Монгол Улсын 2021 оны Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал хураалт амжилттай зохион байгуулагдаж, МАН-ын нэр дэвшигч У.Хүрэлсүх нийт санал өгсөн иргэдийн 67.8 хувийн саналаар ялалт байгуулсан. Энэ нь Монгол Улсын түүхэнд хамгийн өндөр саналын хувиар ялалт байгуулсан тохиолдол боллоо.
Үүнээс өмнө Монгол Улсын хоёр дахь төрийн тэргүүн Н.Багабанди 1997 оны Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд МАН-аас нэр дэвшин өрсөлдөж, 60.81 хувийн санал авч ялалт байгуулсан нь хамгийн өндөр хувиар ялалт байгуулсан түүхэн амжилтад тооцогдож байв.
Гэвч Монгол Улсын 2021 оны Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн саналын ирц түүхэнд байгаагүй хамгийн бага хувьтай буюу 59.35 хувь байлаа. Өмнөх 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар шатны саналын ирц 60.67 хувь байсан нь хамгийн муу ирцтэй сонгуульд тооцогдож байв. Ерөнхийлөгчийн сонгуулийн ирц 1993 онд хамгийн өндөр буюу 92.73 хувьтай байжээ. Улмаар дөрвөн жил тутамд төрийн тэргүүнийг сонгох сонгуулийн ирц тогтмол буурч ирсэн юм.
Ерөнхийлөгчийн анхны сонгуулиас хойш Монгол Улсын хүн ам 1.1 сая гаруй, сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн сонгуулийн насны иргэдийн тоо нэг сая орчмоор нэмэгджээ. Гэвч нийт найман Ерөнхийлөгчийн сонгуулийн 9 удаагийн санал хураалтаар сонгуульд саналаа өгсөн иргэдийн тоо тогтмол байж ирсэн нь харагдаж байна. Тухайлбал, 2005 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалтад 1.2 сая иргэн бүртгэгдэж, 930 мянган иргэн саналаа өгсөн нь хамгийн бага. Харин 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатны санал хураалтын сонгогчдын нэрийн жагсаалтад 1.98 сая иргэн бүртгэгдэж, 1.35 сая иргэн санал өгсөн нь хамгийн өндөр үзүүлэлт юм.
Мөн энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд 71937 иргэн хоосон саналын хуудас уншуулж цагаан сонголт хийсэн нь нийт саналын 5.9 хувийг бүрдүүлжээ. Монгол Улсын 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар шатны санал хураалтад 99494 иргэн хоосон саналын хуудас уншуулж, цагаан сонголт нийт саналын хуудасны 8.2 хувийг эзэлж байсан нь хамгийн өндөр үзүүлэлт юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн түүхэн үр дүн
Та "Slide Show"-г гүйлгэж үзэх боломжтой.