Open iToim app
Нийгэм | 2 мин уншина

Ипотекийн зээл гэр хороолол, ногоон стандарт руу чиглэнэ

Ипотекийн зээл гэр хороолол, ногоон стандарт руу чиглэнэ
Нийтэлсэн 2022 оны 10 сарын 14
Монголын ипотекийн корпораци(МИК)-ийг 2006 онд Монголбанк болон арилжааны банкууд ипотекийн зах зээлийг хөгжүүлэх бодлогоор үүсгэн байгуулсан. МИК дөнгөж байгуулагдаж байсан 2006 онд орон сууцны зах зээл 17.5 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байсан бол 2021 онд 7.1 их наяд хүрчээ. 2006 оноос өмнө ипотекийн зээлийн хугацаа 7.5 жил, хүү нь 16-20 хувь, сард төлөх дундаж хүүгийн төлөлтийн хэмжээ 2.1 сая байв. Харин өнөөдөр ипотекийн зээлийн хугацаа 20-30 жил, хүү нь 6-8 хувь, сард төлөх төлөлтийн хэмжээ 560 мянга байна. МИК үүсгэн байгуулагдсанаас хойш нийт 105 мянга орчим айл ипотекийн зээл авсан аж. Төдийгөөс өдий хүртэлх энэ хугацаанд орон сууц, ипотекийн зах зээл, барилгын салбарын үзүүлэлт ингэж сайжирсанд МИК-ийн оролцоог дурдах нь зүйтэй.
undefined
Иргэд МИК-ийг орон сууцны зээл олгодог байгууллага гэж эндүүрдэг. Тэд ипотекийн зээл олгодоггүй. Арилжааны банкууд л ипотекийн зээлийг олгоно. Харин МИК мөнгөний зах зээлийг хөрөнгийн зах зээлтэй холбох гүүр юм. Илүү тодруулбал, тэд арилжааны банкнуудаас иргэдийн ипотекийн зээлийг багцлан худалдан авч, улмаар үнэт цаасжуулан, бүтцийн санхүүжилт хийдэг.  
Ипотекийн зээлийн эргэн төлөлтийг дахин хойшлуулах эсэхийг судалж байна
Засгийн газар, Монголбанк, Сангийн яам, МИК, арилжааны банкууд хамтран орон сууцны ипотекийн зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр энэ оны арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл хойшлуулсан. Уг шийдвэрт давхардсан тоогоор 183,660 өрх хамрагджээ. Шийдвэртэй холбогдуулан гарах зардлыг МИК-ийн нөөц сангаас санхүүжүүлсэн байна. Нийт 401.7 тэрбум төгрөгийг (бэлэн болон өглөгөөр) иргэдийн өмнөөс төлсөн аж.  
Цаашид уг шийдвэрийг үргэлжлүүлэх эсэхийг УИХ-аас ажлын хэсэг гарган судалж буй юм. Ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах шийдвэрийг үргэлжлүүлбэл сайн, муу аль аль талтай гэж ажлын хэсэг үзэж байна. Шийдвэрийг үргэлжүүлэхгүй, зогсоосноор инфляцын хувь хэмжээ өндөр энэ үед иргэдийн орлого, худалдан авах чадварт муугаар нөлөөлнө. Харин эргэн төлөлтөөр дахин санхүүжилт хийж дараагийн айлууд ипотекийн зээлдээ хамрагддаг тул одоо ипотекийн зээл авахаар хүлээж буй хүмүүс зээлээ авах боломжтой болох сайн талтай. Уг шийдвэр гаргалтад МИК оролцохгүй бөгөөд УИХ-ын түвшинд шийдэх юм.  
Цаашид ипотекийн зээлийн санхүүжилт хаашаа чиглэх вэ
МИК нь орон сууцны санхүүжилтийн экосистемийг бий болгож, Орон сууцны санхүүжилтийн тасралтгүй байдлыг хангах замаар ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой. МИК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантулгын мэдээлснээр цаашид гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслүүдэд анхаарч ажиллах аж. Улаанбаатар хотын нийт иргэдийн 50 гаруй хувь нь гэр хороололд амьдардаг. Гэр хорооллоос үүдсэн утаа, хөрс, агаарын бохирдлын талаар байнга яригддаг. Үүнийг цогцоор шийдэх гарц бол орон сууцжуулах хэмээн тэрээр онцлов.  
Хамгийн гол нь байгальд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй ногоон орон сууц барих эх үүсвэрт нь дэмжлэг үзүүлэх аж. Дэлхийн чиг хандлага ч ийш чиглэж байгаа юм.  
undefined
Үнэний талд
itoim-facebookSaruul_dul-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн