АТГ-ын Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Т.Мөнхтунгалагаас шалгагдаж байгаа зарим хэрэг ямар шатанд явж байгаа талаар ярилцлаа.
-АТГ “түрээсийн орон сууцанд амьдарч байгаа жирийн иргэдийг шөнө дөлөөр баривчлан авч явж байцаалт авч байна” гэсэн мэдээлэл гарсан. Энэ хэрэгт УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгэ холбоотой гэсэн өөр нэг мэдээлэл байна. Энэ талаар мэдээлэл өгөөч?
-Барилга, хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгийн хэрэгт холбогдуулан сайдаар ажиллаж байх хугацаандаа өөрийн хамаарал бүхий этгээд болох эгч, дүү, нөхрийнхөө дүү нарыг түрээсийн орон сууцанд оруулсан, бусдад давуу байдал олгосон асуудлыг тогтоох зорилгоор байцаалт, мэдүүлэг авсан. Сошиалаар түрээсийн орон сууцанд амьдарч буй бүх хүнийг дуудаж байцаасан, нялх нойтон хүүхэдтэй гэх мэдээлэл гарсан. Энэ бол нэр бүхий хүмүүсийн зохион байгуулалттайгаар АТГ-ын үйл ажиллагааг саармагжуулах гэсэн оролдлого мөн. Түрээсийн байрны бүх оршин суугчдыг байцаахгүй.
-УИХ-ын гишүүн Д.Гантулгыг АТГ шалгаж байгаа. Энэ талаар мэдээлэл өгөх үү. Хүчингийн хэргийг АТГ шалгаж байгаа юм уу?
-УИХ-ын гишүүн Д.Гантулгад холбогдох хэргийг прокуророос харьяалал тогтоож өгсөн учраас шалгаж байгаа. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. УИХ-ын гишүүн Д.Гантулгаас байцаалт авсан.
-Ерөнхийлөгч Х.Баттулгын нэр холбогдсон төмөр замын хэрэг юу болсон бэ. Энэ хэрэгт холбогдуулан Интерполоор эрэн сурвалжлаад байсан Ганбат нарын хүмүүсийг эрэн сурвалжлахаа больсон гэсэн мэдээлэл гараад байгаа. Энэ үнэн үү?
-Эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа үргэлжлэн явагдаж байгаа. “Самсунг Си Энд Ти” ХХК-ийн захирал Лий Жонг Ёл нарт холбогдох хэрэг нь шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтад буцсаныг удахгүй шүүхэд шилжүүлэх саналаа хүргүүлнэ. Товчхондоо энэ хэрэг шалгагдаж байгаа гэж ойлгож болно.
-УИХ-ын гишүүн О.Баасанхүүг шалгуулахаар АТГ-т хандсан. Энэ асуудал юу болсон бэ?
-УИХ-ын гишүүн О.Баасанхүүг Төрийн ордонд болсон МАХН-ын хуралтай холбоотой асуудлаар нэр бүхий иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаад прокурорт шилжүүлсэн. Прокурорын байгууллагаас хариу авах нь зүйтэй байх.
-БСШУС-ын сайд Ц.Цогзолмааг шалгуулахаар АТГ-т хандсан. Энэ асуудал юу болсон бэ?
-БСШУЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Болормаагаас тус яамны сайд Ц.Цогзолмаа, Төрийн захиргаа, удирдлагын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Мөнхөөлэй нарын ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой гэх гомдол, мэдээллийг ирүүлсэн. Хяналт шалгалт хийх явцад 2017 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдөр шалгуулах асуудлын талаар нэмэлт гомдол, мэдээлэл бичгээр гаргасан. Үүний дараа 2018 оны нэгдүгээр сарын 8-ны өдөр мөн нэмэлт шалгуулах асуудлаар дахин нэмж гомдол гаргасан. Нийт гурван удаа гомдол өгөөд байгаа. Хяналт шалгалтын хүрээнд С.Мөнхөөлэй гэдэг хүний томилгоотой холбоотой асуудал нь хууль тогтоомжид нийцсэн эсэх асуудлыг шалгуулахаар Төрийн албаны зөвлөл рүү албан бичиг хүргүүлсэн байгаа. Албан бичгийн хариу ирээгүй байна. Хянан шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.
-Оффшор бүсэд данс эзэмшиж байгаа хүмүүс дансаа хаасан талаар ямар нэгэн шинэ мэдээлэл АТГ-т ирсэн үү?
-Оффшор бүсэд данс эзэмшиж байгаа харилцааг зохицуулах хуулийг хэрэгжүүлэх чиглэлээр Засгийн газраас хоёр тогтоол батлагдсан. Тогтоолын дагуу хоёр янзын тоолуур гүйж эхэлснийг манай сэтгүүлчид мэдэж байгаа. Эхний тогтоолын дагуу нэр бүхий 34 улс орны оффшор бүсэд хамаарах тоолуур 2018 оны хоёрдугаар сарын 4-ний өдрөөр дуусна. Энэ өдрөөс өмнө оффшор бүсэд данс эзэмшиж байгаа, компани байгуулсан, хөрөнгө байршуулсан иргэд энэ тухай мэдүүлгээ АТГ-т бүртгүүлэх ёстой. Одоогоор шинээр нэмэгдсэн мэдээлэл байхгүй байна. Оффшор бүсэд данстай манай улсын 49 иргэний асуудлыг АТГ шалгаж байгаа.
-АТҮТ-ийн Д.Батбаярын хэрэгт шинэ нотлох баримт олдсон тухай мэдээлэл байна. Гэмт хэрэг үйлдээд шалгагдах явцдаа дахин гэмт хэрэг үйлдсэн гэж ойлгож болох уу?
-Урьд нь шалгагдаж байсан асуудал дээр нэмж өөр шалгах асуудал гарч ирсэн. Энэ хэрэг одоо шалгагдаж байгаа.
-Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалын хэрэг ямар шатандаа байна вэ?
-Цагдаагийн байгууллагатай хамтарсан ажлын хэсэг энэ хэргийг шалгаж байгаа. Гадаадын байгууллагаас хариу хүлээж байна. Хэрэг замхрах вий гэсэн хардлага байгаа боловч тийм зүйл байхгүй, шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.
-ННҮГ-ын Ш.Одончимэг нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн үү? Энэ хэрэг ямар шатандаа байна вэ?
-Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа. Ойрын үед прокурорт шилжүүлнэ.
-Монгол Оросын хамтарсан "Монголросцветмет"-ийн захирал До.Ганболдын хэрэг ямар шатандаа байгаа вэ?
-Хэд хэдэн байгууллагын хамтарсан шинжээчдийн баг ажиллаж байгаа. Шалгах ажиллагаа үргэлжилж байна.
-МХЕГ-ын дарга нартай холбоотой хэрэг ямар шатандаа байна вэ?
-Энэ хэрэг шалгагдаж байгаа. Мөрдөн шалгах ажиллагаа дуусч байгаа. Ойрын үед прокурорт шилжүүлнэ.
-Улаанбаатар төмөр замын дарга Д.Жигжиднямааг шалгаж байгаа нь 1000 вагоны асуудалтай холбоотой юу. Эрүүгийн хэрэг нээчихээд яллагдагчаар татахгүй байна гэсэн мэдээлэл байгаа. Үнэн бол яагаад?
-Д.Жигжиднямаатай холбоотой асуудлуудыг шалгаж байгаа. Яллагдагчаар татах саналаа прокурорт хүргүүлнэ. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.
-Эрчим хүчний сайд асан М.Сономпилд холбогдох хэрэг ямар шатандаа байгаа вэ?
-Шинжээчдийн баг ажиллаж байгаа. Хэргийг ойрын хугацаанд прокурорт шилжүүлнэ.
-Н.Батбаярт холбогдох хэрэг ямар шатандаа байгаа вэ. Мөн Б.Гарамгайбаатарт холбогдох хэргийн талаар мэдээллийг өгөөч. Хөгжлийн банкны Н.Мөнхбатын хэргийг тусгаарлаад шүүхэд шилжүүлсэн гэж байгаа. Бусад үйлдэл нь юу болсон бэ?
-2012-2016 онд зургаан их наяд төгрөгийн гурван багц хэсэг, 527 санхүүжилттэй холбоотой асуудал шалгагдаж байгаа. Үйлдэл тус бүрээр тус тусад нь дугаар авч эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, эхнээс нь хэргүүдийг прокурор, шүүх рүү шилжүүлж байгаа.
-Эрчим хүчний сайд асан Д.Зоригт, газрын дарга асан С.Отгонбаяр нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юу?
-Үндэсний Аудитын газраас “Эрчим хүчний үнэ тарифын зохицуулалт, үр дүн”-д хийсэн гүйцэтгэлийн аудитаар илэрсэн зөрчилд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаа.
-Стандарт, хэмжил зүйн төвийн дарга Г.Гантөмөрт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юу?
-Стандарт хэмжил зүйн газрын дарга нарт холбогдуулан хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаа.
-Энхийг сахиулах ажиллагааны санхүүжилтэд АТГ нарийвчилсан шалгалт хийнэ гэж мэдээлж байсан. Энэ асуудал юу болсон бэ?
-Хяналт шалгалтын ажил хийгдэж байгаа. Энэ бол эрүүгийн хэргээс өөр ойлголт.