АН-ын дотоод сонгуулийн дүнгээ батлан, тогтоол гаргажээ. Тодруулбал, дотоод сонгуулийн хороо дүнгээ тойрог бүрээр нь гаргасан байна. АН-ын ҮБХ-ны бүрэлдэхүүнд Архангай аймгаас Сангийн сайд асан Б.Болор, Баян-Өлгий аймгаас Зам, тээврийн дэд сайд асан Х.Ержан, Сэлэнгэ аймгаас Цөмийн энергийн дарга асан Н.Тэгшбаяр, Ерөнхий прокурор асан Д.Дорлигжав, УИХ-ын гишүүн асан С.Отгонбаяр нарын 78 гишүүн сонгогджээ.
АН-ын дотоод сонгууль орон даяар болж, 18 аймаг есөн дүүрэгт 1500 нэр дэвшигчид 66000 орчим хүн санал өгсөн байна. Өвөрхангай, Булган аймагт шүлхий гарч, хорио цээрийн дэглэм тогтоосонтой холбоотойгоор санал хураалтыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ. Говь-Алтай аймагт Үндэсний бодлогын хорооны гишүүдийн ротацийн сонгууль болоогүй. Үндэсний бодлогын хорооны сонгуульд 76 тойргийн 126 мандатын төлөө 143 хүн өрсөлдсөн аж.
Тус намын Үндэсний бодлогын хорооноос ҮБХ-ны бүрэлдэхүүнээс Р.Амаржаргал Л.Гантөмөр, Х.Тэмүүжин, Э.Бат-Үүл, Б.Баабар, Д.Ганболд нарын 116 хүнийг хассан. Үүний дараагаар ҮБХ-ны бүрэлдэхүүнийг сонгох дотоод сонгуулийг зохион байгуулсан юм. Намын дотоод сонгуулийн санал хураалтын үеэр зарим тойрогт маргаан дэгдэж, намын гишүүд нь намын шударга бус сонгууль зохион байгуулсан, АН ганц С.Эрдэнийн хувийн комнани болсон хэмээн эсэргүүцлээ илэрхийлж байгаа. Тухайлбал, Баянзүрх дүүргийн сонгуулийн тойрогт санал хураалт цагтаа эхлээгүй, цаашлаад УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн туслах саналын хайрцгийг авч зугтсан хэрэг ч гарсан. Тиймээс тус дүүргийн АН-ын хорооныхон дотоод сонгуулийн санал хураалт явагдаагүй гэж үзэж байгаагаа мэдэгдсэн юм.