл огт биш. Шинээр гарч буй жилийг бид сайн, сайхнаар хүлээж авах хэрэгтэй. Бурхны шашинд ч хулгана жилийг их сайнаар үздэг. Учир нь Намсрай бурхан хулгана тэвэрсэн байдаг бөгөөд эд агуурсыг билэгдсэн учир энэ жилийг их онцгой, сайхан жил гарч байна гэж үзэж байгаа. Өнгөрч буй жил ч мөн адил их сайхан байлаа. Богдынхоо 150 жил, Шарын шашны 600 жилийн ойг өргөн дэлгэр сайхан тэмдэглэж, Бурхан багшийн их дүйчин өдрийг Үндсэн хуульдаа онцлон дурдаж, бүх нийтээр тэмдэглэдэг болж байна. Энэ нь сайхан жилийн эхлэл ирж байна гэсэн үг.
-Жил орж байгаа хүмүүс юунд анхаарах ёстой вэ?
-Жил орж байгаа хүмүүсээс гадна суудал, мэнгэ нь голлосон хүмүүс засал номоо сайн уншуулах нь чухал. Хар зурхайд дотоод жил буюу урвасан жил хэмээхийг бодож олоод түүгээр жилийн нурууг шинждэг нэгэн арга байдаг. Эр жилд төрсөн буюу хулгана, бар, луу, морь, бич, нохой жилтний урвасан жил орж байна.
-Мөр гаргах ёсны ач холбогдлыг тайлбарлаж өгөөч. Ер нь заавал мөрөө гаргах ёстой байдаг юм уу?
-Хүнд зүгийн хорлол хэмээх зүйл нөлөөлдөг учраас үүнийг цайруулах үүднээс дөрвөн муу, дөрвөн сайн зүг гэж бий. Бурхны номонд заавал мөрөө гаргах ёстой гэж тусгаагүй ч, шинэ сар, шинэ жил эхэлж буй жилийн хамгийн онцгой Цагаан сарын шинийн нэгний өглөө өөрийнхөө буян хишгийн зүг мөр гаргах нь зүйтэй.
-Цагаан сарыг ард түмэн маань өргөн дэлгэр тэмдэглэхгүй болсон. Хийдүүд үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх үү?
-Ер нь шашны хувьд 15 хоног ерөөлөө хурж, 25-аас балингаа тахиж, 26-нд балин адисалж, сахиуснуудаа хурна. Аль ч хийд бурхны шашны зан үйлээ хэвийн үргэлжлүүлнэ. Харин ард түмэн ирэх, ирэхгүй нь өөрсдийнх нь сонголт. Хуралд заавал ирэх ёстой биш шүү дээ. Бурхан шашин ч заавал хий хэмээн албаддаггүй. Гэртээ телевизээ үзэж, эсвэл төлөөлөгчдөө явуулж, гэртээ зул хүжээ асаан даган баясаж болно. Мөн Цагаан сараар гэрийнхэнтэйгээ золгохдоо хадгаа бариад, гар барилгүй тохой түшиж золгох нь зөв.
-Хүмүүсийг бурхны шашинд сэтгэлээсээ өглөг өгч болно гэдэг. Үүнийг хүмүүс их өгөх тусам их буян хураана гэж бодоод байдаг юм шиг. Ер нь өглөг өгөх буян мөн үү?
-Бүх зүйлд хармын сэтгэлгүй хандаж байгаа бол тэр жинхэнэ өглөг. Зул барих гэж байлаа гэж бодоход том зул барих, жижиг зул өргөхөд ямар ч ялгаагүй. Зул барьж байгаа нь гол ач холбогдол. Ер нь буян, нүгэл нь сайн муу гэсэн үйл бөгөөд аль алийг нь хэл яриагаараа, биеэрээ , сэтгэлээрээ үйлдэгддэг. Биеэрээ хийж байгаа нь зул барьж буй сайн үйл, зул барихдаа “Ум ма ни бад мэ хум” гэж хэлж байгаа нь хэлээрэй хийж байгаа нь мөн л сайн үйл. Энэ үйлийг л гэртээ хийхэд л болно. Тиймээс ард түмэн минь ирж байгаа “Хотол төгс” хэмээх цагаан хулгана жилийн сар шинээр эрүүл саруул, зөв баярлаасай гэж хүсч байна. Айл өрх бүр эрүүл энх, аз жаргалтай байж, эд гуурсаар баялаг байх болтугай.