Open iToim app
Зочин | 13 мин уншина

Этери Тутберидзе: Хэн ч хялбар зам туулдаггүй

Этери Тутберидзе: Хэн ч хялбар зам туулдаггүй
Нийтэлсэн 2022 оны 2 сарын 18
ОХУ-ын уран гулгалтын шигшээ багийн дасгалжуулагч Этери Тутберидзегийн “Бээжин-2022” өвлийн олимпын наадмын өмнө “Россия-1” сувагт өгсөн ярилцлагыг эмхэтгэн хүргэж байна.
Түүний уран гулгалтын тамирчны оргил үе ЗХУ задран унасан 1990-ээд оны эхэн үеийн шилжилтийн үе байсан юм. Тэрээр олимп, дэлхийн аваргаас нэг ч медаль хүртэж байгаагүй. Гэхдээ Юлия Липницкая, Алина Загитова, Евгения Медведева, Алена Косторнайа, Анна Щербакова, Александра Трусова, Камила Валиева тэргүүтэй шавь нар нь сүүлийн гурван олимпын циклд болсон уран гулгалтын бүх том тэмцээний алт, мөнгө, хүрэлийн төлөө үргэлж өөр хоорондоо өрсөлдөж ирсэн билээ. Тутберидзегийн багаас олимпын 4 алт, 2 мөнгө, 1 хүрэл, ДАШТ-ий 5 аварга, Гранпри тэмцээний 5 алт, 2 мөнгө, 1 хүрэл медальтан төрөн гарч, өнөө цагийн уран гулгалтын ертөнцийг хаанчилж байгаа юм. 
-Хөөрхөн нохой байна. Хэн гэдэг юм бэ?
-Мишель. Хэр том болдгийг нь мэдэхгүй л байна. Александра Трусова надад бэлэглэсэн юм. Тэр ийм нохойтой болсон. Би Трусовагаар тоглоод “Чи 5, 6 нохойтой байж дахиад нохойгоор яах юм бэ. Надад өгчих” гэсэн юм. Гэтэл тэр нохойг хөтөлж ирээд “Май энэ таных” гэсэн. Эхэндээ би Трусова надаар тоглож байна гэж бодсон. Гэтэл үнэхээр надад бэлэглэсэн юм билээ. Тэгээд би цаашид Трусоваг цаашлуулж, тоглож болохгүй юм байна гэдгийг ойлгосон.
undefined
-Шавиасаа бэлэг авах танд ямар санагдсан бэ?
-Би угаасаа түүнийг биширдэг.
-Нохой хүнээс илүү үнэнч анд гэдэг. Та юу гэж бодож байна?
-Хайр нохойг эвддэггүй. Нохойг хайрлалаа гээд зан ааш нь эрх болж эвдэрдэггүй. Харин тамирчидтай бол маш болгоомжтой харьцах хэрэгтэй.
-Таныг маш хатуу, өндөр шаардлагатай дасгалжуулагч гэдэг цуу яриа үнэн байж?
-Тийм ээ. Би ширүүн зантай хүн.
-Бас хэлэх гэснээ нүүрэн дээр нь хэлчихдэг их шулуун, шударга хүн гэх юм билээ?
-Би шавь нартаа хатуу ханддаг. Миний тамирчид угаасаа бусдаас зусар үг хангалттай сонсох учир үнэнийг нь хэлэхийг илүүд үздэг. Тэд надаас өөр хүнээс өөрийнх нь талаарх жинхэнэ үнэнийг хэзээ ч сонсож чадахгүй.
-Та өөрөө их хэцүү замыг туулж энд хүрсэн гэж ярьж байсан...
-Тийм. Гэхдээ хэн ч хялбар зам туулдаггүй.
-Таныг ямар хүч энэ өндөрт авчирсан юм бэ?
-Би 4 настай л байсан. Тэгэхэд л өөрийгөө баталж харуулахыг хүссэн. Гүржээс манай хамаатнууд ирээд ширээ тойроод хооллож байлаа. Тэр үед хэн нэгэн нь манай ааваас “Одоо танайх хэдэн хүүхэдтэй вэ" гэж асуусан. Гэтэл аав “Нэг хүүтэй” гэж хариулсан. Би ард нь зогсож байсан болохоор мөрөн дээр нь зөөлөн цохиод “Ааваа, бид нар тавуулаа шүү дээ” гэтэл. “Больж үз. Нэг хүү” гэсэн. Тэгээд би “Ааваа, яагаад” гэтэл. Манай аав “Та нар бол охид. Хүү бол эцгийнхээ овгийг авч, удмаа залгуулдаг юм. Тиймээс охидыг тооцохгүй” гэж хэлсэн. Тэр цагаас хойш би өөрийгөө үргэлж чухал, тооцогдох ёстой нэгэн гэж батлахыг хүсэж ирсэн.
-Та нэг ярилцлагадаа “Миний аав Сочигийн олимпын ялалтыг минь харж чадаагүйд харамсдаг” гэсэн байдаг?
-Тийм. Гэхдээ тэр хааяа бэлтгэл дээр ирж Гүрж хэлээр надад хэрэгтэй бүх зөвлөгөөг өгдөг байсан. Миний аав надад итгэж байсан.
-Таны ээж Сочигийн олимпыг үзсэн. Охиныхоо амжилтын талаар ярилцлага өгч байхдаа нүд нь гэрэлтэж байсан.
-Тэр үргэлж л гэрэлтэж явдаг эмэгтэй байсан. Үнэн шүү.
-Тэр таны талаар ярих үед надад гайхалтай хайр мэдрэгдсэн шүү?
-Тийм ээ. Тэр бүр манай багийнхны цуглуулсан медалийг тоолж, тэмдэглэл хөтөлж, жилийн эцэст надад өгдөг байсан. Өнгөрсөн онд тэд байсан. Энэ онд тэд боллоо. Танайхан ийм түвшинд байна. Ээж маань миний уран гулгалтын карьерт хамгийн их урам зориг өгсөн хүн.
-Ээж тань таныг 5 настай байхад уран гулгалтаар хичээллүүлж, хатуу шаардлага тавьдаг байсан гэж сонссон?
-Тийм ээ. Тэр намайг нэг ч тогтож чадахгүй гэдгийг мэдэж байсан. Гэтэл би үсрэхээс ч айдаг байсан. Буухдаа үргэлж унадаг. Тэгээд бэлтгэлээ дуусгасны дараа хөл дээрээ газардахын тулд бэлддэг байсан.
-Чадахгүй бол ээж чинь загнах уу?  
-Тийм.
-Гэхдээ л түүнд юунаас ч илүү хайртай?
-Мэдээж. Тэр өөрийнхөө биш миний төлөө хатуу шаардлага тавьдаг байсан.
-Та тэр үед юуг буруу хийдэг байснаа одоо олж харсан уу?
-Мэдээж. Тэр надад боломж л гарвал бие халаалт эсвэл ямар нэг дасгал хий гэдэг байсан. Гэтэл би өөрийгөө дайчлахын оронд гүйж байгаад бут руу ороод нуугдчихдаг байлаа. Тэгээд 15 минут амсхийж байгаад гүйгээд очно. Ээж намайг өөрийгөө дайчлаагүйг олж мэдээд их загнадаг байсан.
-Та сайхан сэтгэлтэй, гэрэлтсэн эмэгтэй. Гэхдээ таны талаар хатуу ширүүн, харгис дасгалжуулагч гэх мэт мэдээ уншихаар та ийм дүр төрхийг зориуд бүтээсэн юм шиг санагддаг?
-Нэгд, энэ нь тамирчидтай ажиллахад илүү хялбар байдаг. Хатуужил, хүмүүжил бол бэлтгэл сургуулилтын нэг хэсэг. Надад заримдаа тамирчид өөрийгөө дайчилж чадахгүй, миний шаардлагад хүрэхгүй гэдгийг ойлгоход маш гунигтай байдаг. Тиймээс түүнийг асааж, хор шарыг нь дүрэлзүүлэхийн тулд хааяа нэг уурлах шаардлага гардаг.
Хэрэв би хүчлэхгүй бол тамирчин хэзээ ч амжилт гаргаж, медалийн тавцан дээр зогсож, баяр баясгалан, олны хайр хүндлэлийг хүртэж, төрийн дуугаа эгшиглүүлж чадахгүй. Тийм зүйл огт болохгүй. Өөрөөр хэлбэл, би өөрийн шавиа амжилтад хүргэхийн тулд хүч чадал, эрч хүчээ зарцуулах ёстой.
-Та үнэнийг нь хэлж, хатуу хандсаны төлөө гомдож байсан тамирчид бий юу?
-Гомдоод яваад өгнө. Тийм жишээ зөндөө бий.
Би өсвөр насны охин байхдаа дасгалжуулагчаасаа сүртэй хатуу үг сонсоогүй ч хоолойд нэг тийм гомдол үлдэж байсан мөчийг маш тод санадаг. Тэр үед дасгалжуулагч намайг ойлгохгүй, эсвэл дутуу үнэлж байгаа юм шиг санагдсан. Гэхдээ зүгээр ээ. Тэр бол шилжилтийн насны гормоны өөрчлөлт шүү дээ. Тамирчин дасгалжуулагч хоёрын дунд бүрэн итгэлцэл байх ёстой. Тэгэж байж зорилгодоо хүрч чадна.
-Танай тамирчдад заримдаа өөр багт байх нь илүү дээр юм байна гэж боддогддог байх?
-Угаасаа хүмүүст үргэлж өвс ногоо харагдаж байгаагаас илүү ногоон, тэнгэр илүү цэнхэр, өөр газар бүх зүйл илүү дээр юм шиг санагддаг юм.
-Та багаа орхисон хэн нэгэн буцаж ирэх нүүргүй гэж үздэг үү?
-Сайн сонс. Үгүй. Нэг удаа Полина Шелепен бэлтгэлийн баазаас яваад өгсөн. Учир нь би үдийн хоолны үеэр түүнд котлет идэхийг зөвшөөрөөгүй. Хэрэв тэр багаа орхиогүй байсан бол 2014 онд зодог тайлах бус 2015 онд дэлхийн аварга болох байсан юм.
Хэрэв тамирчин багтаа буцаж ирвэл тэр ямар нэг юм ойлгоод ирсэн гэсэн үг. Би дуртайдаа тамирчдыг хүчилдэггүй. Тамирчин бүр өөр. Харамсалтай нь, заримыг нь хүчлэх шаардлагатай болдог. Ийм ажил эрч хүчийг маш их шавхдаг. Би тамирчдыг хүчлэх бус тэдний ахиж, сайжирч байгаа үр дүнгээс таашаал авдаг. 
undefined
-Багаа орхиод, дараа нь тань руу буцаж ирсэн охид харилцаагаа яаж эхэлдэг вэ. Тэд уучлалт гуйдаг уу?
-Үгүй, би ийм зүйлд дургүй. Яагаад уучлалт гуйх ёстой гэж. Энэ бол доромжлол. Хүн бүр өөрийгөө үнэлэх үнэлэмж, үнэ цэн, доошоо орохгүй байх мэдрэмжээ хадгалахыг хүсдэг. Заримдаа бид эцэг эхээсээ ч уучлалт гуйх шаардлагагүй.    
-Таны тамирчдыг өөрийнхөө багт авахын тулд уруу татдаг өрсөлдөгчид бий. Тэд таны хор шарыг төрүүлдэг үү?
-Тийм ээ. Тиймэрхүү юм байдаг.
-Жишээ нь, Евгений Плющенко юу?
-Тэр үү?
-Мэдэхгүй.
-Би ч гэсэн.
-Би Плющенко сайн тамирчдад болзолт нөхцөл тавьж, багтаа нэгтгэдэг тухай ярьж байна л даа. Оросын уран гулгалтын ертөнцөд ийм зүйлс өөрөө тэмцэл, өрсөлдөөний тэргүүн эгнээнд явж, дасгалжуулагчид багийнхаа дотоод нөөцөө гаргаж, ахиц дэвшил, шилдэг тамирчид тасралтгүй төрөн гарах суурь болдог гэж хардаг юм?
-Үгүй. Угаасаа сайн тамирчныг бүгд багтаа урина. Хэрэв тэд муу бол хэн ч тоохгүй. Дасгалжуулагчид юу хийдэг гээч. Бид уран гулгагчдыг хүчирхэг, ур чадвартай, тэмүүлэлтэй болгохын төлөө л ажилладаг.
-Өөрөөр хэлбэл, илүү хүсэл тэмүүлэл, зорилготой тамирчид илүү үнэлэгддэг гэсэн үг үү?
-Мэдээж. Гэхдээ тамирчин бүр өөр. Бас итгэлцэл, ойлголцлоос хамаарна. Хэрэв итгэлцэл байхгүй, тамирчинд өөр багаас урилга ирлээ гэхэд цаана нь юу бодлогыг мэдэхгүй юм. Үнэнийг хэлэхэд, би хүсэж байсан ч хэзээ ч ямар ч тамирчныг багтаа урьж байгаагүй. Хэдийгээр зарим тамирчныг хараад би түүнд илүү их зүйл зааж өгч, илүү сайжруулж чадна гэдгээ мэддэг ч надад давах ёсгүй шугам, ёс зүй гэж бий. Хэрэв хэн нэгнийг багт урьж авчирвал түүний өмнө хариуцлага хүлээх ёстой болно. Тамирчин манай багт ирснээр илүү сайн үр дүн үзүүлнэ гэх хүлээлтээс сүйрэл эхэлнэ.  
-Гэхдээ бэлтгэгдсэн, туршлагатай уран гулгагчидтай ажиллах нь амар биш үү. Жишээ нь, та Лиза Туктамышеваг багтаа авахыг хүсдэг үү?
-Би түүнийг багтаа урихгүй. Учир нь, тэр надад сонирхолгүй учраас бус харин ёс зүй, дасгалжуулагчийн ёс зүй гэдэг зүйл надад байдаг учраас тэр.
-Сочигийн олимп. Таныг харахаар миний амьдралын хамгийн сайхан мөч эргэн санагддаг. Хэтрүүлж хэлээгүй шүү. Сочигийн олимп миний амьдралын хамгийн аз жаргалтай, гайхалтай дурсамжтай үе. Одоо би тэнд очих болгондоо тэр их сэтгэл хөдлөлийг дахин мэдэрдэг.  
-Яг тийм. Сочигийн олимп үнэхээр сэтгэл хөдлөлөөр дүүрэн дурсамж үлдээсэн.
undefined
-Тэр үед бүх сэтгүүлч Юлия Липницкая, та хоёрын араас гүйдэг байсан. Бүр хаана бэлтгэл хийж байгааг бол гээд хайдаг байлаа.
-Тийм. Бүр хувцас солих өрөө, бэлтгэлийн байранд хүртэл камертай хүмүүс. 
-Нэг талаараа энэ бол үнэхээр гайхалтай. Гэхдээ тэр үед ийм байдал таныг бухимдуулж байсан уу?
-Үгүй. Тэр үед би энэ бүх сэтгүүлчид, үргэлж дагах олон хүмүүс Юлиягийн төвлөрлийг үгүй хийчих вий л гэж санаа зовдог байсан. Харамсалтай нь, ийм зүйл болсон. Багийн тэмцээн, ганцаарчилсан тэмцээний хооронд тэр өөр тамирчин болчихсон. Ямар ч анхаарал төвлөрөлгүй. Би богино үзүүлбэрийн өмнөх зургаан минутын бие халаалт дээрээс л түүнийг чадахгүй юм байна гэдгийг ойлгосон. Тэр төвлөрч халаалтаа хийлгүй, тавиур дээр хуруугаа гүйлгээд шүүгчдийн нүдийг ширтэж байсан. Би тэр үед гайхсан. Гэхдээ л эцсийн эцэст тэр 15-хан настай жоохон охин шүү дээ. Би Юлиягийн ээжээр үнэхээр их бахархаж, хүндэлдэг. Ээж нь л түүнийг олимпын медальд хөтөлсөн. Юлия том болсон хойноо үүнийг ойлгож, ээждээ талархана гэж найдаж байна.
-Тэгэх нас нь болоогүй гэж үү?
-Мэдэхгүй юм. Би зүгээр ухамсартай байгаасай гэж хүсдэг. Евгения Медведева ч гэсэн олимпын мөнгөн медаль бол олимпын медаль гэдгийг ойлгох ёстой. Юлиягийн хувьд хэдий ээжтэйгээ хэцүү харилцаатай байсан ч ээж нь түүнд тэр медалийг авчрахын төлөө бүх амьдралаа зориулсан гэдгийг ойлгоосой гэж хүсч байна. Тэр өөртөө ч анхаарал тавилгүй зөвхөн охиныхоо төлөө явдаг байсан. Зүгээр л охиныхоо амжилтын төлөө бүх амьдралаа хаячихсан.
-Сочигийн олимпод та дасгалжуулагчийн хувиар уран гулгалтын ертөнцөд эргэж ирсэн. Сочигийн олимпийн үеэр шигшээ багийн хамт олон болон бусад дасгалжуулагч нар таныг хэрхэн хүлээж авсан бэ?
-Хүлээж авах юу байна, хар даа, тэнд хэл ам их хурдан тардаг. Хүн бүр намайг шулам гэж боддог. Хэн ч надтай харьцдаггүй. Түүнчлэн би ч гэсэн бусадтай харилцах шаардлагагүй.
-Тав тухтай, амар амгалан байх гэж үү?
-Хэлээд юу гэх вэ.
-Та хоёр олимпод тамирчдаа сойлоо. Энэ хугацаанд амжилтаас гадна багагүй хэл ам байлаа?
-Сочигийн олимпын ганцаарчилсан тэмцээнээс эхэлсэн. Дараа нь Пёнчаны олимпод биднийг түрүүлэхэд тэр асуудал бас дагасан. Бас Евгения Медведевагийн мөнгөн медаль авсныхаа дараа гаргасан үйлдэл. Энэ бүхэн бүгд намайг харлуулсан.
undefined
-Өнгөрсөн цаг хугацааны аль нэгэнд очих боломжтой бол та хаана байхыг хүсэж байна вэ?
-Мэдээж хамгийн түрүүнд эцэг эхийнхээ амьд байсан мөч рүү буцаж очихыг маш их хүсэж байна. Тэдэндээ хэлж чадаагүй талархлаа илэрхийлмээр байна. Бид дэргэдээ байгаа зүйлээ анзаардаггүй. Бид байгаа зүйлсээ үргэлж дэргэд байх, энгийн зүйл гэж хардаг.
-Та бараг бүх тэмцээнээс эх орондоо алт, мөнгө, хүрэл медаль авчирсан. Дасгалжуулагчаас их зүйл шалтгаалдаг нь ойлгомжтой. Гэхдээ тэмцээний өмнө тамирчдынхаа хэнийг нь илүү сойж, түрүүлүүлэх вэ гэж бодох үе байгаагүй гэж үү?
-Үгүй ээ. Миний хувьд манай багийн тамирчид дор бүрнээ өөрийнхөө бүх хүчийг дайчилж, юу чадахаа бүрэн харуулах нь чухал. Тамирчид “Би илүү сайн үсрэх байсан” эсвэл “Би төвлөрч чадсангүй. Бага зэрэг алдлаа гаргачихлаа”, “Хангалттай байж чадсангүй. Хангалттай бэлтгэл хийсэнгүй” гэж харамсахгүйн тулд дээд цэгтээ тултал бүх хүчээ шавхахын үнэ цэнийг мэдрэх ёстой. Пёнчаны олимпод манай охид алт, мөнгийг нь авсан. Тэр үед би хүмүүст хэлж байсан. Залуусаа бид алт, мөнгөн медалийг авлаа. Энэ хүртэл туулсан бүхэн, энэ мөчийн төлөө зарцуулсан хөлс хүч, секунд, минут бүр бидний өөрсдийгөө дээд цэгт нь тултал дайчилсны үр дүн шүү гэж.
-Бээжингийн олимпод та аль шавьдаа илүү итгэл найдвар тавьж байна вэ. Хэн нэгнийг нь бусдаасаа илүү гэж харж байгаа юу?
-Ер нь бол би хэнийг нь онцолж хардаггүй. Тэгэх дургүй. Учир нь нэгийг нь харахаар бүгд сайн байдаг. Би бүх тамирчиддаа итгэж байгаа. Харин өрсөлдөгч бүр надад биднээс илүү хүчтэй харагдаж байгаа нь намайг бухимдуулж байна.
-Үнэхээр үү?
-Тийм.
-Дэлхий даяараа танай охидыг эхний гурван байр гэж харж байна?
-Манай охид бүгд сайн байгаа. Би хэнийг ч онцлохгүй. Нэг нь гулгахдаа, нөгөө нь техникдээ, нөгөөх нь бусад зүйлсдээ арай илүү.
undefined
-Танд хамгийн эрэлттэй дасгалжуулагч болсон мэдрэмж төрж байна уу?
-Үгүй. Өндөр амжилт үзүүлэх тусам биднээс хүлээх хүлээлт улам ихсэж байгааг би маш сайн ойлгож байна. Хүмүүс итгэж, хүлээдэг. Бас энэ бүхэн ямар эмзэг, хэврэг гэдгийг би сайн мэднэ.
-Бусдын атаархал танд хэр мэдрэгддэг вэ?
-Атаархах нь буруу зүйл биш. Би гэсэн хааяа олимп, дэлхийн медальтнуудыг төрүүлсэн бусад дасгалжуулагчийг хараад “Би ч гэсэн ийм байсан ч болоосой” гэж боддог. Атаархал бол байх л зүйл.
-Таны хувьд хүлээн зөвшөөрөгдсөн, мастер дасгалжуулагч байх нь хэр чухал уу?
-Миний хувьд шууд л хүлээн зөвшөөрөгдөж, олонд танигдаагүй. Ийм болох гэж нэлээд хугацааг үдсэн. Би тэр үед ялагчдыг хараад “Би ч гэсэн ийм байх юмсан” гэж боддог байсан. Би “Миний тамирчид ч гэсэн ийм гулгадаг болоосой” гэж атаархаж байсан.
-Атаархал биш, зорилгодоо хүрэхийн төлөөх хор шар гэвэл илүү зохилтой юм уу?
-Би аль болох миний олон тамирчин тэмцээнд оролцоосой гэж боддог.
-Тамирчид маань медалийн тавцанд зогсоосой гэж үү?
-Зөвхөн оролцох биш медалийн төлөө үзэлцэх. Тэр л сайхан.
-Хор шар амжилтын хөдөлгүүр мөн үү?
-Магадгүй л юм. Би заримдаа намайг атаархал, хор шар хурцалдаг гэж боддог.
-Та зарим үед охиддоо ээжээс нь илүү дотно найз нь байдаг гэдгээ мэдэрдэг үү?
-Би Евгения Медведеватай тийм харилцаатай байсан. Бусад охид гомдохгүй байх. Тэр үед түүнд би маш их хэрэгтэй байсан тул түүнийг өсгөж, нүүрээ хэрхэн будах, яаж хувцаслах, биеэ хэрхэн авч явах, хошигнолд хэрхэн хандахыг зааж өгсөн. Гэвч хэзээ нэгэн цагт ээж охин хоёрын дунд зөрчил үүсдэг. Тиймээс үнэнийг хэлэхэд, би охидуудтай хэтэрхий ойр дотно байхаас зайлсхийдэг.
undefined
-Евгения Медведева багаа орхих болсон шийдвэрийг та хэрхэн хүлээж авсан бэ?
-Надад сонголт байгаагүй.
-Та тэр үед аль болох дипломат байхыг хийчээсэн шиг санагддаг. Женя чи бол... гэх мэтээр яг өөрийнхөө бодож байгааг ярьж болоогүй гэж үү?
-Яах гэж. Үнэнийг хэлэхэд би огт гомдоогүй. Тэр ярилцлага өгөхдөө намайг бэлдсэн үзүүлбэрийг нь сольсон гэж ярьсан. Тэгсэн ч гомдоогүй.
-Гэхдээ та тэгсэн биз дээ?
-Худлаа. Тэр Братиславт байхдаа бэлтгэлийн заалнаас гарч, тэшүүрийн хамгаалалтаа зүүгээд "Би энэ үзүүлбэрийг дахиж хийхгүй" гэж хэлсэн. Тэгээд би Даниил Глейхенгауз руу залгаад “Хүссэн бүхнээ, чадах бүхнээ хий. Гэхдээ Женяд шинэ үзүүлбэр бэлд гэж хэлсэн. Гэтэл тэр “Чи чинь ухаангүй байгаа юм уу” гэж асуусан. Бидэнд шинэ үзүүлбэрийг бэлдэж, сурах хангалттай хугацаа олдоогүй. Учир нь Женя өөрөө бэлтгэлээ хийхийн оронд бүхэл зунжин Японоор аялсан. Дараа нь Женя бэлтгэлээ маш ядарсан, сулбагар эхлүүлсэн. Дараа нь жингийн асуудал эхэлсэн. Би түүнийг 10 наснаас нь мэднэ. Тэр угаасаа хоолны дуршил багатай. Тэр жингээ зориуд хянахаа зогсоож, дараа нь дутуу эргэлтүүд гүйцэтгэж, стресс уур бухимдал үүссэн. Ийм нөхцөлд бид чадах бүхнээ л хийсэн.
-Та охидод яаж үсрэлтийн техникийг заадаг юм бэ. Та өөрөө үсрээгүй байж зөв техникээр үсрэхийн тулд яах ёстойг яаж мэддэг юм бэ?
-Миний бодлоор үсрэлт бол биомеханикийн хуулиар ажилладаг. Эхлээд харна. Тэгээд тухайн тамирчин ямар потенциалтай, юу хийж чадахаас шалтгаална. Учир нь энэ бол секундийг хэд хуваасантай тэнцэх агшин юм.
undefined
-Та хэн нэгнийг анхны харцаараа багтаа авч байсан уу?
-Алина Загитова. Сул дорой боловч маш уян хатан, үзэсгэлэнтэй охин байсан. Эхлээд би түүнийг багтаа авсан. Тэгээд багаасаа хөөж ч байсан.
-Яагаад?
-Тэр залхуу болсон. Тэр үед Москвад ээжтэйгээ хамт амьдардаг байсан. Тэгээд би ээжид нь “Алина ажиллахгүй байна. Би түүнд сургах гэж оролдсон. Тиймээс та өөрөө түүнийг хүчил” гэсэн. Гэвч Алинагийн ээж огт оролцоогүй. Дээр нь, тэд Ижевскээс нүүж ирээд Москвад байр түрээсэлж, их мөнгө зарцуулж байсан. Тэгээд л түүнийг хөөхөөр шийдсэн. Гэтэл эмээ нь ирээд Алинад анхаарна гэж амласан. Бид тэдэнд Алина ээжтэйгээ хамт Москвад амьдрахгүй. Олимпын медаль авах хүртэл нь бараг уулзахгүй гэдэг болзол тавьсан. Ээж нь зөвшөөрсөн. Алина эрхлэхээ болж олимпын аварга болсон. Гэтэл ээж нь эргээд ирэхэд Алина тэр даруй ээжийн охин болж, гулгуурын талбайд өдрийн 12 цаг бэлтгэл хийхийг хүсэхээ больсон.
-Нэгэнт олимпын аварга болчихсон юм чинь гэрээгээ хүндэтгэх нь зүйтэй биз дээ?
-Олимпын аварга болсон ч дэлхийн аваргаас медаль аваагүй байсан. Гомдоох гээгүй шүү. Гэхдээ эмээ нь л Алинаг 12 цагийн турш бэлтгэл дээр байлгадаг байсан.
-Этери Тутберидзегийн доор бэлтгэл хийх нь үнэтэй юу?
-Харин ч эсрэгээрээ. Бид тамирчдаа санхүүгийн талаас нь бүх бололцоогоор дэмждэг. Бид тамирчдын байрны түрээсийг нь төлж, тодорхой үр дүн гаргахад нь цалин хүртэл өгдөг. Бид хүүхдүүддээ тэмцээний хувцсыг нь өөрсдөө оёж, тэшүүр болон бусад шаардлагатай хангамжаар тусалдаг.
-Энэ хариулт миний бодлыг бүрэн өөрчиллөө. Учир нь жирийн хүмүүс хүүхдээ ийм супер дасгалжуулагч дээр хичээллүүлэхийг хүсвэл сая сая рубль хэрэгтэй гэж боддог.
-Яах вэ дээ, хөөрхий Алиночкагийн шоу хийж олсон мөнгөөр би бүх пальтогоо худалдаж авдаг. Би гүйж очоод л шинэ пальто авчихдаг. Гэхдээ би тэднийг амжилт, үр дүнд хүрэхээс ч өмнө пальтогоо өмсчихсөн байсан юм шүү.
-Төмөр хатагтай Этери Тутберидзе бол хүн. Тиймээс таны хамгийн хайртай тамирчин хэн бэ?
-Үнэнээ л хэлье. Надад ганц л хайртай тамирчин бий. Тэр бол миний охин Диана. Гэхдээ бусдад нь би өөрөөсөө гарч болох бүхнээ зориулахыг хичээдэг. Тэд надаас юу авч чадах, тэгээд ямар амжилтад хүрэх нь тэдний л асуудал.
undefined
-Тэмцээний үеэр нүдээ аниад нүүр буруулах үе байдаг уу?
-Зөвхөн Диана, Глеб хоёрыг гулгах үед. Учир нь ээж охин хоёрын дунд нэг нэгнээ мэдэрдэг холбоо байгаа юм шиг надад санагддаг.
-Та Дианаг мөсөн дээр ямар нэгэн алдаа гаргахад өршөөдөг үү?
-Үгүй. Би алдаа бүр дээр нь нэг бүрчлэн ярьдаг.
-Тэр танаас тусдаа бэлтгэл хийж байгаа. Танд ямар санагдаж байна?
-Миний санаа зовж, бас түүнийг санаж байна. Би байнга залгадаг. Эсвэл би тэдний бэлтгэлээр зочилдог. Харин тэр “Ээжээ, би дасгалжуулагчтай” гэдэг.

-Өнгөрсөн улирлын хамгийн сэтгэл хөдөлгөм мөч бол Анна Щербаковагийн бүх хүнийг уйлуулсан гайхалтай ялалт байсан. Та ч гэсэн уйлж байгаа харагдсан?
-Түүний бэлтгэл тун хангалтгүй байсан. Аня ковид туссаныхаа дараа маш их ядарсан. Тиймээс түүнд бага зэрэг санаа зовж байсан. Түүний Оросын аварга шалгаруулах тэмцээний ялалт үйл явдлын хувьд үнэхээр гайхалтай. Эхлээд Александра Трусова гайхалтай гулгасан. Би Камила Валиеваг Сашагаас илүү гулгаж чадах эсэхийг мэдэхгүй. Гэтэл Камила төгс гулгаж, Сашагийн дээр гараад ирсэн. Дараа нь Аня гарч ирсэн. Төгс үзүүлбэр гүйцэтгэсэн Камилаг ялахын тулд түүнд ид шид л хэрэгтэй байсан. Гэтэл Анна Щербакова ид шидийг бүтээж чадсан. Тэр мөч үнэхээр их сэтгэл хөдөлгөж, нулимсаа барьж чадаагүй. Яг л дайн шиг. Байгаа бүхнээ өгөөд, байгаа бүхнийг нь авч байгаа мэт.
-Одоо охид амжилтаа хараад түүнийгээ давтахыг хүсэж байна уу. Эсвэл амжилтдаа бардаж алдар хүнд, олны анхаарлын төвд байхыг хүсэж байна уу?
-Хүн бүр алдартай, эрэлт хэрэгцээтэй, үзэсгэлэнтэй, аз жаргалтай, баян байхыг хүсдэг. Гэвч хүн бүр эцэстээ хаа хүрэхээр зорьж байгаа тэр цэгтээ очтол өөрийгөө дайчилж, зольж чаддаггүй. Өөрийгөө хайрлахаас чухал зорилго бий гэдгээ ойлгох ёстой.
-Бээжингийн олимпын зорилго алт, мөнгө, хүрэл үү?
-Тийм.  
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн