Open iToim app
Зочин | 6 мин уншина

О.Батхүү: Одоо 0.5-1 хувийн шимтгэлийг иргэдэд буцах асуудалд Монголбанк дуугарах ёстой

О.Батхүү: Одоо 0.5-1 хувийн шимтгэлийг иргэдэд буцах асуудалд Монголбанк дуугарах ёстой
Нийтэлсэн 2022 оны 8 сарын 18
Хуульч О.Батхүүтэй арилжааны банкууд шимтгэл авч буй асуудлаар ярилцлаа. Тэрээр арилжааны банкууд зээл олгохдоо иргэдээс зээл судалсны шимтгэл гэж нэг хувь авдаг асуудлыг нийгэмд хүч авахуулж, цаашлаад иргэний энэ төрлийн гомдол дээр өмгөөлөгчөөр ажиллаж, шүүхэд ялсан туршлагатай юм. 
-Банкны шимтгэлтэй холбоотой асуудлыг хөндөж олон нийтэд дуу хоолойгоо хүргэсэн таны ажлын үр дүн гарч байна. Ярилцлагын эхэнд банкууд яагаад шимтгэл авч болохгүй вэ гэх үндэслэлийг тайлбарлая.
-Дэлхий дээрх банкууд зээл олгосны хөлсөнд буюу хариу төлбөрт нь хүү авдаг. Харин манай улсад зээлийн хүү авахаас гадна зээл судалсны шимтгэл нэмж авч байна. Энэ бол дэлхий дээр байхгүй буруу жишиг. Иргэд гарцаагүй байдалд орсон үедээ зээл авдаг учраас үүнийг асуудал болгож, гаргаж ирдэггүй. Мөн хуулийн мэдлэг муу байна.
Шимтгэлийг яагаад авч болохгүй вэ гэвэл, орон сууцны зээл гаргахад иргэд өөрсдөө л материалаа бүрдүүлдэг. Үүнд банк оролцдоггүй. Банк зөвхөн зээл олгох эсэхээ нэг өрөөндөө орж байгаад хуралдаж л шийддэг. 0.5 хувийн шимтгэлтэй цалингийн зээлд бүр ч судлаад байх зүйл байхгүй. Цалин авдаг банкинд тухайн иргэний орлого, зарлагын бүх мэдээлэл бий. Ажлын газраасаа ажиллаж байгаа гэх тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээгээ өгөөд л болно.
Бизнесийн зээл дээр бол арай өөр. Хөдөө орон нутагт, хол газар ажиллагаагаа явуулсан бол хотоос банкны эдийн засагчид очиж зураг хөргийг нь авна, татвар, хуулийн шалгалт хийх үед гарсан зардлаа нэхэмжилж болно. Гэтэл байранд тийм юм байхгүй. Нэг өрөө байрыг 80 саяар авлаа гэж бодъё. Гэтэл банкны эдийн засагч нэгээс нь 1.5 сая нөгөө хүнээс 800 мянган төгрөг авч байгаа юм. Яг л адилхан ороод зургийг нь аваад л болж байгаа. Нэг хувь гэж хатуу тогтоосон зүйл бол шимтгэл биш. Нэмж авч байгаа төлбөр хураамжийг нөхцөлтэй байгаа юм.
-Энэ шимтгэлийг огт авах ёсгүй юу?
-Шимтгэл авч болно. Гэхдээ бодитой байх хэрэгтэй. Өрөөндөө суугаад хэдэн цаас хэвлэчхээд иргэдээс хэдэн саяар нь мөнгө аваад байж болохгүй. Шимтгэл, зардлаа нөхмөөр байвал энгийн иргэдийг шимэгчлэх бус яг бодит зардлаа иргэнээс төлүүлэх хэрэгтэй. Хэвлэсэн цаас, хэрэглэсэн үзэгнийхээ мөнгийг л авах хэрэгтэй. Ер нь бол банк миний зээлийг судалсан зээлийн эдийн засагчийг ажиллуулж, тог цахилгаан, оффисын түрээс төлж байгаа бол хариуд нь хүүгийн орлого иргэнээс авч байгаа. Тэр хүүд зээл судлах шимтгэл орчихсон байгаа. Банк ямар их ашигтай ажиллаж байгаа билээ.
-Бүх банкууд нэг хувийн шимтгэл авна гээд яг ижилхэн тогтоочихсон. Үүнийг та юу гэж харж байна вэ?
-Нэгд, Монголын бүх банкууд орон сууцны зээлд нэг хувийн шимтгэлийг тавьсан байгаа юм. Үүнээс харахад, банкууд хоорондоо үгсэн хуйвалдсан байж болзошгүй дүр зураг харагдаж байна. Хоёрт, гэрээний стандарт нөхцөл гэж бий. Өөрөөр хэлбэл, банкин дээр очиход өөрсдийнхөө хэвлэсэн гэрээг өгдөг. Яг л нэг стандарттай гэрээ бүх банкуудад байгаа учраас иргэнд сонголт байхгүй. Банк өөрийнхөө давуу байдлыг ашиглан иргэдэд хүч түрсэн гэрээ байгуулж болохгүй. Зээл авах гэж байгаа хүн хүлцэнгүй байж, банкны хэлсэн болгоныг хүлээж авна. Монголоос бусад бүх оронд энэ мэт давуу байдлаа ашиглаж хүмүүсийг хохироох нөхцөлтэй гэрээ хийж болохгүй гэсэн заалт бий. Монгол Улсын иргэний хуульд ч бий.

Шимтгэлтэй холбоотой асуудал банк, ББСБ бүгдэд хамаатай

-Банк бус санхүүгийн байгууллага /ББСБ/ болон банкуудын зээлийн үйл ажиллагаа нэг хуулиар зохицуулагддаг. Тэгэхээр энэ асуудал ББСБ-д ч бас хамаатай байх нь ээ?
-ББСБ-ыг хянадаг байгууллага бол Санхүүгийн зохицуулах хороо. Харин банкуудыг Монголбанк хянаж байгаа. Гэхдээ энэ хоёр нэг хуулиар зохицуулагддаг. Энэ асуудал дээр банкууд шимтгэл авах нь буруу гэж дүгнэгдвэл ББСБ-ууд ч шимтгэл авах нь буруу гэдэг дүгнэлт гаргаж байна гэсэн үг.
Шүүхээс буруу гэдэг дүгнэлт гарвал банкуудыг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзнэ. Үндэслэлгүй хөрөнгөжихтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа 10 жил байгаа. Тэгэхээр шийдвэр гарвал 10 жилийн хугацаанд төлж байсан шимтгэлээ иргэд буцаан авах эрх зүйн орчин бүрдэнэ.
-Өнгөрсөн 10 жилийн хугацаанд банк, санхүүгийн байгууллагуудын авч байсан шимтгэлийн нийт хэмжээг та судалж байв уу?
-Надад зөвхөн банкуудаас гарч байсан ипотекийн зээлтэй холбоотой мэдээлэл бий. Нийт 130 мянга гаруй хүнээс 200 орчим тэрбум төгрөг авсан гэх тооцоолол гарсан. Үүнд ББСБ болоод бусад цалингийн зээл зэргүүдийн хураасан шимтгэл багтаагүй.
-Энэ хэрэг Дээд шүүх дээр ялбал өнгөрсөн 10 жилд шимтгэл төлсөн бүх иргэд төлсөн шимтгэлээ буцаан авах хууль эрх зүйн орчин яг бүрдэх үү?
-Энэ их ярвигтай. Би өмнөх хэрэг дээр банк иргэнээс авсан 800 мянган төгрөгийн шимтгэлийг нь авч өгч байсан юм. Дараа нь бусад хүмүүст ч гэсэн авсан шимтгэлээ өг гэж хэлж байсан л даа. Хариуд нь “Бусад хүмүүс шимтгэл авч байгаад гомдохгүй байна шүү дээ” гэсэн. Ийм шийдвэр гараад хууль бус гэдгийг нотолсон байна гэхээр “Тэр хүнтэй нь л холбоотой асуудал, хүн болгоных өөр” гэдэг. Үнэндээ хүн болгоных адилхан. Бүгд адилхан гэрээ зурж, адилхан хуульд захирагдаж байна. Банкууд иргэдэд буцаан төлөөд эхэлбэл алдагдалд орох учраас сайн дураараа лав өгөхгүй байх. Уг нь бол өгөх ёстой. Банк өгөхгүй гэж гүрийсэн байлаа гэхэд Монголбанк ажлаа хийж, шаардлагаа тавих ёстой. Зээл авсан иргэн бүр ажлаа хаяад гурван жил шүүхээр явахгүй шүү дээ.
Улсын Дээд шүүхийн шийдвэр гарсны дараа Монголбанкны ерөнхийлөгчтэй дахин уулзана. Учир нь тэр байгууллага ард иргэдийн мөнгөөр арилжааны банкууд энэ мэт хууль зөрчиж байна уу гэдгийг хянаад суух ёстой. Юу ч болоогүй мэт сууж болохгүй. Энэ ажлаа ямартай ч үр дүнд хүргэнэ гэж зорьж байгаа. Зээлээ төлөөд дуусчихсан хүмүүст дансаар нь өгөөд, төлж дуусгаагүй хүмүүст нэг удаагийн зээлээс нь суутгаж болно.
-Иргэдээс авсан шимтгэлээ буцаагаад төлчихвөл банкууд дампуурчих мэт ойлголт зарим хүнд бий. Ийм зүйл тулгарах эрсдэлтэй юу?
-Байхгүй. Монголын банкны хүү дэлхийд өндөрт ордог. Бизнесийн зээл гэхэд л 15 хувь. Энэ 15 хувиа 10 жилийн хугацаанд банкинд төлнө. Ингээд бодохоор бизнес эрхлэгчээс 150 хувийн хүү авч байгаа юм. Дээрээс нь өнгөрсөн 10 жилийн хугацаанд банк иргэнээс авсан нэг хувийн ашгаа эргэлдүүлээд хэд дахин нугалаад ашиг хийчихсэн байгаа. Үүнд банкны систем доголдох эрсдэл огт үүсэхгүй. Хамгийн гол нь бяртай чадалтайнууд нь монжиж, энгийн иргэд мөлжүүлдэг байдлаа болимоор байгаа юм. Шимтгэлд төлсөн мөнгөөрөө хүн адаглаад л зурагт, буйдан зэргээ авчихна шүү дээ.
-Бидний яриа зөвхөн банкаар хязгаарлагдахгүй гэдгийг уншигчдаа дахин сануулах хэрэгтэй байх?
-Хэрэглэгчийг хохироодог ийм нөхцөл зөвхөн арилжааны банкаар хязгаарлагдахгүй. Гар утасны компани, цахилгаан бараа, кабель, сүлжээ үйлчилгээ гээд гэрээний нөхцөлөө цаанаас шахаж байгаа бүхий л компани орно. Гэрээний нөхцөлийг иргэн зөвшөөрөхгүй байлаа гэхэд өөр хоёр, гурван нөхцөлтэй байж болно.
-Таны хувьд өмнө нь яг энэ төрлийг хэргийг өмгөөлөөд шүүхээр ялж байсан шүү дээ?
-Тийм. Би өмнө нь нэг үйлчлүүлэгчээ төлөөлж гурван шатны шүүхээр яваад ялж байсан. Үүгээр банкуудын шимтгэл авч байгааг хууль бус юм байна гэдгийг тогтоолгосон.
Энэ хүрээнд 2022 он дөрөвдүгээр сард Монголбанкны ерөнхийлөгчид шаардлага хүргүүлсэн. Учир нь Монголбанк бол Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа арилжааны банкуудад хяналт тавихаас гадна үйлчлүүлж байгаа иргэдийн эрх ашиг зөрчигдөж байна уу гэдэгт хяналт тавих үүрэх бүхий төрийн байгууллага. Харамсалтай нь, Монголбанкны ерөнхийлөгч миний шаардлагыг хүлээж аваагүй. Арилжааны банкуудын талд орсон. Тиймээс би дараагийн шатны байгууллага болох ШӨХТГ-т хандсан. Хандах үндэслэл нь зээлдэгчид бол үйлчлүүлэгч. “Банкууд үйлчлүүлэгчдээ шударга бус хандаж байна” гэх үндэслэлээр тавдугаар сард шат ахиулан хандсан. Үүний үр дүнд өнгөрсөн долоо хоногт ШӨХТГ-аас арилжааны банкуудад тайлбар хийхийг шаардсан. Гэвч банкууд зөвшөөрөөгүй. Монголбанкинд л тайлбарлавал тайлбарлана гэж эсэргүүцсэн. Өнгөрсөн долоо хоногт энэ үйлдэлд нь 20 сая төгрөгийн торгууль ногдуулсан. Намайг энэ хэргийг гаргаж ирснээс хойш Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээр шимтгэлтэй холбоотой өөр нэг маргаан орсон. Үүнийг мөн адил хууль зөрчсөн гэдгийг нь тогтоосон. Уг маргаан УДШ рүү шилжсэн. Одоогоор яаж шийдэгдэхийг нь хүлээж байна.
-Ярилцсанд баярлалаа.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн