Open iToim app
Үйл явдал | 3 мин уншина

НҮБ-ын төв талбайд байрлах 'Ухамсар' ган цутгамал баримал оны шилдэг бүтээл боллоо

НҮБ-ын төв талбайд байрлах 'Ухамсар' ган цутгамал баримал оны шилдэг бүтээл боллоо
www.iToim.mn
+ Дагах
Нийтэлсэн 2019 оны 10 сарын 19
БСШУСЯ, СУГ, МУЗГ-аас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг дүрслэх урлагийн салбарын хамгийн чухал арга хэмжээ болох “Оны шилдэг бүтээл-2019” арга хэмжээ өчигдөр боллоо.
Энэ арга хэмжээний үеэр Соёл, урлагийн газрын дарга, МУГЖ  Г.Эрдэнэбат “Урьд жилүүдэд уралдаан оролцож буй бүтээлийг хураан авч, энэхүү үйл ажиллагаанд шууд дэлгэж, шилдгүүдийг тодруулдаг байсан. Харин энэ жилээс тусгай комисс онцлох бүтээлүүдийг буюу 180 бүтээл ирснээс 120 орчмыг сонгож шилдэг таван бүтээлийг тодрууллаа. 2016 оноос Засгийн газраас шилдэг уран бүтээлийг худалдан авах болсон. Өнөөдөр энэхүү үйл ажиллагааг дэмжих удирдах байгууллагуудыг  урьж оролцуулсан нь Засгийн газрын худалдан авдаг бүтээлүүдийн хөрөнгө санхүүг нэмэгдүүлэхэд туслах болов уу гэж бодож байна” гэв.
Үзэсгэлэнд тавигдсан уран зураг, зураасан зураг, уран баримал, монгол зураг, инстоляци, видео арт гэсэн төрлүүдээс тодорсон оны шилдэг таван уран бүтээл:
1.    А.Очирболдын “Ухамсар” ган цутгамал бүтээл
2.    Г.Эрдэнэбилэгийн “Муза” бүтээл
3.    Б.Отгонтүвдэнийн “Авга ах” зотон тосон зураг
4.    Л.Гантөмөрийн “Чонон тууль” баримал
5.    Б.Содномдаржаагийн “Тавган дээрх соёл” бүтээл тодорчээ.
Мөн Монголын уран зургийн галерейн нэрэмжит цомыг уран бүтээлч Б.Энэхүүгийн “Домог” бүтээл шалгарсан бөгөөд тус галлерейд долоон хоног үзэсгэлэн гаргах эрхийн бичиг гардуулав. Харин “Монгол бренд” ХХК-иас Ц.Амгадлангийн “Уртын дуучин Д.Норовбанзадын баримал”-ыг онцлон шагнасан юм.
Дэлхийн шилдэг уран бүтээлчидтэй мөр зэрэгцэн өрсөлдөж, олон жил уран бүтээлээ туурвисаар байгаа уран бүтээлчдийг Соёл урлагийн газраас СТА, Хүндэт жуух бичгээр шагнав.  Тодруулбал, Уран бүтээлч Д.Булгантуяа, Н.Амарсайхан нар Соёлын тэргүүний ажилтан болж, Х.Энхномин хүндэт жуух бичгээр шагнагдав.  
undefined
“Оны шилдэг бүтээл-2019”-ын шилдэг бүтээлээр тодорсон уран бүтээлч А.Очирболдтой цөөн хором ярилцлаа.
-Танд баяр хүргэе. “Ухамсар” хэмээх ган баримлыг хийх болсон шалтгаан юу вэ?
-Бид материаллаг ертөнцөөс олж авах зүйлсээс илүү, дотоод ертөнцөө сонсож, өөрийгөө ойлгож, илүү их зүйлсийг олж аваасай, оюунлаг байгаасай гэдгийг баримлаар төлөөлүүлж бүтээсэн юм.
-Таны бүтээл АНУ-ын Нью-Йорк хот дахь НҮБ-ын төв байрны цэцэрлэгт хүрээлэнд байдаг гэсэн. Өнөөдрийн үзэсгэлэнд тавьсан хэмжээнээс хэр том бэ?
-НҮБ-ын урлаг хариуцсан комиссоос хоёр жил тутамд нэг удаа сонгон шалгаруулалт хийдэг юм билээ. Энэ жил дэлхийн 192 орны бүтээлүүдээс сонгон шалгаруулалт хийж, миний “Ухамсар” бүтээл шалгарсан. Таван метрийн өндөр, гурван метрийн өргөн, 3.40 метрийн урттай бүтээлийг тус газар бүтээсэн байгаа. 
-Хамгийн анх хэзээ хийсэн вэ. Мөн хэр их хугацаа зарцуулав?
-2013 онд хамгийн эхнийхийг хүрэл төмрөөр хийж туршиж үзсэн. Тэгээд 2017 онд гангаар хийж, хүнийг нь нарны гэрэл шууд тусахаар торон мэт хэлбэр хийцтэй болгосон.  Ган болсон шалтгаан нь нарны туяа ган дээр тусаж бөхийж зогссон хүн рүү тусаж, тэрхүү ухамсрыг гэрэлтүүлж байгаа мэтээр харуулдгийг мэдсэн юм. Энэ нь бидний ухамсар, дотоод хүн гэрэлтсэн, сайн хүн байдаг юм шүү гэдгийг харуулахыг хүссэн. Харин хөлний мөр нь “би өөрөө” буюу хувцас өмссөн материаллаг хүн. Тэрхүү материаллаг хүн өөрийн ухамсартай духаа нийлүүлж, зөв амьдрах чиглэл, зөвлөгөөг авдаг. Нэг ёсондоо, материаллаг хүн биет зүйлийн төлөө байдаг бол ухамсар огт тийм биш гэдгийг харуулахыг хүссэн.   
undefined
Гуравдугаар байранд шалгарсан “Авга ах” бүтээлийн эзэн Б.Отгонбилэг “Миний бүтээл энэхүү тэмцээнээр дамжуулж Монгол Улсын сан хөмрөгт орж байгаад, өөрөөрөө бахархаж байна. Би авга ахынхаа бүтээлийг орчин үеийн урлагтай холбон зурсан. Утга санаа нь манай нийгэм өндөр настай, ахмад хүмүүсийнхээ үгийг сонсохгүй, үл ойшоосон байдалтай болчихсон байна. Маш өндөр боловсролтой ахмад үеийнхнийг сошиал медиагаар сольж байна уу даа гэдгийг харуулахыг хүссэн. Энэхүү бүтээл нь гурван цуврал зурагны нэг юм” хэмээн өгүүлэв.
undefined
“Тавган дээрх соёл” бүтээлийг туурвисан Б.Содномдаржаа “Хайруулын тавган дээр арьс татаж зурсан. Хайруулын тавган дээр зурсан учир нь тавган дээр хоёр зураг зурах боломжтой, цаад утга санааг гаргахад дөхөм байсан. Есөн ширхэг хайруулын тавганд уламжлал, шинэчлэл хоёрыг харьцуулсан бүтээл. Энэ бүтээлийг хийсэн учир нь, бид хөгжлийн төлөө юугаа ч хайрлахгүй зүтгэж байна. Гэтэл өв соёл, түүх уламжлал, хүүхэд ахуй насаа хайруулын тавганд хийгээд шарахад бэлэн болчихож, хайруулын тавган дээр  лазар тусгасан нь бидний соёлын өв, нууц байх ёстой үндэсний уламжлалт зүйл, бодлогууд ил гарч, ярагдаж байна гэдгийг харуулсан. Удахгүй гэр бүлийг тань үгүй хийж, хагалж, шарах юм биш биз дээ гэдгийг хүмүүс ухаараасай гэсэн дээ хийсэн. Үүнийг хийхийн тулд нэг жил орчим болсон” гэв.  
4000 гаруй бүтээлтэй Монголын уран зургийн галлерей энэ оноос менежментийн шинэчлэл хийж олон шинэ контентыг санаачлан гаргаж байгаа бөгөөд “Уран зураг хүмүүний сэтгэлд” баримтат киног МҮОНРТ-тэй хамтран бүтээсэн байна. Сонирхуулахад, тус галлерей “Оны шилдэг бүтээл-2019” үзэсгэлэнг энэ сарын 31-нийг дуустал үргэлжлэх бөгөөд  энэ сарын 25-27-ны өдөр “Намрын үдшийн галлерей” хэмээх нэрийн дор өглөө 09.00 цагаас 24.00 цаг хүртэл шөнийн галлерей ажиллах юм.
undefined
undefined
undefined
undefined
undefined
undefined
undefined
undefined
undefined
undefined
Сэтгүүлч: Ц.Дуламсүрэн
www.iToim.mn
+ Дагах
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн