Орчин цаг гэдэг жил бүр өөр үс, өөр зүстэйгээр янз донж ургуулан шинээр ирдгийг мэдрүүлэх гэж 20 жилийн өмнө үүдээ нээж байсан “Matrix” салон тэгш ойгоо ёслол төгөлдөр тэмдэглэх байсан энэ өдрүүдэд хаалгаа барьлаа. Дахин төрөх ганган мэдрэмжийг “Matrix”-аас олж, дүр төрхөө даатгасаар ирсэн үйлчлүүлэгчид тэдэнд өөрөөсөө ч илүү итгэдэг байв. Хэрэв тэд хаалгаа бариагүйсэн бол эмнэлгийн ажилтнуудад, цагдаа болон онцгой байдлын албан хаагчдад, төрийн өмчит ерөнхий боловсролын сургуулийн багш нарт зориулсан шинэ картаараа үйлчлэхээр төлөвлөөд байсан юм. Салоны үндсэн үйлчилгээг 50 хувийн хөнгөлөлттэй авах боломжоор бэлэг барих картаараа “Matrix” тэднийг баярлуулж амжаагүйдээ харамсаж байна.
Салон 2001 оны гуравдугаар сарын 1-нд анхны үйлчлүүлэгчдээ СУИС-ийн ойролцоох анхны салбартаа хүлээн авснаар бизнесийн гараагаа эхэлжээ. Гуравхан суудалтайгаар нээж байсан тэр жижигхэн салоны толины өмнө, залуухан үсчдийн хайчин дороос Монголын шинэ одод, урлаг соёлын алдартнууд цаг үеэ байлдан дагуулах стиль имижийг олцгоон олны өмнө гардаг байлаа. “Matrix”-ынхны гар хүрээгүй загварын шоу, концерт, дэлгэцийн бүтээл, сайхан бүсгүй шалгаруулах болон шинэ дүр төрх тодруулах тэмцээнүүд, телевизийн томоохон шоуг нэрлэх гэвэл хэцүү. Харин олныг соронзодсон урлаг соёлын бүх хүн, үйл явдлыг “Matrix” гоёсон гэвэл илүү хялбар агаад нийтэд ойлгомжтой юм. Хүмүүс зурагтаар, мөн тайзнаас харсан оддын гоёлыг “Matrix” хийж байгааг мэдсэн даруйдаа үйлчлүүлэхээр тийш одоцгоож байлаа. “Matrix”-ын найман салбарт 100 гаруй үсчин, гоо сайханч ажиллаж, Монголын тэргүүлэх салонуудын нэг, хүмүүсийн дунд алдартай болоод байсан билээ.
Үсчний газар гэдэг зүгээр л үс засдаг, тайрдаг газар бус, зорин ирсэн л бол хүмүүс эндээс өөрчлөгдөн шинэчлэгдсэн гадаад төрхдөө хангалуун, сэтгэлзүйн хувьд хүчтэй, өөртөө итгэлтэй болж харих ёстой гэсэн дүрмийг “Matrix” салоныхан мөрддөг байв. Орж ирсэн хүн бүрийн онцлогт зохицуулах гэхээсээ бусдаас ялгарч чадах гоо төрхийг шинээр нээж олохын тулд тэд 20 жилийн чин сэтгэл, уйгагүй хөдөлмөрөө зориулж байсных нь төлөө одоо бид тэдэнд талархах учиртай. “Монгол үнэлэмжийг Матриксаас” уриан дор хэрэглэгчдийн сэтгэл ханамж болон үйлчилгээний соёлыг салбартаа түгээн дэлгэрүүлж, манлайлан түүчээлэх эрхэм зорилгодоо тэд үргэлжид үнэнч хандсан. МҮХАҮТ-ын “Үндэсний шилдэг ТОП-100 аж ахуйн нэгж” байгууллагаар удаа дараа шалгарч, Монгол Улсын ахуйн үйлчилгээний салбарт тод гялалзаж байв.
Гэвч дэлхий даяар тархсан халдварт өвчний улмаас, пандемикаас эдийн засагт тулгарсан хүнд байдлаас шалтгаалан “Matrix” ийнхүү хаалгаа барихад хүрлээ.
Хамгийн сүүлийн өгүүлбэрийг дахин нэг уншихыг танаас хүсэж байна. Энэ муухай мэдээ биеллээ олоогүй гэдгийг хэлье. Гэвч дээрх “худал” үнэн болоход тун ойрхон байгааг ойлгоосой хэмээн хүсэж “муу амласныг” минь та өршөөнө биз ээ. Дэлхийн банкны судалгаанд оролцсон Монголын 360 компанийн 27 хувь нь удаан хугацаанд алдагдал хүлээхгүйн тулд энэ онд үүд хаалгаа барьсан байна. Бидний хайртай бизнесүүдэд ч ийм үйл явдал тохиохгүй гэсэн баталгаа үгүй.
Хайртай бизнесүүд маань энэ цаг үеийг давж гарахад та бидний дэмжлэг хамгийн чухал хэрэгтэй байна. Карентины дараа та бүтээгдэхүүн үйлчилгээг нь худалдан авч, бас бусдадаа мэдээлэл түгээн, аль чадахаараа сурталчлаарай гэсэн уриалгыг “Simple” дэх найзууд нь эхлүүлж байна. Бидний зүгээс хайртай бизнесүүдээ дэмжихээр 500 сая хүртэлх уян хатан бизнесийн зээлийг сарын 1.5-2.5 хувийн хүүтэйгээр санал болгож байгаа.