Онцгой нөхцөл байдал зарласантай холбогдуулан энэ жил гадаадын аялал жуулчлал зогссон. Харин эсрэгээр дотоодын аялал жуулчлалын эрс нэмэгдсэн. Гэвч аялагчдын тоо нэмэгдэхийн хэрээр олны хөлд байгалийн үзэсгэлэнт газрууд сүйдэх эрсдэлд хүрээд байна.
Монгол хүн бүрийн очиж үзэхийг хүсдэг нэгэн байгалийн өвөрмөц тогтоцтой газрын нэг бол Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын нутагт орчих Мухартын гол юм. Энэхүү байгалийн өвөрмөц тогтоцтой газар нь Эрдэнэхайрхан сумын төвөөс зүүн хойд зүгт Бор хярын элсний өмнө талд далайн төвшнөөс дээш 450 метрийн өндөр элсэн манхнаас эх авч урсдаг Мухарт нэртэй байгалийн өвөрмөц тогтоц бүхий гайхамшигт гол ширгэхэд тун ойрхон байна. Энэхүү байгалийн үзэсгэлэнт газар юунаас болж ширгэхэд хүрээд байна вэ. Шалтгаан нь маш энгийн. Эргэн тойрон битүү элсээс бүрдэх элсэн дундах баянбүрд болсон устай, модтой усныхаа хөвөөгөөр бургасан шугуйтай энэ газрыг зорин очсон иргэд цас мөсөн дээр гулгадаг чаргаар элсэн манхны орой дээрээс гулгаж тоглон голын эх, усны амин судал, ундаргыг элсээр дарсаар байна. Үүнээс улбаалж усны урсац нь өдрөөс өдөрт багассаар байгаа юм. Энэхүү асуудал дээр анхаарахгүй бол хэдхэн жилийн дараа Монгол орны байгалийн үзэсгэлэнт газрын нэг устаж үгүй болох магадлал өндөр байна.
Иймд БОАЖЯ-ны Сав газрын удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн Т.Даваанямаас Мухартын голыг хамгаалах ажил хэрхэн явагдаж байгаа талаар тодруулсан юм.
Тэрээр “Дотоодын аялал зугаалга ихэссэнтэй холбоотойгоор Мухартын голыг зорин очих иргэдийн тоо маш их болсон. Гэвч иргэд элсэн манхны орой дээрээс доошоо уруудан гулгаж элсийг их хэмжээгээр нурааж голын урсцыг багасгаж байна. Энэ асуудлын дагуу тухайн бүс нутгийн хариуцдаг сав газрын захиргаанаас долдугаар сарын 10-ны өдөр Мухартын голд очиж ажилласан. Энэхүү бүсэд Отгонтэнгэрийн тусгай хамгаалалттай газар хамаардаг учраас тухайн бүсийг хариуцаж, хамгаалдаг улсын байцаагчийн байрнаас доош машин оруулахгүй байх талаар чиглэл өгсөн. Энэ дагуу иргэд машингүйгээр алхаж очиж үзэж байгаа. Гэсэн хэдий ч иргэдийн ухамсаргүй үйл хийн элсэн дээр гулгасан хэвээр байна. Тухайн бүсийг хариуцдаг ганцхан улсын байцаагч тэнд ажилладаг учраас тэр олон аялагчдыг хянаж чадахгүй. Тиймээс иргэд маань байгаль эх дэлхийгээ хайрлаж, зөв зохистой аялах хэрэгтэй байна. Бид зорин очиж байгаа иргэдийг хязгаарлаж болохгүй учраас аялагчдын боловсролыг дээшлүүлэх зорилгоор тараах материал тарааж, сошиал орчинд нөлөөллийн ажлуудыг хийж байгаа. Аялагчид элсэн дээр гулгахгүй байхад энэхүү өвөрмөц тогтоцтой газар цаашид олон жил үзэсгэлэнт төрхөө хадгалсаар байна. Голын ундаргын хувьд ч тэр элс нэмж оруулж ирэхгүй байвал өөрөө ундарга нь өөрөө нөхөн сэргээдэг. Энэ бол байгалийн өөрийнх нь зохицуулалт хэдэн зуун жил өөрөө нөхөн сэргэж ирсэн байгаль. Тиймээс иргэд ухамсартай байж элснээс гулгахгүй байх хэрэгтэй байна” гэлээ