Франц улсын “Aix. Marseille” их сургуулийг Хууль, эдийн засгаар бакалавр, Бизнесийн Хуулийн чиглэлээр магистр хамгаалан эх орондоо эргэн ирж, Монголбанканд Эрх зүйн хяналтын мэргэжилтний алба хашиж байгаа Ж.Эрхбилгүүнтэй ярилцлаа.
-Франц улсын их дээд сургууль Монгол сургуулиудаас ялгаатай тал нь юу вэ. Та ямар чиглэлээр суралцсан бэ?
-Франц улсын боловсролын тогтолцоо нь Монголоос өөр нь бакалаврын зэргийг гурван жил суралцаж авдаг. Мөн оюутнууд хоёр жилийн мэргэжил олгох коллежид сураад ажиллах боломж бүрддэг. Миний хувьд 2009 онд МУИС-ыг Франц хэлний орчуулагч мэргэжлээр төгсөөд, Франц улсыг зорьсон. Францад бакалаврын зэргээ Хууль, эдийн засаг, маркетинг, менежментийн чиглэлээр дүүргэсэн. Франц гэлтгүй барууны орнуудад бакалаврыг нэгдсэн нэршил бүхий нэг мэргэжлээр дүүргэдэггүй. Сургалтын эхний хоёр жилийн хугацаанд ерөнхий хичээлүүд үзэж байгаад төгсөх жилдээ өөрийн сонирхолтой чиглэлээ гүнзгийрүүлэн суралцдаг. Энэ талаараа Монголын сургалтаас өөр. Сургуулийн бүтцийн хувьд Монголоос ялгаатай нь Францад бакалаврын зэрэгт нэгдсэн суурь мэдлэг олгохыг илүүд үздэг. Мэдээж анагаах зэрэг нарийн мэргэжлийн хичээл орохгүй ч эдийн засаг, нийгэмтэй холбоотой бүх хичээлүүд салбараасаа хамаараад жигд ордог.
-Монгол залуус Францад суралцах боломж хэр өндөр вэ. Хэрхэн Францад суралцах вэ?
-Монгол гэлтгүй дэлхийн бүхий л өнцөг булан бүрээс ирсэн хүүхдүүд Францад суралцдаг. Тэндхийн их сургуульд суралцахын тулд Франц хэлний дунд төвшнөөс дээш хэлний мэдлэгтэй байх, тэр нь төвшин тогтоох шалгалтаар баталгаажсан байх ёстой. Намайг сургуульд явж байхад нэг удаа Франц сургууль руу элсэлтийн бичиг баримт илгээхдээ гурван сургуульд л илгээх ёстой байсан. Хэрвээ хүсэлт явуулсан сургуулиуд хүлээн авахгүй гэж үзвэл дахин нэг жил хүлээх болдог. Францад суралцахаар бэлтгэж байгаа бол англи хэлний ямар нэгэн шалгалт өгөх шаардлагагүй. Зөвхөн Франц хэлний мэдлэг болон, бусад бичиг баримтуудаа бүрдүүлэх хэрэгтэй. Миний хувьд Франц хэлний мэдлэгтэй байсан нь том давуу тал болсон. Францын их дээд сургуулиуд олон улсын жишгийг бодвол элсэлтийн журам нь хатуу биш. Гэхдээ дүн гаргах, бодох тогтолцоо нь маш хатуу. Оюутанд хэзээ ч 100 хувь гэсэн оноо өгдөггүй. Дүн гуйх, багшаасаа шалах гэсэн асуудал огт байхгүй. Тийм болоод ч шалгалтад унах асуудал харьцангуй бага. Нэг улирал нөхөн суух буюу Монголоор улирч суух бол тийм ч сүртэй асуудал биш. Багшийн өгсөн үнэлгээ маш бодит байдаг учир дүнгийн хойноос улайрах асуудал байдаггүй
-Францын их сургуулиуд оюутан элсүүлэхдээ тавьдаг хамгийн том шалгуур юу вэ?
-Сургуулиудын элсэлтийн журам хоорондоо өөр ч гэлээ бакалаврын зэргээр суралцах бол дээр дурдсан франц хэлний төвшин, шалгалтын оноо хамгийн чухал. Мөн өөрийгөө, суралцах зорилгоо тодорхойлсон захидал маягийн эссэ бичдэг. Гэхдээ хэлний мэдлэггүй ч бэлтгэл сургуульд сууж, их сургуульд дэвшин суралцах боломжтой. Хэрэв бэлтгэл сургуульд сурах бол зохих төлбөр төлөх болно. Залуус өөрсдийн сонгосон сургуулийнхаа шаардсан бичиг баримтыг үнэн зөв бүрдүүлж, өгөх хэрэгтэй. Харин магистрын хувьд хоёр жил суралцдаг. Жил бүрийг нь өөр төвшин гэж үздэг бөгөөд хоёрдугаар төвшинд орохдоо ярилцлагын шалгалт өгдөг. Магистрын аман шалгалтад анхаарах хамгийн гол зүйл бол өөрийн судлахаар, суралцахаар зорьж буй мэргэжлээ хэрхэн таньж мэдсэн, өөрийн болгосон гэдгийг хардаг.
-Франц улсад суралцах өртөг хэр өндөр вэ. Тэтгэлэг авах боломжтой юу?
-Миний суралцсан буюу ихэнх улсын сургуулиуд нь үнэ төлбөргүй байдаг учир хүн болгонд нээлттэй. Тиймээс хэлний мэдлэгтэй л бол Франц улсад суралцах боломж хүн бүрд байгаа. Түүнчлэн оюутнуудад долоо хоногт 20 цаг ажиллах эрх олгодог учир цагийн ажил хийж, амьжиргаагаа залгуулах боломжтой. Бас их сургуулийн дотоод, мужийн, Засгийн газрын зэрэг тэтгэлгүүд байгаа. Голч дүн өндөр байх нь тэтгэлэг олоход давуу тал болно. Мөн цалингийн төвшнөөс хамаараад байрны төлбөрийнхөө зохих хувийг эргүүлж авах боломжтой. Миний хувьд байрны төлбөрийнхөө 40 хувийг сар болгон буцаан авдаг байсан.
-Сургуулиа төгссөн хойноо Франц улсад ажиллаж, амьдрах боломж байдаг уу?
-Гадаад оюутан баталгаажсан визээ жил бүр сурдаг болох нь үнэн гэсэн баримтуудаа бүрдүүлж, сунгуулдаг. Сургуулиа төгссөн хойно нэг жилийн хугацаанд ажилд орж болдог. Ингэхдээ тухайн байгууллагатайгаа нэг жилээс доошгүй хугацааны хөдөлмөрийн гэрээ байгуулсан тохиолдолд визээ сунгуулах бүрэн боломжтой. Эндээс явахдаа хэлээ хувьдаа бэлдэж байгаад явбал, цаг ч хэмнэнэ, очоод хичээлээ хийх, хөлөө олоход ч хавьгүй амар байдаг. Хэлний бэлтгэлд нэг жилийн сургалтад сууж дүүргээд дахин нэг шалгалт өгч байж их сургуульдаа тэнцэн суралцах эрх авах тул, Франц явна гэж шийдсэн үеэсээ хэлээ бэлдээд, сургуульдаа ирвэл зүгээр санагдсан. Мөн сургуульд сурахаар очсон бол ажиллах, мөнгө олох гэж зүтгэлгүй хичээлдээ анхаарлаа бүрэн төвлөрүүлбэл зүгээр санагдсан. Хэдий хичээл орж байгаа цаг бага ч бие даан суралцах, судлах зүйл их байдаг учир хичээл, ажил гэсэн сонголт хийх шаардлага гардаг. Сайн дүнтэй бол тэтгэлэг ч авах боломжтой болно.