Open iToim app
Халуун цэг | 2 мин уншина

Дундад зууны долоон гайхамшгийн нэг, 850 жилийн түүхтэй Парисын Дарь-Эхийн сүм шатлаа

Дундад зууны долоон гайхамшгийн нэг, 850 жилийн түүхтэй Парисын Дарь-Эхийн сүм шатлаа
Нийтэлсэн 2019 оны 4 сарын 16
Парисын Дарь-Эхийн сүм буюу 850 жилийн настай Нотре Дам католик сүмд гал гарч дундад зууны үеийн Европын готик урсгалын хамгийн том төлөөлөл болж үлдсэн түүхэн өв устаж үгүй болох аюул нүүрлээд байна.
Энэхүү аварга байгууламж нь дундад зууны долоон гайхамшгийн нэг бөгөөд нэгэн цагт дэлхийн долоон гайхамшгийн нэгээр нэрлэгддэг байсан юм. Католик шашны ариун газар гэгддэг уг сүмийг үзэхээр жилд ойролцоогоор 12 сая орчим жуулчин хүрэлцэн ирдэг аж. Нотре Дамын сүмийг барих барилгын ажил 1163 онд эхэлж 1250 онд дууссан байдаг. Сүмийг хариуцдаг холбогдох алба сүүлийн жилүүдэд урт настай барилгыг сэргээн засах шаардлага тулгараад байгааг байнга сануулж байжээ. Энэ асуудлыг Францын Засгийн газар хэд хэдэн удаа хэлэлцсэн ч нөхөн сэргээх ажлын зардал хэт өндөр гэдэг шалтгаанаар төсөв нь шийдэгдэхгүй байсаар өнөөдрийг хүрсэн аж.
undefined
Францын Дотоод хэргийн сайдын мэдээлснээр галыг унтраахаар 400 орчим гал сөнөөгч ажиллаж байгаа бөгөөд Нотре Дам сүмийн ойролцоо оршин суудаг хүмүүсийг нүүлгэн шилжүүлээд байна. Харин Парис хотын амбан захирагчийн хэлж байгаагаар олон жилийн настай сүмийн барилга их хэмжээний галаас болж нурах аюул үүсээд байгаа аж.
Одоогоор гал гарах болсон шалтгааныг олж илрүүлэхээр тусгай шинжээчдийн бүлэг томилогдон мөрдөн шалгах ажил хийж эхэлжээ. Одоогоор ямар нэгэн хүний амь нас эрсдээгүй байна. Холбогдох албаны эх сурвалжийн хэлж буйгаар хамгийн анх сүм дээврээсээ шатаж эхэлсэн байна.  
Дэлхийн томоохон түүхэн өвийн нэгд албан ёсоор багтдаг байгууламж галын аюулаас болж нэгхэн өдрийн дотор устсан үгүй болж байгаад олон хүн харамсаж байгаагаа илэрхийлсээр байна. Харин Францын ард түмэн улсынх нь уналт босолтын бүх цаг үеийн түүх нэгхэн өдрийн дотор шатлаа гэж эмгэнэж байна.  
Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон өөрийн твиттер хаягаараа дамжуулан “Энэ золгүй явдал ард түмнийг бүхэлд нь гунигт автуулж байгаа шиг миний бие ч маш ихээр сэтгэл хоосорч байна” гэсэн юм. Харин галыг унтраах ажил ахиц муутай байж олон цаг үргэлжилсний дараагаар “Би Нотре Дамын сүмийг ахин сэргээн босгох болно гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Бид үүнийг ард түмний хамтын хүчээр ахин сэргээн босгох болно. Тиймээс энэ улсын иргэн бүрийг түүхэн өвөө ахин сэргээх ажилд оролцохыг уриалж байна” гэсэн юм.
Харин католик шашны тэргүүн Ромын пап Францис “Энэ бол үнэхээр харамсалтай бас аймшигтай. Миний бие Францын нийт католик шашинтнууд болон Парис хотын ард иргэдтэй хамт байгаа гэдгээ илэрхийлж байна. Нотре Дамын сүм бол католик шашны билгэ тэмдэг юм. Үүнийг хамгаалахаар амиа ч эрсдэлд оруулахад бэлэн тэмцэж буй гал сөнөөгчдийн төлөө би залбирах болно” гэжээ.  
Эх сурвалж: Time
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн