Open iToim app
Улс төр | 2 мин уншина

Н.Амарзаяа: ОУВС хүүхдийн мөнгийг 80 хувьд олгох хатуу байр суурьтай байгаа

Н.Амарзаяа: ОУВС хүүхдийн мөнгийг 80 хувьд олгох хатуу байр суурьтай байгаа
Нийтэлсэн 2018 оны 5 сарын 14
УИХ-аас хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгох боломжтой, эсэхийг судлах Ажлын хэсэг байгуулсан. Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Н.Амарзаяагаас хүүхдийн мөнгөний талаар зарим зүйлийг тодрууллаа.
-Хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгох санхүүгийн боломж бий юү?
-Ажлын хэсэг хоёр удаа хуралдсан. Эхний хурлаар Сангийн яамыг дахин ОУВС-тай хэлэлцээр хийх, хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгох боломж нөхцөлийг бүрдүүлэх, Төсвийн байнгын хорооны Төсвийн шинжилгээний албыг хүүхдийн мөнгийг олгох нөхцөл боломжийг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны Халамжийн сангийн бодит боломж эх үүсвэр ямар байгааг судлах үүрэг чиглэлийг өгсөн.  Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт  хоёр дахь хурлаа хийж, эцсийн шийдвэр гаргалаа. Тодруулбал, Сангийн яам болон Төсвийн байнгын хороо ОУВС-тай Ажлын хэсгийн хүсэлтийн дагуу албан ёсоор уулзсан. Ингэхдээ ОУВС-д хүүхдийн мөнгийг 100 хувь олох боломжтой гэдэг Ажлын хэсгийн санал дүгнэлтийг үндэслэн уулзсан юм. ОУВС төсвийн боломж, хүрэлцээнээс шалтгаалж, хүүхдийн мөнгийг 80 хувьд олгох Засгийн газрын шийдвэрт хатуу байр суурьтай байгаагаа илэрхийлсэн. Энэ шийдвэрийг Сангийн яам, Төсвийн байнгын хороо Ажлын хэсгийн хуралдаанд танилцуулсан. Тиймээс Ажлын хэсэг 80 хувьд олгох шийдвэрийг гаргалаа.
-Тэгэхээр хүүхдийн мөнгийг хэзээнээс 80 хувьд нь олгож эхлэх вэ. Энэ асуудлыг дахин УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үү?
-Засгийн газрын өргөн мэдүүлснээр хүүхдүүдийн 80 хувьд хүүхдийн мөнгө олгох шийдвэр гаргаад байна. Үүний зөрүү 20 хувийн 41 тэрбум төгрөгийг Нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригийн багцад байгаа хүүхэд хамгаалал, халамжийн шинж чанартай төсвөөс гаргахаар болсон. Эх үүсвэр нь бий. Харин зориулалтыг нь өөрчлөөд олгох чиглэл гаргасан. Ажлын хэсэг Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хүүхдийн мөнгийг 100 хувь олгох санал дээр үндэслэж, хүүхдийн мөнгийг үе шаттайгаар нэмэгдүүлж олгох, төсвийн тодотгол хийвэл яаралтай 100 хувь олгох асуудлыг УИХ-д удахгүй өргөн барих үүргийг Засгийн газарт өгсөн.
-ОУВС хүүхдийн мөнгийг 80 хувьд олгох байр суурьтай байгаагаа илэрхийлсэн гэлээ. Тэгэхээр Засгийн газар ажлын хэсгийн өгсөн үүргийн дагуу 100 хувьд олгох төслийг өргөн барих боломжгүй юм биш үү?
-Одоогийн байдлаар хүүхдүүдийн 80 хувьд олгоно. Хэрвээ төсөв санхүүгийн байдал боломжтой болж, төсөвт тодотгол хийвэл 100 хувьд олгох боломжтой. Цаад талын хугацаа ирэх оны нэгдүгээр сарын 1-ээс нөхөж олгоно.
-Төсөвт тодотгол хийхгүй хүүхдийн мөнгийг 80 хувьд олгох нь Төсвийн тухай хууль зөрчсөн гэж зарим гишүүн тайлбарлаад байгаа?
-Мэдээж хууль зөрчсөн асуудал болно. Тиймээс Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын багцын хүүхдийн мөнгөнд олгодог зардлын эх үүсвэрт тулгуурлан олгож байгаа. Хагас жилийн гүйцэтгэл гараад, төсвийн тодотгол хийх болбол хүүхдийн мөнгийг 100 хувь олгох боломж бүрдэнэ. Ингэхдээ нөхөж олгоно. 2019 оны нэгдүгээр сараас 100 хувьд олгосон ч өмнөх хугацааны бүх мөнгийг нөхөж олгоно.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн