Гадаад паспортын үйлчилгээг дүүргүүд рүү шилжүүлэхээр болсонтой холбогдуулан Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газраас өнөөдөр мэдээлэл өглөө. Гадаад паспортын 100 айлд байсан үйлчилгээг нийслэлийн 10 нэгж рүү шилжүүлжээ. Ингэснээр иргэдэд чирэгдэлгүй, түргэн шуурхай үйлчилгээ үзүүлнэ гэж тооцсон байна.
Гадаадад зорчих эрхийн бүртгэлийн үйлчилгээний ачааллыг бууруулах, төвлөрлийг сааруулах, төрийн үйлчилгээг шуурхай хүргэх зорилгоор энэ сарын 9-ний өдрөөс эхлэн Баянгол, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул, Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтэс, нийслэлийн үйлчилгээний нэгдсэн дөрвөн төвд гадаад паспортын энгийн, яаралтай үйлчилгээг шилжүүлэхээр болсон байна. Ингэхдээ харьяалал харгалзахгүйгээр нийслэлийн нэг цэгийн дөрвөн төв болон зургаан дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст гадаад паспорт захиалж, авахдаа заавал захиалсан дүүргээсээ биш өөрсдөө дүүргээ сонгох боломжтой юм байна.
Мөн олон улсын стандарт болон монгол иргэд хилээр гарахад асуудал гаргахгүй байх үүднээс гадаад паспортыг сунгахаа больсон хэмээн мэдээллээ.
Иргэд нэг цэгийн үйлчилгээг Драгон, Мишээл, Дүнжингарав, Чингэлтэй дүүргийн зургаан буудал дахь Оргил худалдааны төвөөс авч байгаа бөгөөд эдгээр төвүүдэд гадаад пасспорт захиалах боломжтой.